А.Дашням: 3, 4 дүгээр сард их хэмжээний шар усны үер болох эрсдэлтэй
НОБГ-аас дүүргүүдэд шар усны эрсдэлийн үнэлгээг хийхэд эрсдэл их гэсэн дүгнэлт гарчээ. Уг асуудлаар НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням мэдээлэл өглөө.
Тэрээр “Нийслэл хотод жил бүрийн гуравдугаар сард шар усны үерийн эрсдэл үүсдэг. 2023 оны зун 60 жилийн түүхэнд байгаагүй хэмжээний үер болсон. Үүнээс шалтгаалж хөрсний усны түвшин 2-3 дахин нэмэгдсэн. Мөн энэ өвөл өнгөрсөн 50 жилд ороогүй их хэмжээний цас орсон гэх судлаачдын дүгнэлт гарсан. Тиймээс 2024 оны гуравдугаар сард их хэмжээний шар усны үер болох эрсдэл үүсээд байна. НОБГ-аас дүүргүүдэд шар усны эрсдэлийн үнэлгээг хийсэн. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт их, Хан-Уул, Баянгол дүүрэгт бага гэсэн дүгнэлт гарсан. Ерөнхий нийлбэр дүнгээр 3.75 буюу шар усны эрсдэл их гэсэн үнэлгээ гарсан. Тиймээс шар усны үерийн эрсдэлтэй бүс дэх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх мэдэгдлийг хүргүүлж байгаа. Мөн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд чанга яригчаар иргэдэд сэрэмжлүүлэг анхааруулгыг өгч байна. Цаг агаар огцом дулаарвал уулан дээр байгаа тэр их хэмжээний цас хайлж, шар ус айл өрх рүү урсаж орно. Хэчнээн хэмжээний шар ус орохыг тооцоолж хэлэх боломжгүй. Тиймээс иргэд гэр, орон байрандаа ч хувьдаа сэргийлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Одоогийн байдлаар шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 айл байгаагаас 388 айл зөвшөөрөлгүй, 1097 айл газрын гэрчилгээтэй байна” гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс