Монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ой тохиож байна
ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр монгол хүн сансарт ниссэний 43 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна.
1981 оны гуравдугаар сарын 22-ны 14 цаг 58 минутад сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй Монгол-Зөвлөлтийн хамтарсан баг хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь талбайгаас “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, гуравдугаар сарын 30-ны 19 цаг 42 минутад эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй.
Нисэх багийнхан сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, энэ хугацаандаа дэлхийг 124 удаа тойрчээ.
Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ.
Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн. 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцсан бөгөөд 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсжээ.
Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Тухайн үед Ж.Гүррагчаа ардын армийн ахмад цолтой байжээ.
Монгол хүн сансарт нисэх үйл хэрэг 1976 оноос эхтэй байв. Тухайн үед МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны нууц тогтоолоор С.Жалан-Аажаваар ахлуулсан нислэгт бэлтгэх комисс байгуулж байжээ.
Түүнээс жилийн дараа сансарт нисэх бэлтгэлд Д.Сүрэнхорлоо, М.Ганзориг, Ж.Гүррагчаа, С.Сайнцог нарыг сонгон бэлтгэлд явуулсан юм. Тэднээс М.Ганзориг, Ж.Гүррагчаа нар сонгогдон үлдэж, харин Ж.Гүррагчаа бүх шалгуурт тэнцсэнээр сансарт ниссэн байдаг. Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд бэлтгэгдсэн, ШУА-ийн гишүүн, доктор М.Ганзориг сансар судлалын бүтээлээрээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм.