ЧУУЛГАН: Цэцийн гишүүн хууль зөрчвөл эгүүлэн татдаг, Ерөнхий прокурорын саналаар түдгэлзүүлэн шалгадаг болно

0

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна. Тус хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил энэ сарын 4-нд өргөн мэдүүлсэн билээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Цэцийн гишүүний хараат бус байдал болон цалин хангамжийг нэлээд сайн зааж өгсөн байна. Харин Цэцийн гишүүний үйлдэл эс үйлдэлд шийтгэл оногдуулах заалт байна уу.

Хууль зүйн өндөр мэргэжилтэй иргэн Цэцийн гишүүн байна гэж оруулсан байна. Үндсэн хууль давсан ийм заалт оруулж өгөх нь зөв үү, буруу юу. Үндсэн хуулийн шүүгчдийг ажил мэргэжлийн хувьд хэт нарийвчлан зааж байгаа нь нийгмийн олон талт асуудлыг шийдэхэд учир дутагдалтай байдаг гэж зөвлөдөг.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Цэцийн гишүүний хариуцлагаар бүтэн бүлэг оруулсан. Дөрөвдүгээр бүлгийн 19 дүгээр зүйлд Цэцийн гишүүний баримтлах зарчим хүлээх үүрэг, хязгаарлах зүйл гээд нийт 3 заалттай зохицуулалт байгаа. Одоо хүчин үйлчилж байгаа хуульд гэмт хэрэг үйлдвэл хариуцлага хүлээнэ гэж заасан. Шинэ хуульд хууль зөрчвөл гэж оруулсан. Хууль зөрчвөл эгүүлэн татах боломжтой болж байгаа юм. Мөн одоогийн хуульд Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах асуудлыг нарийн заагаагүй. Хэн асуудал оруулах, хэдэн хоногийн дотор шийдэх, дараа нь ямар дарааллаар асуудал шийдэгдэх вэ гэдгийг нарийн заагаагүй. Харин шинэ хуулиар УИХ-ын гишүүдтэй адилхан Ерөнхий прокурор Цэцийн гишүүнийг түдгэлзүүлэх шаардлага үүслээ, заавал бүрэн эрхийг түдгэлзүүлж байж шалгах шаардлагатай боллоо гэсэн саналаа Цэцийн нийт гишүүдийн хуралдаанд оруулна. Гуравны хоёроороо шийдвэрлэнэ. Эгүүлэн татах асуудал ерөөсөө зохицуулагдаагүй байсан. Үндсэн хуулийн дарга гишүүн хууль зөрчвөл хэрхэн эгүүлэн татах, хэн оруулах гээд бүгдийг нарийвчлан оруулсан.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Хүний эрх чөлөөг хамгаалах тал дээр Цэц шийдвэр гаргахыг нээж өгч байгаа нь зөв. Гэхдээ хүний эрхийн асуудлаар гурван шатны шүүхийн шийдвэр гаргачихаж байгаа. Гэтэл Цэцэд мэргэжлээрээ ажиллаагүй нөхөр шийдвэр гаргаад буцаагаад шүүгчдээ асуудалд оруулах гээд байна. Шүүгч нар асуудал гаргавал Сахилгын хороогоороо дамжуулаад хариуцлага тооцоод явна. Гэтэл Цэцийн гишүүдэд хариуцлага тооцох субъект байхгүй. Хүний эрхийн асуудал дээр өрөөсгөл шийдвэр гаргавал яах юм бэ. Энэ Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзээд байгаа. Тиймээс АН-ын бүлэг завсарлага аваад УИХ-ын Хууль эрх зүйн газраас Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй гэдэг дүгнэлт авсны дараа хэлэлцээд явъя.   

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Улс төрийн өндөр мэргэшил гэж хуульдаа тайлбарлахгүй байсан юм уу гэж асууж байна. Бид нэлээд их ярьсан. Хууль зүйн өндөр мэргэшил, улс төрийн өндөр мэргэшил гээд. Энэ хуулийн төсөл гурван жил яригдаж байгаа учраас бараг 15 төсөл гарсан. Янз бүрээр ярьсан. Хууль зүйн өндөр мэргэшилтэй гэдгийг томилж байгаа УИХ өөрөө тогтоох ёстой. Түүнээс УИХ-ын гишүүнээр, Ерөнхийлөгчөөр ажилласан, МУИС-ийг төгссөн болохоор хууль зүйн өндөр мэргэшилтэй гэж тооцно гэж болохгүй юм билээ. Амьдрал баян.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өндөр мэргэшилтэйг УИХ тодорхойлоод, шалгуураа тавиад явна гэдэг өрөөсгөл. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүх гурвын саналд дандаа ялсан намын даргын саналын дагуу асуудал орж ирж байсан. Хэтэрхий олонх болсон тохиолдолд өндөр мэргэжилтэй гэдэгт гурван субъект тохироод, УИХ-ын гишүүдийг дуугүй болгож байгаад бүгдийг нь томилоод явах боломжтой. Тиймээс энэ асуудлыг гэгээлгээр бодоод хэрэггүй.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Хүчин төгөлдөр байгаа хуульд яг таны ярьж байгаа аюул байгаа учраас энэ хуулийн төслөөр бүгдийг хааж өгч байгаа. Тухайлбал, Дээд шүүхээс нэр дэвшүүлж байгаа хүмүүс Дээд шүүхийн шүүгчид байна. УИХ-аас нэр дэвшихдээ УИХ олонх цөөнх байхгүй бол УИХ-д суудалтай намуудыг хувь тэнцүүлж байгаад ажлын хэсэг гаргаад ажлын хэсгийн гурвын хоёрын саналыг авсан хүмүүсийг УИХ нэр дэвшүүлнэ. Тэгэхээр таны яриад байгаа шиг даргын хүмүүс томилогддог асуудал байхгүй болно.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: МАН-ын урдаа барьдаг хуульч ийм хуулийн төсөл оруулж ирж байгаад би гайхаж байна, эсэргүүцэж байна. Үндсэн хуулийн суурь зарчмуудын эсрэг зүйлүүд оруулж ирж байна. 4.2.3-т Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газар, Дээд шүүхийн шүүгч, Ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц хэлэлцэнэ гэж байна. 4.2.5 дээр иргэний үндсэн эрхийн маргаан гэж оруулж ирсэн байна. Үндсэндээ бусад шүүхүүдийн ажлыг давхардуулж, булааж, ажилгүй болгож байна гэсэн үг. Энэ байж болохгүй.

Иргэний үндсэн эрхийн маргаан гэдэг ямар ч эзэн биегүй байгаад Цэцэд өгөх гээд байгаа юм уу. Шүүхэд байсан ч Цэц рүү шилжүүлж байгаа юм уу. Хэрвээ энэ батлагдвал шүүх дөрвөн шаттай болж, тодорхойгүй байдал үүснэ. Дээд шүүхээс ч ийм тодорхойлолт ирсэн байна. Энэ хуулийн төслийг буцаагаад татах боломж байна уу.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: С.Ганбаатар гишүүн ийм байр суурьтай байгаад маш их харамсаж байна. Та хуулийн үзэл санаа, үндсэн эрхийн маргаан гэдэг зүйлийг ерөөсөө ойлгоогүй юм байна. Үндсэн хуульд үүнийг заасан ч бид яг ийм юм ярьж байгаад 32 жил хэрэгжүүлээгүй.  

Шүүх дээр хүний эрх зөрчигдлөө гэж үзэж байгаа бол түүнийг Цэцээр хянуулах эрхтэй гэж Үндсэн хуульд заачихсан юм. Үүнийг хэрэгжүүлээгүй явсаар ирсэн. Өнгөрсөн 32 жилийн хугацаанд 300 гаруй удаа Дээд шүүх, Ерөнхий шүүгчийн талаар гомдол гаргасан. Гэтэл хуулийн заалт байхгүй учраас Цэц хэлэлцдэггүй.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *