“Салаа зам дээр дүү зогсож байна”, У.Хүрэлсүх
2020.01.27-нд У.Хүрэлсүх “Салаа зам дээр дүү зогсож байна” хэмээж, Н.Номтойбаяр амны цаасан дээр тэр үгийг нь бичүүлж аваад, хадгалж байжээ. Харин дөрвөн жилийн дараа тэд УИХ-ын сонгуулиар хөшигний ард эв санаагаа нэгтгэсэн тохиролцсон гэгдэх болов. Нөгөө салаа замууд нь нийлчихсэн юм болов уу?
У.Хүрэлсүхэд ялагдсаар, адарсаар ирсэн Н.Номтойбаяр
Н.Номтойбаяр уг амны цаасан бичсэн өгүүлбэрийг сэтгүүлч Б.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ нийтэд харуулж, “Үүнийг ойлгоход цаг хугацаа, үйл өрнөл бол бүгд ойлголтыг дэмжиж өгнө. Салаа зам үргэлжилж байна” хэмээж байжээ.
Мөн тэрбээр “Би ингээд зөв явж байна, чи бол буруу явж байгаа гэсэн утгатай юм. У.Хүрэлсүхтэй учраа олбол энэ бүгд цэгцлэгддэг юм байна. Яршиг ш тээ, юуны төлөө учраа олох юм” гэж адарч байсан удаатай. Тэр адарсан хүн УДШ хүртэл яваад, нэг жилээр яллагдаж, сонгуульд бие даан нэр дэвшихээр бүтгүүлсэн үедээ саатуулагдаж байв.
Н.Номтойбаярын ял авсан байдлыг У.Хүрэлсүхтэй “тохироогүй” гэх нюансаар өөрийнх нь үгээр тайлбарлачхаж болмоор харагддаг. Тийм ч биз, үгүй ч биз.
Ерөөс тэд нэг их таарамжтай замаар ч явж ирээгүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг танхимдаа Шадар сайдаар ажиллаж У.Хүрэлсүх унагахдаа өөрийг нь тагнаж чагнасан гэх кэйсээр пропаганда хийж байв. Бүр тагнаж чагнаж хүнээ Н.Номтойбаяр хэмээн ил, далд нэрлэсэн ч бий. “Муу л бол хойд талын хар овоохой” гэдэг шиг яг шалгагдах процесст Н.Номтойбаяр тагнаж чагнасан гэдэг нь тогтоогдоогүй л гэдэг, үнэндээ.
Дараа нь У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүний суудал авснаасаа хойш “Н.Номтойбаяр та монголын ард түмний баялгийг хамсан 30 гэр бүлийн нэг шүү. Цагаан суваргын ордыг чинь төрд буцаан авна” гэхчлэн ил ярьж байв.
Тийн явсаар, У.Хүрэлсүхийг Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга байхад Н.Номтойбаяр УДШ-ээс нэг жилийн хорих ял өгч байв.
Н.Номтойбаяр яагаад У.Хүрэлсүхэд хэрэгтэй болсон бэ
Тийн салаа замаар явсаар ирсэн хоёр УИХ-ын 2024 оны сонгуулиар эв санаа нэгтэй оролцохоор ярилцсан гэгдэх болов. Тэдний салаа замын уулзвар яагаад нийлэв.
Үе үеийн Ерөнхийлөгчийн нэгэн адилаар У.Хүрэлсүх парламент, Засгийн газар дахь нөлөөллөө ахиу байлгахыг хүсэх болов. Ингэхдээ МАН-ын жагсаалтын дэслэл ба мандатын хуваарилалтад эрх хэмжээгээ хадгалахын зэрэгцээ АН-аас С.Баярцогттой тулж, “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяртай ч яриа хөөрөө үүсгэх болсон гэх.
Гэвчиг шуудхан Н.Номтойбаярт нүүр өгөөд л, ойрын стратеги зурсан уу гэвэл бас логикийн хувьд боломжгүй.
Ерөөс У.Хүрэлсүх Л. Оюун-Эрдэнэтэй яаж санал зөрлөө ч гүн холбоотой хүмүүс. Тийн атлаа “Л.Оюун-Эрдэнийн нэр дэвших тойрогт өрсөлдөнө” хэмээх утга хөөсрүүлж яваа Н.Номтойбаяр шуудхан гар барьчихгүй. Төрийн тэргүүнд Н.Номтойбаярын парламентад авчирч чадах суудлын тоо л чухал буй.
Одоогоор Н.Номтойбаярын тэргүүлэх эвслээс А.Ундрам тэргүүтэй хуучин М.Энхболдын фракцын хэд хэдэн хүн нэр дэвших хувилбар яригдаж байгаа. Түүнд Ц.Мөнх-Оргил, С.Баяр нар ойр зөвлөж буй ч эцсийн мөчид тэд МАН руугаа л эргэхээр ярьж байгаа гэх.
Н.Номтойбаярыг хөшигний ард аль ч талд тал алддаггүй С.Батболд худ ургийн хувиар дэмжих нь ч тодорхой юм. Эмэгтэйчүүдээс л гэхэд Л.Оюун-Эрдэнээс мандат авч чадахгүй бол Д.Оюунхорол хүртэл очихоор яригдаж байна. Энэ мэтээр жагсаавал Н.Номтойбаярын нэр дэвшигчдийн нэлээд хэсгийг МАН-ынхан эзлэхээр. Үүнд У.Хүрэлсүх ч ээлтэй хандах нюанстай.
Сэтгүүлчийн тэмдэглэл: МАК-ийг 30 гэр бүлийн нэгээр нэрлэж, тэдний эзэмшил дэх Цагаан суваргын ордыг төрд авах асуудлыг анхлан хөндөж байсан У.Хүрэлсүх ил байдлаар Н.Номтой баярыг ирэх сонгуульд илтэд дэмжих нь гадна талдаа баахан муухай харагдах юм.
Эргэж уулзахгүй салаа замаар явлаа гэснээ парламентад хэдэн кноп зангидахын төлөө Н.Номтойбаяртай гар барих нь У.Хүрэлсүхийн харизмаг баахан урваач харагдуулах ч талтай. Нөгөө талд байнга ихэрхэж, бусдыг дээрээс харж сурсан Н.Номтойбаяр У.Хүрэлсүхийн дүү болтлоо хэтийдэн буух нь үзэл санааны хувьд ч тиймхэн билээ.
Ямартай ч тэд хоорондоо ийм үг шидэлцэж, маш том өмчлөлийн суудлаар маргаан өрнүүлж байсныг хэрсүү уншигчдадаа зориулан сануулав.
Эх сурвалж: Eguur.mn