ШҮҮХ ХУРАЛДААНЫ НУУЦАД ХАМААРАХГҮЙ ХЭСГИЙГ НЭЭЛТТЭЙ ЯВУУЛНА

0

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянаж байгаа “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2023 оны 3-р сарын 02-нд эхэлсэн ч шүүгдэгчдийн хүсэлтийн дагуу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны 08.30 цаг хүртэл хойшиллоо. Зарим шүүгдэгчид гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа, өөр шүүх хуралдаан давхацсан, хичээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай, өмгөөлөгч сонгон авах хүсэлтэй зэрэг шалтгаанаар хуралдааныг хойшлуулжээ.

Шүүх хуралдаанд 80 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдож байгаа бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу шүүх хуралдааны зарим хэсгийг хаалттай явуулахаар тогтсон. Тодруулбал, шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай горимоор явуулахгүй. Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэхээс бусад үед шүүх хуралдааныг нээлттэй явуулах юм байна.

Мөн дараагийн шүүх хуралдаан хүртэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах үүднээс өмнө нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан 32 шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг нэмж авахаар болов. Үлдсэн бусад 40 шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, 6 шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох болон тодорхой нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох, 1 шүүгдэгчид  албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, 1 шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Эргэн сануулахад, 2021 оны эцэст Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй ангилалд орж, банк дампуурах эрсдэлтэй байв. Банк 2022 оны нэгдүгээр сард 67 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцын үлдэгдэлтэй байсан. Тиймээс 2022 оны нэгдүгээр сард зээлдэгчдийн мэдээллийг ил тод зарлаж, хуулийн хүрээнд зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлснээр тус оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй болж буурсан. Монгол Улсын Хөгжлийн банк нэг жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийн зээл барагдууллаа. Цаашид чанаргүй зээлийн үлдэгдлийг төлж барагдуулснаар хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бондын эргэн төлөлтийг хугацаанд нь хийх зэрэг эдийн засагт чухал ач холбогдолтой тул Монгол Улсын Хөгжлийн банк  холбогдох байгууллагатай бүх талаар хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линк холбоосоор авна уу.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *