Улаанбаатарын газрыг цөлмөсөн “Мон-Уран”-ын Б.Наранхүүд монголын хууль үйлчилдэггүй
ДУНДГОВЬД “БОСОО” ХЭМЭЭН ӨӨРИЙГӨӨ РЕКЛАМДДАГ Б.НАРАНХҮҮГИЙН ГАЗРЫН НАЙМААЧИН БОЛСОН ТҮҮХ
Газрын ченжээс УИХ-ын гишүүн болтлоо дэвшсэн “Мон-Уран”-ы Б.Наранхүү Дундговьд “босоо” хэмээн өөрийгөө сурталчилж, наадам болгоныг нь машинаар байлж байгаад УИХ-д хоёр удаа сонгогдож байлаа. Тухайн үедээ нутгийнхандаа нэр сайтай байсан нь улсад найман удаа түрүүлсэн алдарт шарга азарганых нь буян. Харин Б.Наранхүүгийн бизнесмен, УИХ-ын гишүүн болсон түүх нь ердөө М.Энхболдтой холбоотой гэх. Тэрбээр 1990 онд МУИС-ийн оюутан болж, 1993 онд гуравдугаар курстээ сургуулиа орхиж, зургаан жилийн дараа буюу 1999 онд “Мон-уран” ХХК-аа байгуулж, 2000 оноос М.Энхболдын газрын наймааны ганц хамтрагч нь болсон байдаг. Тэрбээр сургуулиа орхисноос хойших зургаан жилдээ Хотын дарга Ж.Наранцацралт агсан, М.Энхболд хоёрын дэргэд байсан гэх. Ж.Наранцацралт агсан Хотын дарга байхдаа нутгийн дүү Б.Наранхүүгээ дэргэдээ авч, улмаар М.Энхболдыг 1999 онд Хотын дарга болмогц Б.Наранхүүг хувийн жолооч, хуурай дүү нь болгож дотносуулсан гэдэг. М.Энхболдыг Хотын дарга байхад Б.Наранхүү жолооч нь мушгиж явсан гэдэг. Мөн оюутан байхдаа УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийнд амьдардаг байсан гэх яриа бий. Б.Наранхүү 50 мянган ам.доллар олох зорилготойгоор бизнест хөл тавьсан ч өнөөдөр тэр монголын толгой баячуудын эгнээг эзэлж яваа нь ердөө газрын наймааны эзэн болсонтой нь холбоотой.
Улаанбаатарын газрыг цөлмөж, нийслэлчүүдийн ундны усны нөөц дээр “Дүнжингарав” худалдааны төвийг барьсан, Хүүхдийн паркын газраас хумсалж, иргэдэд ганц гэр барьчих газар олдохгүй байхад орон сууц барих нэрийдлээр хэчнээн га-гаар нь газар эзэмшиж, зарж, борлуулсан гээд түүний газрын наймааны хэрэг дуусахгүй. Түүнийг хэрхэн газрын наймаачин болж, хотод эзэн суусныг Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс баримттайгаар илчилсэн. Тодруулбал, 1999 оноос хойших үе үеийн хотын Засаг дарга нар нийслэлийн газрыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийнхөө хамаарал бүхий этгээдүүдэд болон бусдад хууль бусаар олгосон байж болзошгүй баримтыг цувралаар хүргэсэн билээ. Тэр дундаа Б.Наранхүү Улаанбаатар хотыг хэрхэн цөлмөсөн болохыг, ямар их газар худалдан авч, зарж, борлуулж, байшин, барилга болгосныг товчхон хүргэе.
УИХ-ЫН ГИШҮҮН Р.ГОНЧИГДОРЖИЙНД АМЬДАРЧ, М.ЭНХБОЛДЫН ЖОЛООГ НЬ МУШГИЖ БАЙСАН Б.НАРАНХҮҮ ГАЗРЫН НАЙМААГААР ХӨЛЖИЖ, ТОЛГОЙ БАЯЧУУДЫН ЭГНЭЭГ ЭЗЛЭВ
Б.Наранхүү 2000 онд М.Энхболдоос 50 га газар авч, газрын наймаагаа эхлүүлж байсан гэдэг. Тухайн газартаа үнэтэй хаус, хороолол барьж зарчихаад дахин Ц.Батбаяр, Т.Билэгт нараас 155 га газар авсан байдаг. Мөн 2010 онд тухайн үеийн хотын дарга байсан Г.Мөнхбаяраар захирамж гаргуулж, “Инвекс” ХХК-ийнхаа 155 га газрыг “Дүнжингарав” ХХК-даа шилжүүлсэн байдаг. Ингэснээр 155 га газраа “Дүнжингарав” ХХК-ийнхаа 13 охин компаниар дамжуулан эзэмшдэг. Тухайн газрыг 0.07 га-гаар тооцвол 2225 айлын газар буюу Дүнжингарав захаас Амгалангийн гүүр хүртэл газрыг бүхэлд нь эзэмшдэг байна. Тухайн бүсэд барьж буй сургууль, цэцэрлэг олон жил ашиглалтад орохгүй удаж байгаа нь мөн Б.Наранхүүтэй холбоотой гэх. Тэрбээр өөрийнхөө эзэмшдэг газраар дулааны шугам, сүлжээ татуулахгүй хэмээн томордог учир олон хүүхэд сургууль, цэцэрлэгт явж чаддаггүйд хүрдэг тухай УИХ-ын гишүүд хүртэл ярьдаг.
Мөн Б.Наранхүү хууль, хяналтын хурандаа, генералуудтай үгсэж, “Суруга Монгол”-ын 10 га газарт эзэн суусан. Мөн хүүхдийн паркийн хашаан доторх 10 га газарт эзэн суусан, Өвөр гүнтийн 11.6 га газрын мод, устай нь хашсан гээд Улаанбаатар хотын өнгөтэй өөдтэй, үнэ цэнтэй газар бүхнийг нүхэлж, газрын наймааг цэцэглүүлсэн хүн нь Б.Наранхүү болохыг манай сайтын сурвалжилах баг өмнө нь дэлгэрэнгүй нийтэлж байсан билээ.
ГАЗРЫН НАЙМААНЫ ГОЛ ЭЗЭН Б.НАРАНХҮҮГ МОНГОЛЫН ХУУЛЬ, ХЯНАЛТЫНХАН ДИЙЛЭХ ҮҮ
2000 оноос хойш Улаанбаатарын газраар “тоглож”, өнгөтэй, өөдтэй газруудыг үе үеийн хотын дарга нараар гаргуулж, хууль хяналтын томчуудтай нийлж хэчнээн га-гаар нь газар эзэмшсэн Б.Наранхүүг шалгах цаг ойртож байна. Өнгөрсөн хугацаанд түүнд хууль үйлчилдэггүй байсан гэхэд болно. Харин удахгүй болох газрын наймааны асуудлаар нээлттэй сонсголд дуудагдах эхний хүн нь яах аргагүй Б.Наранхүү болоод байгаа. Түүнээс гадна М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл, Су.Батболд, Ж.Батбаясгалан тэргүүтэй болон үе үеийн газрын албаны дарга нар, Ерөнхий архитектор, Барилга, байгууламж ашиглалтад хүлээж авах улсын комиссын дарга нарыг газрын наймааны гэрчээр дуудах тодорхой. Хэд хэдэн хотын даргаас баруун, солгойгүй газар авчихсан Б.Наранхүү хамгийн түрүүнд дуудагдах нь бүр тодорхой байна. Учир нь, нийслэлийн газрыг хууль бусаар бусдад олгосон гэмт хэргийг үе үеийн хотын дарга нар болон НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгаас эхлэх бол хууль бусаар нийтийн газарт эзэн суусан хэрэг Б.Наранхүүгээс эхлэлтэй.
Эх сурвалж: Ergelt.mn