ТАНИЛЦ: ХААН БАНКНААС ХООЛ ХҮРГЭЛТ ХҮРТЭЛХ БҮХ САЛБАРЫГ ЭЗЭГНЭСЭН Ц.БААТАРСАЙХАНЫ 75 КОМПАНИ
Банкны эзэд л бүх салбарыг эзэгнэдэг, бүх бизнесийг эрхшээдэг, амаргүй цаг үед амьдарч байна, бид. Ерөөс хамгийн том гурван банкны эзэн нь монголын эзэд болчихсон. Худалдаа хөгжлийн банкны эзэн “Сахал” Д.Эрдэнэбилэг “Эрдэнэт үйлдвэр”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой”, “Багануур” гээд төрийн өмчит бүх том үйлдвэр, уурхайнуудад эзэн суучихсан байсныг нь саяхан буцааж авсан. Голомт банкны эзэн Д.Баясгалан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Тавантолгойн нүүрс ачиж буулгах ложистикийн төв, Богдхан төмөр зам гээд төрөөс санхүүжүүлсэн бүх том төслүүдэд эзэн сууж, төлбөрөө нүүрсээр авч, гэрээгээ улсын нууцад оруулчихсан байсныг нь УИХ, Засгийн газраараа хөдөлж байж ил болгосон. Тэгээд болоогүй, удахгүй хэрэгжиж эхлэх Улаанбаатарын метроны төсөлд зөвлөхөөр оролцохоор тендерт нь материалаа хүргүүлчихсэн, “Бөөрөлжүүт”-ийн цахилгаан станцаараа метроны шугамыг цахилгааныг нь хангахаар Хотын захиргаатай тохиролцчихсон явж байгаа.
Харин Хаан банкны эзэн Ц.Баатарсайхан салбар бүрд бизнестэй, бусдад боломжийг булаадгаараа зард гарчихсан. Ерөөс түүнд байхгүй бизнес гэж байхгүй. Хаан банкны эзэн мөртөө мопедоор хоол хүргэнэ, таван одтой зочид буудалтай мөртөө төв вокзал дотор татваргүй архи зарна, зоогийн газар ажиллуулна. Төрийн өмчит уул уурхайн компаниудад хүнд даацын машин техник “шахдаг” мөртөө ууц чанадаг гэлцэх. Тэр байтугай, “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалыг худалдан авч, хятад руу гаргадаг “Ocean partners” компанийн ард байдаг гэх яриа ч гарч байлаа.
Хамгийн олон харилцагчтай банкны эзэн, бэлэн мөнгөтэй гэдгээрээ дулдуйдаж, дугуй засварын газар нээхээс наахнуур салбар бүр рүү үсчиж, хэд гурван ажилчинтай шинэ компаниудын зах зээлийг булаадагт нь нийгмээрээ унтууцдаг. “Монсоник”-ийн Т.Баярхүү нэгэнтээ “Хар хайрцаг” нэвтрүүлэгт оролцохдоо “Ц.Баатарсайханы эхнэр Д.Хулан Худалдаа хөгжлийн банкны дэд захирал байх үеэсээ бусдын бизнесийг булааж гаршсан. Бизнесийн төсөл нь бэлэн, даанч мөнгөгүй залуучууд банкнаас зээл гуйж өчнөөнөөрөө очиж байгаа. Тэр төслүүдээс нь аль ашигтайг нь өөрсдийн бизнес болгодог. Мөнгө нь бэлэн учраас аргагүй шүү дээ” гэж ярьсан удаатай. Х.Баттулга хүртэл “Том банкны эзэн байж тахианы мөч зарахаа болиоч” гэж шүүмжилж байсан гэлцдэг.
Иймд бид “Таван богд”-ын Ц.Баатарсайханы үүсгэн байгуулж, эзэмшиж ирсэн компаниудыг нь тоолж үзлээ. Өнгөрсөн хугацаанд лавтай 75 компани байгуулж, эзэмшиж ирсэн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн санд яарайж байна. Ямар үйл ажиллагаа явуулдгийг нь харвал, нэг компани нь тансаг зэрэглэлийн хотхон барьж байхад нөгөө компани нь живх зарж, өөр нэг компани нь төрийн тендерүүдийг түүж байдаг аж. Ингээд Ц.Баатарсайханы үүсгэн байгуулж, эзэмшиж ирсэн компаниудын жагсаалт болон ямар үйл ажиллагаа явуулдгийг нь танилцуулъя.
Ц.БААТАРСАЙХАНЫ 75 КОМПАНИЙН ЖАГСААЛТ
“Таван богд”-ын Ц.Баатарсайхан, түүний эхнэр Д.Хулан нарын нэр дээр болон “Таванбогд холдингс” ХХК-ийн нэр дээр дараах 75 компани байгуулагджээ. Жагсаавал, “Хаан банк” ХХК, “Таван богд трейд” ХХК, “Таван богд интернэйшнл” ХХК, “Таванбогд холдингс” ХХК, “Мон бийф” ХХК, “Таван богд дистрибьюшн” ХХК, “Таванбогд катеринг энд сервис” ХХК, “Таван богд моторс” ХХК, “Говь” ХХК, “Замайн сервисиз” ХХК, “Жуулчин” ХХК, “Таванбогд билдинг саплай” ХХК, “Таван богд финанс” ББСБ, “Таван богд хаус” ХХК, “Улаанбаатар гурил” ХХК, “Таван богд мон мийт” ХХК, “Таванбогд интернэйшнл” ХХК, “Эйрлинк монголиа” ХХК, “Таван богд тэтгэврийн хуримтлал” ХХК, “Таванбогд резиденс” ХХК, “Таванбогд проперти” ХХК, “Таван богд капитал ҮЦХ” ХХК, “Таванбогд” ХХК, “Улаанбаатар принт” ХХК, “Сэргэлэн резорт” ХХК, “Таванбогд солюшнс” ХХК, “Таванбогд фүүдс” ХХК, “Таванбогд фүүдс пицца” ХХК, “Хаан палас” ХХК, “Бета карс” ХХК, “Утаагүй орчин” ХХК, “Таванбогд смарт электроникс” ХХК, “Таван богд тайер” ХХК, “Ти Би монбийф” ХХК, “Глобал ложистик сервис” ХХК, “Гэрлүг виста сервис” ХХК, “Таванбогд нура” ХХК, “Таванбогд автомотив” ХХК, “Таванбогд моторс” ХХК, “Таванбогд ойл” ХХК, “Ти Би Эм Өү” ХХК, “Жамп старт” ХХК, “Таванбогд хүнс” ХХК, “Таванбогд электроникс” ХХК, “Таванбогд гурил” ХХК, “Си Эн Ти Телестар” ХХК, “Таванбогд хот пот” ХХК, “Праймсофт” ХХК, “Ток Ток” ХХК, “Гоёо” ХХК, “Файв старс ин хархорин” ХХК, “Жуулчин дюти фрий” ХХК, “Бату транс” ХХК, “Дата бэйнк” ХХК, “Тэмүүжин цогцолбор” ХХК, “Жуулчин туризм корпорейшн” ХХК, “Ар И Ди Эженси” ХХК, “Саппорт сервис монголиа” ХХК, “Монгол машин концерн” ХХК, “Фүүд сервис солюшнс” ХХК, “Эвэрэст галактик” ХХК, “Энэвэ стори” ХХК, “Си Ай Эс Эс” ХХК, “Бааз систем” ХХК, “Таванбогд бьюти продактс” ХХК, “Таван богд кубикс” ХХК, “Таванбогд саппорт” ХХК, “Гоёо ноолуур” ХХК, “Гурван сээр” ХХК, “Баялаг хүчтэн” ХХК, “Шаазгайн нуруу” ХХК, “Таван богд Монгол грилл” ХХК, “Наран кредит” ББСБ, “Таванбогд авто маркет” ХХК, “Эй Ти Эи сервис монголи” ХХК гэх 75 компани байна.
БАРИЛГА БАРЬДАГ, БАЛ ЗАРДАГ, ЖИВХ НИЙЛҮҮЛДЭГ, ЖУУЛЧИН АЯЛУУЛДАГ, ХООЛ ХҮРГЭДЭГ, ЗЭЭЛ ОЛГОДОГ, ҮХЭР БАС МОД ҮРЖҮҮЛДЭГ Ц.БААТАРСАЙХАНЫ КОМПАНИУД…
“Хаан банк” ХК- Ц.Баатарсайхан, эхнэр Д.Хулангийн хамтаар 2003 онд “Хаан” банкны 40 хувийг худалдаж авсан. Эхнэр Д.Хулан нь 2000-2003 онд Худалдаа хөгжлийн банкны Дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд 2003 онд ийнхүү “Хаан” банкны эзэд болцгоосон. Одоо “Хаан” банкны 22.7 хувийг Ц.Баатарсайхан, 13.2 хувийг эхнэр Д.Хулан нь эзэмшдэг. “Хаан” банк нь орон даяар 595 салбартай, 2.8 сая харилцагчтай бөгөөд 2023 онд 558.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
“Ток ток” ХХК- Гар утасны аппликейшнаар иргэдээс захиалга авч, хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг. “Ток Ток” гэсэн шар, ногоог бичиглэлтэй хоолны цүнх үүрсэн, унадаг дугуй эсвэл мопед унасан хүргэлтийн ажилтнуудыг хараагүй хүн цөөхөн байх. Тэд бол Ц.Баатарсайханы ажилтнууд гэсэн үг.
“Саппорт сервис монголиа” ХХК- “Оюу толгой” ХХК-тай гэрээлж, уурхайн тосгоны 4000 ажилчны хоол буюу катерингийг хариуцдаг. “Саппорт сервис монголиа” ХХК нь өөрөө “Оюу толгой”-н уурхайн тосгонд 712 ажилчинтай.
“Говь” ХК, “Гоёо” ХХК- Ноолууран хувцас, гутал үйлдвэрлэдэг. “Говь” ХК, “Гоёо” ХХК-ууд нь Хөгжлийн банкнаас 226 тэрбум төгрөгийн зээл авсан нь нээлттэй сонсголоор ил болж, Ц.Баатарсайхан Төрийн ордонд дуудагдаж байсныг санаж буй байх.
“Таван богд проперти” ХХК- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд тансаг зэрэглэлийн, тус бүр нь 23 давхар найман блок орон сууц бүхий “Gerlug” хотхоныг ашиглалтад оруулаад байгаа.
“Гэрлүг виста сервис” ХХК- “Gerlug” хотхоны айлуудаас сар бүр 70 мянган төгрөг авч, орц болон тоглоомын талбайн цэвэрлэгээг хариуцдаг. Өөрөөр бол, СӨХ-ны үүргийг “Гэрлүг виста сервис” ХХК нь хариуцдаг.
“Таванбогд фүүдс” ХХК- “KFC” сүлжээг ажиллуулдаг. Улаанбаатар хотод 17 салбартай.
“Таванбогд фүүдс пицца” ХХК- “Pizza hut” сүлжээг ажиллуулдаг.
“Таванбогд Вашёкү” ХХК- Япон хоолны “Nagomi” сүлжээ рестораныг ажиллуулдаг.
“Таванбогд хот пот” ХХК- Шөлтэй хоолны “Little sheep” сүлжээ рестораныг ажиллуулдаг.
“Таванбогд интернэйшнл” ХХК- “Mamy Poko” живх, “Олейна” тос зэрэг 20 гаруй төрлийн ахуйн брэндийг оруулж ирж захуудад нийлүүлдэг.
“Хаан палас” ХХК- Зүүн IV замд байрлах “Кемпински хаан палас” зочид буудлыг ажиллуулдаг.
“Таванбогд финанс” ББСБ- Гар утасны “Payon” аппликейшнаар хүүтэй зээл олгодог.
“Мон бийф” ХХК- Төв аймгийн Сэргэлэн суманд үхрийн ферм ажиллуулдаг бөгөөд худалдаан төвүүдэд стейкны мах, ястай, болон цул мах нийлүүлдэг.
“Эйрлинк” ХХК- Олон улсын онгоцны тийз борлуулдаг.
“Таван богд нура” ХХК- Хорт хавдрын “Nura” оношилгооны төвийг ажиллуулдаг.
“Улаанбаатар принт” ХХК- Хичээлийн дэвтэр үйлдвэрлэдэг, мөн японоос үзэг, харандаа, бичгийн цаас оруулж ирж зардаг. Бас бүх төрлийн ном, сэтгүүлийн хэвлэлийн үйлчилгээ үзүүлдэг. “Улаанбаатар принт” ХХК нь бичгийн цаас нийлүүлэх болон хэвлэх үйлчилгээний төрийн 38 тендерт шалгарсан.
“Замайн сервисиз” ХХК- Японы Hitachi компанийн уул уурхайн хүнд даацын техникүүдийг оруулж ирж, уул уурхайн компаниудад нийлүүлдэг. Жишээ нь, “Багануур” ХК-ийн “Нүүрс тээврийн машины сэлбэг”- 950 сая, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн “Экскаваторын сэлбэг”-2.2 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарсан.
“Таванбогд интернэйшнл” ХХК- “Mamy Poko” живх, “Олейна” тос зэрэг 20 гаруй төрлийн ахуйн брэндийг оруулж ирж зах, худалдааны төвүүдэд нийлүүлдэг.
“Таванбогд” ХХК- “Toyota”-ийн жийпнүүдийг оруулж ирж зардаг. Мөн “Таванбогд” ХХК нь автомашин нийлүүлэх төрийн 89 тендер авсан. Жишээ нь, Эрүүл мэндийн яаманд “Түргэн тусламжийн автомашин нийлүүлэх”- 6.3 тэрбум, “Эрдэнэт үйлдвэр”-т “Автомашин нийлүүлэх”- 2.2 тэрбум, “Эрдэнэс тавантолгой” ХК-д “Уурхайн автомашин нийлүүлэх”- 3.7 тэрбум, Төрийн банканд “Мөнгө зөөвөрлөх автомашин нийлүүлэх”- 1.9 тэрбум, Ерөнхий прокурорын газарт “Мөрдөн шалгах ажиллагаанд ашиглах тусгай тээврийн хэрэгсэл нийлүүлэх”- 2.9 тэрбум, Гаалийн ерөнхий газарт “Автомашин нийлүүлэх”- 1.4 тэрбум, “Тавантолгой төмөр зам” ХХК-д “Жийп автомашин нийлүүлэх”- 1.9 тэрбум гэх мэтээр том тендерүүдийг сорчлон түүдэг.
“Таванбогд солюшнс” ХХК- Хяналтын камер, компьютер оруулж ирдэг. Хяналтын камер нийлүүлэх төрийн 18 тендерт шалгарсан. Жишээ нь, “Эрдэнэт үйлдвэр”-т хяналтын камер нийлүүлэх 413 сая төгрөг, СХД-т хяналтын камер нийлүүлэх 221 сая төгрөг гэх мэтээр шалгарсан.
“Таванбогд моторс” ХХК- Хятадын Geely маркийн жийпнүүдийг оруулж ирж зардаг. Мөн автомашины дугуй нийлүүлэх төрийн таван тендерт шалгарсан.
“Жуулчин” ХХК- Вьетнамын Фукок, Японы Токио, Хятадын Бээжин, Туркын Анталия , Солонгосын Жэжү рүү жуулчид аялуулдаг.
“Жуулчин дюти фрий” ХК- Монгол-Оросын хилийн шалган нэвтрүүлэх цогцолбор болон “УБТЗ” ХНН-ын Улаанбаатар төв вокзал дотор цагаан архи, виски, тамхи, гоо сайхны барааны татваргүй барааны дэлгүүр ажиллуулдаг.
“Улаанбаатар гурил” ХХК- Дотоодын гурилын зах зээлийн 30 хувийг дангаараа хангадаг бөгөөд долоон нэр төрлийн гурил үйлдвэрлэдэг.
“Таванбогд билдинг саплай” ХХК- Гэр ахуйн электрон бараа оруулж ирдэг.
“Ар И Ди Эженси” ХХК- Рекламны зураг авалт, сошиал маркетингийн үйлчилгээ үзүүлдэг.
“Таванбогд смарт электроникс” ХХК- “Өргөө” кино театрын эсрэг талд цахилгаан барааны “Smart electronics” худалдааны төвийг ажиллуулдаг.
“Таван богд капитал ҮЦХ” ХХК- Үнэт цаасны брокер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
“Таванбогд солюшнс” ХХК- Бүх төрлийн принтер, хяналтын камер оруулж ирдэг. Мөн вебсайт хийдэг.
“Баялаг хүчтэн” ХХК- Налайх дүүрэгт “Их ам” нэртэй амралтын бааз ажиллуулдаг бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай гэрээлж, ахмад настнуудад амралт, сувиллын үйлчилгээ үзүүлдэг.
“Гурван сээр” ХХК- Сэлэнгэ аймгийн Баянгол суманд мод, бутны тарьц, суулгацны үржүүжлэг хийдэг. Мөн хивэг тэжээлийн шар шуувай үйлдвэрлэдэг.
“Шаазгайтын нуруу” ХХК- Тэрэлжид “Байтаг богд” нэртэй амралтын бааз ажиллуулдаг.
“Бату транс” ХХК- Энэ компани хуурай замын ачаа тээврийн үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Гэхдээ энэ компанийн ард ноцтой асуудал бий. Тодруулбал, Ц.Баатарсайхан Байгаль орчны сайд асан И.Эрдэнэбаатарын хүү Э.Батзаяа, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Мэдрээгийн эхнэр Ц.Отгонзаяа нартай хамтран Бату транс” ХХК-ийг эзэмшдэг. Гэтэл Э.Батзаяа нь аав И.Эрдэнэбаатарынхаа Байгаль орчны сайд байх үед авсан Зайсангийн амны газар дээрээ “Бату констракшн” ХХК-аараа Ц.Баатарсайханы төрсөн дүү Ц.Отгонбаатарын “Глобал бридж констракшн” ХХК-тай хамтран “Global residence” хотхоныг барьсан. Ноцтой нь, “Global residence” хотхоныг баригдах үед 4.0 сая еврогийн хөрөнгө оруулсан германчууд мөнгөө авч чадахаа больж, асуудал нь Олон улсын арбитрын шүүх дээр очоод байгаа гэх.
“Би Жи Пит” ХХК- Энэ компанийг Ц.Баатарсайхан Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулгатай -ийг хамтран эзэмшдэг. Энэ компани үйл ажиллагаа явуулдаггүй гэх боловч Ц.Баатарсайхан Хөгжлийн банкнаас хүссэнээрээ зээл авахын тулд Ч.Хүрэлбаатарт Сангийн сайд байх үеэс нь тал засаж, төрсөн ахтай нь хамтарсан компанитай болж дотноссон гэцгээдэ.
“Таван богд инвест” ХХК- Ц.Баатарсайхан энэ компаниа саяхан Жаргалын Чинзориг гэгчийн нэр дээр шилжүүлсэн. Ноцтой нь, Ж.Чинзориг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын “Милл хаус” ХХК, “Милл хаус трейдинг” ХХК, “Нүүдэл жи” ХХК-уудынх нь Гүйцэтгэх захирлаар ажилладаг нэгэн. Магад, Ц.Баатарсайхан АН, МАН-ын алиных нь ч үед нүүртэй байдгийн нэг шалтгаан нь энэ мэт хамтарсан бизнесийнх нь ач тус биз.