Б.Солонгоо: Хоёр шинэ талбайд олборлолт явуулж, ашгийн 20-30 хувийг “Антрэ Гоулд” хүртэх асуудлыг ТУЗ-өөр хэлэлцэж байна
“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ хоёр өдрийн өмнө ээлжит бус хуралдаан зарласан ч хойшлуулсан юм. Харин өчигдөр хуралдсан ч шийдвэрт хүрч чадаагүй байна.
Энэ нь “Антрэ гоулд” компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн хоёр талбайг “Оюу толгой” ХХК-ийн эзэмшилд нэмж, улмаар цаашид хайгуул, олборлолтын ажлыг эхлүүлэх эсэх тухай асуудал юм.
ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо үүнийг Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж болох хэмжээнд нухацтай хандах учиртай хэмээн тайлбарлаад буй.
Түүнээс “Антрэ гоулд”-ын асуудлаар тайлбар авлаа.
“Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл шинэ талбайд хамаарснаар дахин хөнгөлөлт үүснэ. Сайтар дүн шинжилгээ хийж, шийдэх шаардлагатай”
-“Антре гоулд” компанийн асуудал “Оюу толгой”-н ТУЗ-ээр хэлэлцэгдэж байна, энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд “Гэрээт талбай” гэсэн тодорхойлолт, хавсралт байдаг. Оюутолгой компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайг тойрсон хоёр тусгай зөвшөөрлийг “Антре Гоулд” компани эзэмшдэг.
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Антре Ресурс” компанийн охин компани юм. Энэ компанид “Рио Тинто” 16.5% эзэмшдэг. Оюутолгой компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд хайгуулын болон хөрөнгө оруулалтын зардлыг Оюутолгой компани гаргаж цаашид тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолтын үйл ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж байна.
“Антре Гоулд” компанийн тусгай зөвшөөрлийг Оюутолгой компанид шилжүүлэн авах, ингэснээр тус компани тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлосон зэсийн баяжмалыг экспортолж борлуулсан орлогоос “Антре Ресурс” компани 20-30% ашиг хүртэх агуулгатай хэлцэлд зөвшөөрөл олгох асуудлыг Оюутолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж байна.
Энэ хэлцэл нь өнгөц харахад ТУЗ-өөр хэлэлцүүлж зөвшөөрөл авдаг, Оюутолгой компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын хүрээнд хийгдэж буй жирийн л нэг хэлцэл мэт харагдаж байвч үр дагавар, агуулгын хувьд анхааралтай судлах асуудал юм.
Учир нь “Антре Гоулд” компанийн тусгай зөвшөөрлийг шилжүүлж авснаар Хөрөнгө оруулалтын гэрээний үйлчлэх хүрээг тус тусгай зөвшөөрөлтэй талбайд хамруулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулалгүйгээр тогтворжуулсан татвар, бусад хөнгөлөлтийн хүрээг өргөтгөх асуудал хөндөгдөж байна гэсэн үг. Энэ асуудалд бид дүн шинжилгээ сайн хийж анхааралтай судлах шаардлагатай.
-Хөрөнгө оруулалтын гэрээнд “Антре Гоулд” компанийн хоёр талбайг ашиглах агуулгаар ер нь хэрхэн туссан байдаг вэ?
-Хөрөнгө оруулалтын гэрээнд “Антре Гоулд” компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой нэг л заалт байдаг. Энэ нь гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх угтвар нөхцөл болох 15.7 дугаар заалт юм. Тухай үед “Антре Гоулд” компанийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбогдох Авенхоу майнз компанийн эрхийг Оюутолгой компанид шилжүүлэх асуудал мөн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох асуудал гэрээ хүчин төгөлдөр болох нэг нөхцөл байсан. Мөн тус гэрээний хавсралтад гэрээт талбайг дүрслэхдээ “Антре Гоулд” компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайг оруулсан байдаг. Оюутолгой компанийн шинээр эзэмших тусгай зөвшөөрөлтэй холбоотой заалтууд байдаг ч их ерөнхий заалтууд байдгийн тэмдэглэх хэрэгтэй.
-“Антре Гоулд” компанийн тодорхой хувийг Рио Тинто хэзээнээс шууд бусаар эзэмшиж эхэлсэн бэ. Талбайг ашиглах тухай яриа үүнээс хэр хугацааны дараа сөхөгдсөн нь мөн сонирхолтой байна?
-2005 оны 5 дугаар сард “Антре Гоулд” компанийн талбайд хүдрийн биет илрүүлж нээсний дараа 2005 оны 6 дугаар сард Рио Тинто шинээр гаргасан хувьцаанаас худалдан авч, хамгийн том хувьцаа эзэмшигч нь болсон байдаг. Туркойс Хилл компани үүнээс ч өмнө буюу 2004 онд Антре Гоулд компанийн хувьцааг авсан байдаг. Антре Гоулд компани 2020 онд хувьцаа шинээр гаргахад мөн Рио Тинто, Туркойс Хилл компаниуд нэмж хувьцаа худалдаж авсан байна. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа Рио Тинтогийн Туркойс Хилл компани дахь хувь эзэмшил 51% болсон бөгөөд одоо 100% эзэмшдэг.
Бид “Антрэ гоулд” компани, түүний тусгай зөвшөөрлийн талбайн талаар мэдээлэл бэлтгэв.
“Антрэ гоулд” нь “Антре” ХХК–ийн нэр дээр “Оюу Толгой” ХХК–ийн 6709А тусгай зөвшөөрлийн талбайг тойрсон Шивээ Толгой (15225А) болон Жавхлант (15226А) гэсэн тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг юм байна.
Тус компани 2003 оноос энэ хоёр талбайд, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж иржээ. Харин 2004 онд “Айвэнхоу Майнз Лимитед” буюу, одоогийнхоор “Оюу толгой” ХХК-тай ашиг хуваах гэрээ байгуулсан.
Улмаар “Антрэ гоулд”-ын 4.6 сая хувьцааг 4.6 сая канад доллараар худалдан авч, 560 м хүртэлх газрын гадарга хүртэлх баялгийн 70 хувь, дооших баялгийн 80 хувийг эзэмшихээр тохирсон байна.
Энэ тохироог одоо “Оюу толгой” ХХК үргэлжлүүлж байгаа гэсэн үг.
Нэгтгэн дүгнэвэл, “Антрэ гоулд”-ын хоёр тусгай зөвшөөрлийн 80 хувийг “Оюу толгой” ХХК эзэмшдэг. Харин “Эрдэнэс оюу толгой” ХХК буюу Монголын Засгийн газар үүний 34 хувийг эзэмшдэг гэж ойлгож болно (ЭОТ ХХК нь ОТ ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг).
Цаашлаад “Оюу толгой” ХХК дээрх татварын маргааны асуудлыг явцыг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоос тодрууллаа.
“Гэрээний англи, монгол хувилбарын зөрүүтэй заалтууд ч маргаан үүсгэдэг“
-Оюутолгой компанитай холбогдох татварын маргаан ямар шатанд явна вэ?
-“Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны татвар ногдуулалт, төлөлтөд хийсэн хяналт шалгалтаар 2018 онд гарсан татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр Оюутолгой ХХК анх маргаан үүсгэсэн.
Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд маргаан үүсвэл Лондонгийн олон улсын арбитрын шүүх шийдвэрлэхээр заасны дагуу маргааныг холбогдох дүрмийн дагуу томилогдсон 3 арбитрч шийдвэрлэнэ. Маргаан үүссэний дараа Оюутолгой ХХК-ийн 2016-2018 оны татвар ногдуулалт, төлөлттэй холбогдуулж хийсэн татварын хяналт шалтгалтаар 650 тэрбум орчим төгрөгийн нөхөн ногдуулалттай акт 2020 онд гарсан бөгөөд энэхүү актыг мөн “Оюутолгой” ХХК хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
2023 оны арванхоёрдугаар сард 2019-2020 оны татвар ногдуулалт, төлөлтөд мөн хяналт шалгалт хийж шинээр 280 тэрбум орчим төгрөгийн нөхөн ногдуулалттай татварын акт гарсан. Оюутолгой ХХК мөн л энэхүү татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргааны үнийн дүн нэмэгдэж байна. Нийт 3 татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа бөгөөд нийт үнийн дүн 1.3 их наяд төгрөг болж байна.
Хэдийгээр татварын маргааны дүн 1.3 их наяд төгрөг ч маргааны агуулга, үр дагавар энэ мөнгөн дүнгээр хэмжигдэхгүй. Цаашдаа энэ төслөөс Монгол Улсад төлөх татварын хэмжээг шийдвэрлэх чухал асуудал юм. “Оюутолгой” ХХК зохих хэмжээний татвар Монгол Улсад төлөх асуудал хөндөгдөж байна гэсэн үг.
-Харин маргаан үүсдэг гол шалтгаан яг юу юм бэ. “Оюу толгой” ХХК-г төлөх ёстой татвараа төлөхгүй байгаа гэж ойлгож болох уу?
-2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээндзаасан “Татварын орчин” гэсэн бүлгийн зарим заалтыг хэрхэн тайлбарлаж, ойлгох вэ гэдэгтэй холбоотойгоор маргаан өрнөсөн. Тус гэрээний англи, монгол хувилбар зөрүүтэй заалтууд мөн маргаан үүсгэдэг.
Ерөнхийдөө “Рио Тинто” компанийн зүгээс 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр байсан татвартай холбоотой Монгол Улсын бүх хууль, тогтоомжийг тогтворжуулсан буюу мөрдлөг болгоно гэж үздэг бол Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээгээр зөвхөн татварын хувь хэмжээг тогтворжуулсан, мөн Дубайн гэрээ татварын хувьд хүчин төгөлдөр бус гэж үздэг.
Учир нь Дубайн гэрээг байгуулахдаа тухайн үед УИХ-тай зөвшилцөөгүй бөгөөд засгийн газрын хуралдаанаар ч хэлэлцээгүй байдаг. Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчиж байгуулсан талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг.
Тухайлбал Монгол Улсын Засгийн газар холбогдох хүчин төгөлдөр хууль тогтоомж, Хөрөнгө орууулалтын гэрээний дагуу “Оюутолгой” ХХК-ийн олборлож, экспортолсон зэсийн баяжмалд агуулагдаж буй бүх ашигт малтмалаас нөөц ашигласны татвар тооцож төлөх ёстой гэсэн байр суурьтай байдаг бол Рио Тинто буюу “Оюутолгой” ХХК-ийн байр суурь зөвхөн алт, мөнгө, зэсэнд нөөц ашигласны татвар төлнө гэдэг.
Дубайн гэрээгээр энэ асуудлыг зохицуулахыг оролдсон байдаг ч бид хүчин төгөлдөр хууль тогтоомжийг мөрдлөг болгох ёстой. Мөн агаарын бохирдлын төлбөр төлөхгүй, “Оюутолгой” ХХК-иас Рио Тинто болон харилцан хамааралтай этгээдүүдэд шилжүүлсэн төлбөрт ногдуулах суутган татварын хэмжээ, төлөхтэй холбоотой асуудлаар маргаан үүссэн. Мөн татварын маргааны томоохон хэсгийг үнэ шилжилтийн асуудал эзэлдэг.
“2013 оноос хойш 14 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олсноос талыг нь “Рио Тинто”-д төлсөн. Мөртлөө хувьцаа эзэмшигчид 12 тэрбумын зээлтэй“
-Үнэ шилжилтийн асуудлаарх зөрүүтэй ойлголт голчлон маргаан дагуулдаг, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-“Оюутолгой” ХХК-ийн ил уурхай болон гүний уурхайн бүтээн байгуулалтын менежментийг Рио Тинто хэрэгжүүлдэг. Менежментийн үйлчилгээний төлбөрийг үйл ажиллагааны зардлын 6%, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлын 3% болон бусад хөрөнгө оруулалтын зардлын 6%-иар тус тус тооцож төлбөр авдаг.
Үүнээс гадна менежментийн үйлчилгээ үзүүлэхэд гарсан зардлыг “Оюутолгой” компаниар нөхөн төлүүлдэг. Өнгөрсөн хугацаанд 1 тэрбум ам.долларыг менежментийн төлбөрт төлсөн бол манай улсад ашигтмалтмалын нөөц ашигласны төлбөрт 800 сая ам.доллар л төлсөн байдаг.
Менежментийн төлбөр гүйцэтгэлтэй уялдахгүй, зардлаас хувь тооцож авч байгаа нь манай улсад төлөх татварын суурийг бууруулж, үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлж байгаа үнэ шилжилтийн асуудал юм.
Менежментийн төлбөрөөс гадна Рио Тинто компаниас “Оюутолгой” компанид олгосон хувьцаа эзэмшигчийн зээлийн хүүгийн төлбөр хэлбэрээр мөн зардал нэмэгдүүлж, төсөвт төлөх татварын суурийг бууруулж байна.
Өнгөрсөн хугацаанд 1.27 тэрбум ам.доллар буюу 4.3 их наяд төгрөгийг зээлийн хүүд төлсөн. Төслийн санхүүжилтийн эргэн төлөлтийн баталгааны шимтгэлийг мөн Рио Тинтод төлдөг бөгөөд 420 гаруй сая ам.долларыг төлсөн байна.
Рио Тинтод төлж буй эдгээр төлбөрийг Хөрөнгө оруулалтын гэрээнд харилцан хамааралгүй этгээдүүдх ооронд хийгдсэн арилжааны нөхцөл гэж тооцно гэж тусгайлсан заасан нь Рио Тинто анхнаасаа үнэшилжилтийн асуудал үүсэхийг мэдэж, тооцоолж байсан гэж үзэхээр байна. Нөгөө талаас энэ нь тус компанийн үйл ажиллагаа явуулдаг улсдаа шударгаар татвар төлнө гэсэн дотоод бодлоготой зөрчилдөх буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэ шилжилтийн стандарт, зарчимтай ч зөрчилдөж байгаа асуудал юм.
2013 оноос хойш Оюутолгой компани нийт 14 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой байснаас Рио Тинтод төлсөн нийт төлбөр 7 тэрбум ам.доллар байна. Одоо хувьцаа эзэмшигчийн зээлийн хуримтлагдсан хүүгийн хэмжээ 4.3 тэрбум ам.доллар бөгөөд нийт 12 тэрбум ам.долларын зээл бүртгэсэн байна.
Дүгнэж хэлэхэд зээлийн өндөр хүү, зардлаас хувь тооцож менежментийн төлбөр тооцож төлж байгаа, төслийн санхүүжилтийн зээлээс жил бүр хувь тооцож баталгааны шимтгэлийг Рио Тинтод төлж байгаа нь “Оюутолгой” компаниас төсөвт төлөх татварын суурийг бууруулж, тус компанийн ашгийг бууруулж, манай улсад ирэх үр өгөөжийг бодитоор бууруулж байгаа суудал юм. Татварын маргаанд эдгээр асуудал хөндөгдөж, маргааны нэг хэсэг болж байна.
“30 жил яагаад юу ч хийгээгүй юм бэ?” гэж хойч үе маань зэмлэнэ
-Маргаанд “Рио Тинто” хөрөнгө оруулагчийн хувиар ямар оролцоотой байдаг юм бэ?
-Оюутолгой төслийн татварын арбитрын маргааны нэг сургамж нь Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагч тал болох Рио Тинто компанитай биш харин өөрийн 34 хувь эзэмшдэг “Оюутолгой” ХХК-тай татварын арбитрын маргаантай байна. Энэ нь Хөрөнгө оруулалтын гэрээнд хөрөнгө оруулагч тал нь “Оюутолгой” ХХК байхаар заасантай холбоотой.
“Оюутолгой” ХХК-д зөвлөж байгаа хуулийн фирмийн төлбөрийг тус компани төлж байгаа бол Монгол УлсынЗасгийн газар өөрийн эзэмшлийн компанитайгаа маргалдаад төсвөөс холбогдох зардлыг санхүүжүүлж байна. Нөгөө талаас Рио Тинто Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан ч гэрээний тал биш гэж маргадаг. Ингэснээр Рио Тинто энэхүү гэрээгээр аливаа үүрэг, хариуцлага хүлээдэггүй гэсэн байр суурьтай гэж ойлгож болно. Цаашид хөрөнгө оруулалтын гэрээний тал хэн байх вэ гэдэг дээр ч анхааралтай хандах шаардлагатай.
-Хэрэв манай улс татварын маргаанд ялагдвал?
-Бид татварын маргаанд ялах, татварын актуудыг хамгаалах зайлшгүй шаардлагатай. Энэ ч зорилгоор олон улсын хуулийн фирмтэй хамтран бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Дээр хэлснээр татварын маргааны үнийн дүн буюу 430 сая ам.доллароор маргааны асуудал хэмжигдэхгүй цаашид Оюутолгой компаниас манай улсад төлөх татварын орлогын асуудал хөндөгдөж байна.
Ер нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр зардалд суурилсан татварын хөнгөлөлтийг өгсөн нь Оюутолгой төслийн зардал нэмэгдэх тусам манай улсад төлөх татварын орлогыг бууруулах хүчин зүйл болдог. Анх Оюутолгой төслийн нийт хөрөнгө оруулалтын зардал 4 тэрбум ам.доллар байх төсөөлөлтэй байсан бол одоо гүний уурхайн бүтээн байгуулалт дангаараа 7 тэрбум ам.доллар болсон байна. Үүн дээр санхүүжилтийн зардал их хэмжээгээр нэмэгдэж байгаа.
Хөрөнгө оруулалтын зардал хэтэрч байгааг Рио Тинто манай улсад оруулж буй хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа давуу талтай гэж тайлбарладаг ч нөгөө талдаа энэ нь татварын суурийг багасгаж, ирээдүйд төсөвт төлөх татварын орлогыг бодитоор бууруулж байгаа хүчин зүйл юм. Жишээ дурдахад Хөрөнгө оруулалтын гэрээнд Оюутолгой компанийн үндсэн хөрөнгөд элэгдэл хорогдлын шимтгэл тооцох хугацааг хурдавчилсан байдлаар тусгаж хөнгөлөлттэй нөхцөл олгосон. Гүний уурхайн бүтээн байгуулалтын дэд бүтэц, босоо амны хөрөнгө оруулалт, хөрөнгөөр бүртгэгдсэн уурхайн нээлт, хөрс хуулалтын зардлыг бусад үндсэн хөрөнгө гэж үзэж 10 жилийн хугацаатай шулуун шугамын аргаар элэгдэл хорогдол тооцохоор заасан нь Оюутолгой ордын өрөм буюу зэс, алтны агуулга өндөр хүдрийн биетийг олборлох хугацаанд манай улсад төлөх татварын хэмжээг бууруулахаар байна.
Тодруулбал, гүний уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг барилга байгууламж гэж үзэж болох бөгөөд элэгдэл хорогдол тооцох хугацаа 40 жил байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээгээр тусгайлан бусад үндсэн хөрөнгө гэж тодорхойлоогүй байсан бол 40 жилийн хугацаанд элэгдэл хорогдол тооцохоор байсан гэсэн үг. Тухайлбал гүний уурхайн бүтээн байгуулалтад 10 тэрбум ам.доллар үндсэн хөрөнгөөр бүртгэлээ гэж бодоход 40 жилийн хугацаагаар элэгдэл хорогдлын шимтгэл тооцвол жил бүр 250 сая ам.доллар татвар ногдох орлогоос хасах боломжтой байсан бол 10 жилээр хурдасгасан хугацаагаар элэгдэл хорогдол тооцоход жил бүр 1 тэрбум ам.доллар хасагдах болж манай улсад төлөх татварын суурийг эрс бууруулж байна. Энэ зөрүүгээр манай улсад төлөх татварын орлого буурахаар байгаад бид анхаарах шаардагатай.
Ер нь дүгнээд хэлэхэд Оюутолгой төслийн татварын маргаан нааштайгаар шийдэгдэхгүй бол Бороо гоулд компанитай байгуулсан тогтвортой байдлын гэрээний алдаа давтагдах эрдсэл өндөр байна.Уншигчид маань санаж байгаа бол 1998 онд байгуулсан Тогтвортой байдлын гэрээгээр Бороо гоулд компанийн татварын хөнгөлөлт өгсөн байдаг. Татварын хөнгөлөлттэй үед тус алтны ордын өрмийг олборлоод дараа нь татвар төлж эхлэх үед олборлолтын хэмжээ эрс багассан байсан сургамж байдаг.
Оюутолгой төслийн хувьд ч тэр өрмийг нь аваад хусам үлдэх үед манай төсөвт татвар төлөхөөр байгааг анхаарах зайлшгүй шаардлагатай.
-“Оюу толгой” төслийн ашигтай ажиллах хугацаа багассаар, манай улсын ашиг ер хүртэхгүй нь гэдэг ойлголт дахин бий болоод байна. Бид төслөөс ашиг хүртэх бололцоо бодитоор бий юү?
-Монгол Улсын хувь эзэмшлийн 34%-д ногдох 2.3 тэрбум өрийг тэглэснээр ногдол ашиг авах боломжтой болсон. “Оюутолгой” ХХК ашигтай ажиллаж эхэлснээр хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилах тохиолдолд Рио Тинтотой адил нөхцөлөөр ногдол ашиг авах нөхцөл бүрдсэн гэсэн үг. Ногдол ашиг хуваарилах үндсэн нөхцөл нь “Оюутолгой” ХХК-ийн үр ашигтай ажиллагаа учраас тус компанийн өрийн дарамт, үр ашигтай ажиллагаанд байнга хяналт тавьж ажиллах шаардлагатай юм.
Тодруулбал, Оюутолгой ХХК 2023 онд 1.6 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олсон бөгөөд санхүүжилтийн зардал буюу зээлийн хүү 1.8 тэрбум ам.доллар байна. 2024 онд нийт 2.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олох хүлээлттэй байгаа ч санхүүжилтийн зардал 2 тэрбум ам.доллар давахаар байна. Одоогийн байдлаар Оюутолгой компани 16.5 тэрбум ам.долларын өртэй байгаа бөгөөд энэ оны эцсээр хуримтлагдсан хүүгийн хамт нийт зээлийн хэмжээ 19 тэрбум ам.доллар хүрэхээр байна.
Зээлийн хэмжээ ингэж нэмэгдэж байгаа нь хувьцаа эзэмшигчийн зээлийн хүү өндөр буюу жилийн 12% орчим байгаа, түүнчлэн улирал тутам хүү тооцогдож, хуримтлагдсан хүүгээс хүү тооцдогоос болдог. Засгийн газраас зээлийн хүүг бууруулах талаар удаа дараа санал тавьж байсан боловч Рио Тинто хүлээж аваагүй. Зээлийн хүүгийн дарамт нь Оюутолгой компанийн тогтвортой ажиллагаанд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч байгаа нь харамсалтай. Оюутолгой компанийн засаглал, ил тод байдлыг сайжруулах асуудал хөндөгдөж тодорхой үр дүнд хүрэх шаардлагатай байна.
Цаашлаад Оюутолгой төсөлтэй холбоотой маргаантай асуудлуудыг нэг мөр шийдвэрлэхэд 30 жилийн хугацаатай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг дүгнэж, эргэж харвал аль ч талд үр ашигтай байх боломжтой. Анх гэрээ байгуулах үед байсан санхүүгийн тооцоолол, төсөөлөл, суурь нөхцөл өөрчлөгдсөн байхад бид өнөөдөр энэ гэрээний хэрэгжилтийг дүгнэж, асуудлаа ярих нь зүйтэй. 30 жил гэрээг огт өөрчлөхгүй гэсэн байр суурьтай байх нь үнэхээр төсөлд хэрэгтэй юу?
Маргаан үүсгээд байгаа асуудлыг шийдээд, засаад сайжруулаад оролцогч талуудад илүү үр ашигтай хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй юу гэдгийг дүгнэх цаг ч болсон байна. Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад 15 жил болох гэж байна. Оюутолгой төсөл хэрүүлийн алим хэвээр байх уу, харин үр өгөөжөө өгдөг жимс байх уу гэдгийг бид дүгнэж, сайжруулж болох зүйлийг сайжруулаад л явах хэрэгтэй. Хэрэв ингэж ажиллахгүй бол 30 жил хавханд орсон юм шиг яагаад юу ч хийгээгүй юм бэ гэж ирээдүй хойч үе маань биднийг зэмлэж дүгнэнэ.
Ирээдүйдээ асуудал өвлүүлэхгүй харин үр өгөөж, өв үлдээх нь бидний хариуцлага юм.