М.Очирбат: Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдөл болон сонгон шалгаруулалтаар зэрэг олгох хэрэгтэй

0

“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт энэ сарын 28,29-ний өдрүүдэд болох аж. Энэ хүрээнд Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч М.Очирбаттай ярилцлаа.


-“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалтын зорилго юу вэ. Энэ чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Чуулга уулзалтын хүрээнд үндсэн хуралдаан хэлэлцүүлэг хоёр өдрийн турш үргэлжилнэ. Энд төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийн талаар эхний хэсэгт яригдана. Дараа нь улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлын чанар, үр дүнгийн талаар хэлэлцүүлэг болно. Мөн манай судлаачид, аж ахуйн нэгжийн байгууллагуудын хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг шат дараатайгаар тусгай хэсэгт хуваасан. Анхаарал татаж байгаа зүйл нь сүүлийн жилүүдэд салбарын нөөцийн асуудал яригдаж байгаа. Тиймээс үүнийг сайжруулах арга замын талаар мэргэжилтэн бэлтгэж байгаа сургуулиудын дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Түүнчлэн манай геологичдын хайгуул, аргачлалын технологи, дүн шинжилгээ, лаборатори гэх зэрэг өргөн сэдвүүд ч хөндөгдөх юм.

Үндсэн хуралдааны төгсгөлд ашигт малтмалын ордын хайгуулын чиглэлээр хэлэлцүүлэг хийнэ. Энэ үеэр гурван үндсэн хэлэлцүүлэг, 40 гаруй илтгэл хэлэлцсэний дараа чуулга уулзалтаас зөвлөмж гаргана. Зөвлөмжөө Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт хүргүүлж ажиллана. Мэдээж энэ том чуулга уулзалтын гол зорилго бол гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг геологи хайгуулын салбарт татах, шилдэг туршлага бусад зүйлийг оролцуулдаг. Энэ удаагийн бизнес уулзалтын тусгай хөтөлбөрийг харахад Эрдэм Монгол компанийн төслүүд амжилттай хэрэгжсэн туршлагыг хуваалцана. Бадрах энержи ХХК Зөөвч Овоо ураны ордын төслийнхөө талаар ярина. Мөн Монрек ХХК газрын ховор элементийн төслийн талаар мэдээлэл өгнө. Голомт банк бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн оролцож байгаа талаараа ч ярих юм.

-Чуулга уулзалтаас гадна дагалдаж явагдах арга хэмжээнүүд олон байх нь ээ?

-Тийм. 40 гаруй байгууллага үзэсгэлэнгээ дэлгэж, үйл ажиллагаагаа танилцуулна. Зэрэгцээд ханын илтгэл, фото зураг, дээжний үзэсгэлэн гээд цогц арга хэмжээ үргэлжилнэ. Энэ сарын 30-нд ШУТИС дээр орчин үед шаардлагатай чиглэлүүдээр геологич инженерүүддээ зориулсан гадаад дотоодын өндөр мэрэгжлийн инженер докторууд сургалт явуулна. Энэ сургалтад 300 гаруй геологич хамрагдахаар бүртгүүлсэн нь энэ чуулга уулзалтын гол зорилго салбарынхаа асуудлыг хэлэлцэхээс гадна давхар геологичдынхоо мэдлэг оюуныг тэлэх боломжийг бий болгох юм.

Ер нь манай холбоо гадаад харилцааг маш өргөн цар хүрээнд авч үздэг. Энэ жилийн хувьд таван улстай хамтран ажиллах гэрээ байгуулахаар төлөвлөсөн. Эхнийх нь Филиппин улстай ирэх сарын 15-нд, Киргиз, Казахстантай зургадугаар сард, есдүгээр сард Япон улстай, арваннэгдүгээр сард Франц улсын геологийн албатай хамтран ажиллах гэрээ байгуулна. Оны сүүлээр Австрали улстай хамтран ажиллах гэрээ байгуулах төлөвлөгөөтэй байна. Энэ жилийн хувьд Монгол Улсад үндэсний геологийн алба байгуулагдсаны түүхт 85 жилийн ой тохиож байгаа.

-Гадаад улстай хамтран ажиллаж байна гэлээ. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал манай улсад чухал. Аль улстай ямар чиглэлээр хөрөнгө оруулалт татах боложтой вэ?

-Сүүлийн жилүүдэд АНУ, Англи, Австрали, Япон зэрэг барууны орнууд Монголд орж ирсэн. Гэвч урт нэртэй хууль, олон лиценз цуцласан, гэнэтийн ашгийн татвар гэх мэт асуудлаас үүсч гадаадын хөрөнгө оруулалт гарсан. 2009 онд Оюу толгойн гэрээг байгуулах үеэр буцаж сэргэсэн ч 2012 оноос эрчтэй буурсан. Ер нь дэлхийн чиг хандлага ковидын дараа өндөр эрэлтэт түүхий эд буюу никлиэс эхлээд батарейн литти, үүний хажуугаар нано технологид хэрэглэдэг газрын ховор элементүүдийн эрэлт өсч байгаа. Үүнээс гадна зэс, нүүрс гэх мэт үндсэн ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байна. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын хөрөнгө оруулагчид түрүүчээсээ эргэж байна. Энэ моментыг манай улс алдаж болохгүй. Өөрийнхөө судалгааны ажил дээр харж байхад дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 77 хувь нь зөвхөн Азийн тав зургаан орон дээр байгаа. Эндээс харахад манай улсад маш том боломж байгааг харж болно.

-Геологийн хайгуулын талаар яримаар байна. Ашигт малтмалын хайгуул зогсонги байгаа гэж хэлж болно. Гарц шийдлийн талаар та яриач?

-Уг нь энэ асуудал 2016 онд МАН-ын мөрийн хөтөлбөрт орж дараа нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон. Ингэснээр өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгох хайгуулын тусгай зөвшөөрлийн солбилцлыг баталсан. Дараа нь 2018 онд энэ солбилцлоо дахин шинэчилж баталсан байдаг. Энэ хүрээнд сар бүр 25 талбайд сонгон шалгаруулалт зарлаж байна. Гэхдээ хурд нь гүйцэхгүй байна. Оюу толгойн орд 2001 оны үед албан ёсоор нээгдсэн.

Тэгэхэд өнгөрсөн жил 2023 онд далд уурхайн бүтээн байгуулалт явагдаж эхний олборлолтоо хийж эхэллээ шүү дээ. Эндээс харахад 20 жил болсон гэсэн үг. Тэгэхээр геологи хайгуулын салбар бол уул уурхайн олборлолтоосоо дор хаяж 20 жилийн өмнө явж байж эрдэс түүхий эдийн өмнө явна.

-Хурдаа гүйцэхгүй байна гэдэг нь?

-Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох хэрэгтэй. Сонгон шалгаруулалтаар зарлаж байгаа талбай дээр ААН-үүд геологийнхон суурь судалгааны ажлыг үндэслээд оролцох эсэхээ шийдвэрлэж байгаа. Нэг сарын хугацаанд материал хүлээж авдаг. 25 талбайд зарлалаа гэхэд 50 гаруй хувьтай л оролцдог. Тэгээд бүгд шалгарч чадахгүй, тоо буурдаг. Уг нь одоогийн хуулиар өргөдлөөр олгох боломжтой. Ер нь газар нутгийн хэмжээгээр харахад ашигт малтмал хайж, олборлох талбай маш бага хувьтай шүү дээ. Нийт тусгай зөвшөөрөл Монгол орны нийт газар нутгийн нэг хоёрхон хувь дээр яригддаг. Цаашдаа ийм байдлаар явж болохгүй.

Эхний шатанд улсын төсвөөр хийж байгаа геологийн суурь судалгааны ажлыг бид нэлээд өргөн хүрээнд хийх ёстой. Тухайлбал, 1:50000 машстабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил бий. Бүх төрлийн сэдэвчилсэн судалгааны ажил байна. Үүнээс гадна шинжлэх ухааны судалгааны ажлууд бий. Үүнийг суурь болгож хийгээд хажуугаар нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийдэг хайгуулын салбараа маш эрчтэй явуулах ёстой. 2011 оны байдлаар 300 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хайгуул хийж байлаа. Тэр үед ам.долларын ханш 1100 төгрөгтэй байв. Харин өнөөдөр бол 50 гаруй тэрбум төгрөгөөр л хэмжигдэж байна. Энэ бол орвонгоороо эргэчихсэн асуудал.

-Хайгуулын салбарыг сэргээх хувилбар юу байж болох вэ?

-Хэд, хэдэн хувилбар байж болно. Эхнийх нь, өргөдлөөр олгож болж байна. Мэдээж суурь судалгааны ажил хийгээд илрэл тогтоогдсон газруудаа сонгон шалгаруулалтаар олгох хэрэгтэй. Дээр нь дархан цаазтай хилийн бүсэд геологийн судалгаа хийх хэрэгтэй гэж хардаг. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал.

Манайх дархан цаазтай нэрийн дор хаячихаад байгаа юм. Гэтэл манай хил залгаж байгаа хөрш орнууд хилийн судалгаагаа түрүүлж хийгээд бүтээн байгуулалт, төмөр зам, хот суурингаа байгуулж байна шүү дээ. Үүнийг холбогдох хуулинд өөрчлөлт оруулж шат дараатайгаар эргэлтэд оруулах ёстой.

Нэг сонирхолтой зүйл гэвэл томоохон хөгжилтэй орнууд ковидын дараа хайгуулын салбартаа маш их хөрөнгө зарж эхлээд байна. Ковид бол хүн төрөлхтнийг нэг сорилтод оруулаад гаргалаа. Тиймээс эрдэс түүхий эд бэлтгэгдээгүй байсан. Уурхайнууд сайн ажиллах боломж бүрдээгүй. Нэгд, үүнийгээ нөхөж байна. Хоёрт, дахин хүн төрөлхтнийг хамарсан асуудал үүсэхэд нөөц бүрдүүлж байна. Үүний тулд хайгуулаа урьдчилж хийж байж ашигт малтмалын нөөцийг олж тогтоож байна. Тиймээс улс орнууд маш хүчтэй өрсөлдөж байна. Монгол Улс хойшоо суух боломжгүй.

Төгсгөлд нь хэлэхэд, геологийн олсон орд газраас бүрдэж байгаа татварын орлогын үр ашгийг хүртдэггүй нэг ч хүн байдаггүй. Гэтэл сүүлийн жилүүдэд геологи хайгуулын ажил хийхээр очиж байгаа мэргэжилтнүүдийг маш их эсэргүүцэж байгаа. Геологи бол Монголын төдийгүй дэлхийд тэргүүлэх мэргэжлийн тоонд ордог. Бид өөрийнхөө сонгосон мэргэжлээр эх орныхоо хөгжлийн төлөө ажилладаг. Нэг талдаа хүнд мэргэжил шүү дээ. Энэ салбар өнөөдөр ч, ирээдүйд ч эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар байна. Тиймээс геологийн шинжлэх ухаандаа, суурь судалгааны ажилдаа, ашигт малтмалын ордын хайгуулдаа хөрөнгө мөнгө зарцуулах хэрэгтэй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *