М.Энхболд эхнэртэйгээ нийлж, классик авилгын хэрэг үйлдсэн…
Миеэгомбын Энхболд, түүний эхнэр Жамбалын Туяацэцэг, Санжбэгзийн Төмөр-Очир, Баасанжавын Барамсай нартай холбоотой их хэмжээний авлига, хээл хахуулийн баримт, мэдээллийн талаар “Оном” сангийн ТУЗ-ийн дарга, Шинжлэх ухааны доктор Дашдоржийн Наранбаатар хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэрээ тэрээр: “Манай “Оном” сан эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулхаас гадна бид боловсролын салбарт олон үйл ажиллагаа явуулдаг. Оном сургууль гэж ашгийн бус бүрэн дунд сургууль байдаг. Тус сургууль маань хуучнаар “Хүнсний технологийн коллеж”-ийн байранд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг. 2016 оноос хойш уг байранд сургууль маань үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Анх гэрээ байгуулсан газар нь “Технологийн Дээд сургууль” нэртэй ТББ байсан. Энэ ТББ-ын гол хүн нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн байсан М.Энхболдын эхнэр Ж.Туяацэцэг юм. Гэтэл 2023 оны зунаас нөхцөл байдал өөрөөр эргэсэн.
Ж.Туяацэцэг нь миний хөгшин аавыг маань сүрдүүлэх маягаар мөнгө авсан асуудал гарч ирсэн. Ингээд уг асуудлыг судлаад явтал олон ноцтой асуудлууд гарч ирлээ.
1965 онд байгуулагдсан сургуулийг 2000 онд тухайн үеийн Гэгээрлийн сайд байсан А.Баттөрийн тушаалаар “Хүнсний технологийн коллеж” гэсэн нэртэй болж, 2006 онд М.Энхболдыг ерөнхий сайд байх үед тус сургуулийг хувьчлах шийдвэр гарсан байна. Зарын дагуу ганцхан баг хувьчилж авах санал өгсөн. Тэр нь Б.Барамсай ахлагчтай баг байсан. Менежментийн хувьчлал нэрээр 1,9 тэрбумын орлоготой, өөрийн хөрөнгө нь 1 тэрбум орчим төгрөг байсан байгууллагыг 815 сая төгрөгөөр хувьчилсан байна. Гэтэл хувьчилсныхаа дараа “Хүнсний технологийн коллеж” гэдэг нэрийг нь Ё.Отгонбаяр сайдын тушаалаар 2011 онд өөрчлөөд, нөгөө нөхдүүд нь “Технологийн Дээд сургууль” гэдэг нэр өгчихсөн. Энэ менежментийн багт М.Энхболд, Ж.Туяацэцэг, С.Төмөр-Очир нарын нэр нэг ч байхгүй. Гэтэл 2013 онд “Технологийн дээд сургууль” гэсэн нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага байгуулаад хувьцаа эзэмшигчээр нь Б.Барамсай, Ж.Туяацэцэг, С.Төмөр-Очир нарын нэр орж ирсэн байдаг.
Б.Барамсай нь надтай утсаар холбогдохдоо энэ бүгдийг хүлээн зөвшөөрсөн. Чиний ярьж байгаа зүйл үнэн. С.Төмөр-Очир, М.Энхболд болон түүний эхнэр Ж.Туяацэцэг нар “Хүнсний технологийн коллеж”-ийг хувьчилж авахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн гэж ярьсан. Хувьчилж авсан их сургуулиа байшин байшингаар нь хувааж өгсөн.
Энэ бол ерөөсөө классик авлигын хэрэг. Өнөөдрийн ханшаар 800 сая төгрөг 4 өрөө байрны л үнэ шүү дээ. Гэтэл хувьчилж авсан сургуулийн зөвхөн газрын хэмжээ нь л хэд нугална. Нэмээд маш их хэмжээний эд хөрөнгөтэй байсан.
Одоо тэр байранд очоод үзвэл улсын сургуульд түрээслүүлээд орлого олж байгаа. Улсын өмчийг хулгайлж авчихаад улсад түрээслүүлж байна шүү дээ. Хэвлэлийн бага хурал хийхээсээ өмнө дээрх хүмүүст утсаар мэдэгдсэн. Та бүхэнтэй холбоотой асуудлыг дэлгэх гэж байна гээд хэлсэн. Б.Барамсай нь хүлээн зөвшөөрсөн, С.Төмөр-Очир нь надад огт хамаагүй гэсэн бол М.Энхболд гуай ямар ч хариу өгөөгүй. Ж.Туяацэцэгийн нэр дээр нь эдгээр сургуулийн нэр шилжээгүй ч бид нартай гэрээ байгуулаад 376 сая төгрөгийг түрээс гэж авсан. Энэ мөнгөө буцааж нэхэмжлээд Хан-Уул дүүргийн иргэний шүүхэд хандсан ч нэхэмжлэлээ хүлээж авахгүй зугтсан тул шүүхээс эрэн сурвалжилж эхэлсэн байгаа. Энэ бол улаан цагаан авлигын хэрэг. ” гэв.