“Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын нислэг хэвийн явагдаж эхэллээ
“Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын орчимд их хэмжээний цас орж, цасан шуурга үүссэний улмаас нисэх буудлын хөөрч, буух зурвасыг 08:15 цагаас 9:30-ийн хооронд нийт 01:15 цагийн хугацаатай түр хаасан ба энэ хугацаанд Улаанбаатараас Сөүл, Бээжин, Токио чиглэлийн нислэгүүд түр саатаад байсан билээ.
Тодруулбал, Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нисэх буудалруу хүрэх тууш зам (хурдны зам) дээр авто замын ослууд гарч, уг замыг тодорхой хугацаанд хаасан. Мөн “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын эмнэлгийн хэсгийн эмч ажилтнууд болон түргэний машин ослын газарт хүрч үйлчлэн, нийт 10 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, гурван иргэнийг Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлээд байна.Цасан шуурга намдаж, цаг агаар сайжирсан тул 09:45 цагаас эхлэн нислэг хэвийн явагдаж байна.
Нисэх буудалд хүрэх тууш замын хөдөлгөөнийг 10:00 цагаас хэсэгчлэн нээсэн ба Агаарын тээвэрлэгч байгууллагууд болон Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсээс нисэх буудлыг зорин ирж буй зорчигч, үйлчлүүлэгчдийг сонор сэрэмжтэй, болгоомжтой зорчихыг анхааруулан ажиллаж байна.