СУРВАЛЖИЛГА: Сургуулиуд хеликобактери, элдэв өвчнөөс хамгаалах АВТОМАТ аяга таваг угаагчтай болоход нэг сурагч 2500-15000 төгрөг хандивлахад ХАНГАЛТТАЙ

0

Бяцхан үрсээ сургууль, цэцэрлэгийн орчинд үлдээхдээ “Миний хүүхэд юу идэж, ууж байгаа бол. Шим тэжээлтэй, эрүүл, аюулгүй хүнс идэж чадаж байгаа болов уу, гал тогооны орчин нөхцөл нь стандартад нийцэж, эрүүл ахуйн шаардлага хангадаг болов уу” хэмээн санаа чилээдэггүй эцэг, эх гэж үгүй. Эцэг, эхчүүдийн дунд толгойны өвчин болсоор удаж байгаа энэ асуудлын эргэн тойронд яригддаг өөр нэг “өнцөг” бол бидний хүүхдийн цэцэрлэг сургууль дээрээ хоол цайгаа ууж, иддэг аяга таваг хэдэн шат дамжлагатайгаар яаж угаагддаг бол, химийн бодистой угаагч шингэнээ бүрэн арилтал нь зайлдаг болов уу гэдэг асуудал. Сургууль цэцэрлэгийн цайны газруудад гурван дамжлагат угаалтуур ашиглаж, ариутгагч ашиглах ёстой гэсэн стандарт байдаг ч хэдэд нь ариутгагч төхөөрөмж байгаа бол. Цаашилбал гурван дамжлагат угаалга аяга тавганд наалдсан нян бактери, угаагч шингэний хор нөлөөг бүрэн арилгаж чадаж байгаа юу гэдэг ч эргэлзээтэй.

Энэ асуудалд ганцхан шийдэл байгаа нь сургууль цэцэрлэгүүд автомат аяга таваг угаагчтай байх ёстой гэх стандарт. Эл стандарт нь 2023 онд батлагдаж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн байдаг.

Зарим эцэг, эхчүүдэд автомат аяга угаагч гэхээр тансаг хэрэглээ мэт сонсогдож болох юм. Гэвч энэ нь таны хүүхдийн эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой зүйл гэдгийг дурдах нь зүй.

Та бидний эрүүл орших үндэс нь хэрэглэж байгаа хоол хүнс түүний чанар, орц, найрлагатай шууд холбоотой. Гэвч хэрэглэж буй аяга таваг нь бохир бол хэдий эрүүл хүнс хэрэглэсэн ч эрсдэлт өвчлөлөөс зайлсхийх боломжгүй юм. Тиймээс бид сургууль цэцэрлэгүүд аяга таваг угаагчтай байх ёстой гэсэн стандарт амьдрал дээр хэрэгжиж байгаа эсэхийг сурвалжилж, дараах мэдээллийг бэлтгэлээ.

-СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД АВТОМАТ АЯГА ТАВАГ УГААГЧТАЙ БОЛСНООР АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ АХУЙ ТАЛД САНАА ЗОВОХ ЗҮЙЛГҮЙ БОЛНО-

БШУЯ-ны суралцагчийн хоол үйлдвэрлэл үйлчигээний хэлтсийн шинжээч Д.Цэндсүрэнтэй уулзаж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн MNS7005-2023 стандарт мөрдөгдөж байгаа эсэх талаар тодруулахад,

Тэрбээр “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хууль 2019 онд батлагдсан. Энэ хуульд БШУЯ сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний үндэсний стандартыг боловсруулж батлуулахаар заасан байдаг. Энэ хүрээнд 2021-2023 онд сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт тавигдах стандартыг боловсруулж, батлуулсан байдаг. Энэ стандарт 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс үндэсний хэмжээнд мөрдөгдөж эхэлсэн. Энэ стандартад сургууль, цэцэрлэгүүдэд автомат аяга таваг угаагчтай байна гэсэн заалт бий. Нэг ээлжид хүүхэд хүлээн авах хүчин чадлаас нь шалтгаалаад зургаан ангиллаар ямар хүчин чадалтай ямар автомат угаалгын машин байх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа.

Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгүүд заавал автомат угаалгын машинтай байх шаардлагатай болсон гэсэн үг. Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар автомат аяга таваг угаагчаар хангаж ажил эхэлсэн. 2022 онд 40 ширхэг тоног төхөөрөмжийг сургууль цэцэрлэгүүдэд нийлүүлсэн. Цаашдаа үе шаттайгаар энэ ажил хийгдээд явна. Автомат аяга таваг угаагчийн зах зээлийн үнэлгээ нь дунджаар 13-15 сая төгрөг учраас бүх сургууль, цэцэрлэгийг аяга таваг угаагчаар хангахад тодорхой хугацаа шаардана.

Тиймээс эхний ээлжид олон хүүхэдтэй сургууль, цэцэрлэгийг автомат аяга таваг угаагчаар хангах бодлого барьж ажиллаж байна. Үүнээс гадна сургууль цэцэрлэгүүд олон улсын төсөл хөтөлбөр, өөрийн болон орон нутгийн төсөв, эцэг, эхийн хандив тусламжаар автомат аяга таваг угаагчтай болох бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар ихэнх сургууль, цэцэрлэгүүд гурван дамжлагат угаалтуурт гараар аяга тавгаа угаагаад, ариутгалын шүүгээнд хийж ариутгаж байгаа. Автомат аяга таваг угаагчтай болсноор хүний хөдөлмөрийг хөнгөвчлөхөөс гадна ариун цэвэр, эрүүл ахуй тал дээр санаа зовох зүйлгүй болох юм” гэлээ.

-АВТОМАТ АЯГА ТАВАГ УГААГЧ ХЭРЭГЛЭСНЭЭС ХОЙШ ХООЛНЫ ХОРДЛОГО, ХОРДЛОГОТ ХАЛДВАР НЭГ Ч УДАА ГАРААГҮЙ-

Харин дараа нь бид автомат аяга таваг угаагчийг хэрэглээндээ нэвтрүүлсэн Хо Ши Миний нэрэмжит улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургуулийг зорьсон юм.

Тус сургууль 2018 онд автомат аяга таваг угаагчтай болсноор гал тогооны ажилчдын ажлын ачаалал багасаж, хоолны хордлого, хордлогот халдвар зургаан жилийн хугацаанд нэг ч удаа гараагүй гэдгийг тус сургуулийн хоол зүйч Б.Булган онцолсон юм. Мөн тэрбээр, “Манайх үдийн хоол, цай хөтөлбөрт хамрагддаг бүх ангиуддаа сургуулийн аяга, таваг халбага, сэрээгээр үйлчилдэг. Учир нь гэрээсээ аяга, тавгаа авч ирэх нь ариун цэвэр талаасаа олон эрсдэлийг дагуулдаг учраас дотооддоо угааж, ариутгасан аяга тавгаар үйлчлэх нь гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гэх мэт олон давуу талтай. Манай сургуулийн 6000 суралцагч болон тэдний эцэг, эхчүүд бохир аяга тавгаар дамжин халдварлах элдэв өвчлөлөөс санаа зовох зүйлгүй. Сургуулийнхаа гал тогоогоор санаа амар үйлчлүүлдэг болсон” гэв. Энэ сургууль бол автомат аяга таваг угаагчтай цөөн хэдэн улсын сургуулийн нэг.

-АВТОМАТ АЯГА ТАВАГ УГААГЧТАЙ БОЛЧИХВОЛ СУРГУУЛИАС АРИУТГАСАН АЯГА ТАВГААР ХАНГААД, ГАДНААС АВЧ ИРДГИЙГ НЬ БОЛИУЛАХ ЮМСАН ГЭЖ ХҮСДЭГ-

Үүний цаана гурван дамжлагат угаалгаар химийн бодис ашиглаж, сурагчдын хоолны аяга таваг угаадаг олон мянган сургууль, цэцэрлэг бий. Тэдний нэг нь 115 дугаар сургууль. Тус сургууль сурагчдадаа үйлчилдэг аяга тавгаа химийн бодистой шингэнээр угаахаас аль болох зайлсхийж сод, давс ашигладаг гэдгийг тус сургуулийн хоол зүйч Х.Энхтуяа онцолсон юм.

Мөн тэрбээр, “Манай сургууль 1300 хүүхэдтэй. 640 хүүхэд нь үдийн хоол, цай хөтөлбөрт хамрагддаг. Үлдсэн хүүхдүүд нь өдөр тутамдаа цайны газраараа үйлчлүүлдэг. Манайд автомат аяга таваг угаагч байхгүй. Яамнаас баталсан стандартын дагуу гурван дамжлагаар угаадаг. Автомат аяга таваг угаагч хэрэгтэй юу гэвэл маш их хэрэгтэй. Ажилчдын ачаалал буурч, цаг хэмнэхээс гадна эрүүл ахуй талдаа өндөр ач холбогдолтой. Хэдий бид гурван дамжлагат угаалга хийж, чадлынхаа хэрээр ариутгаж, анхаарч байгаач автомат аяга таваг угаагчаар угааж, ариутгасан аяга тавагтай адилхан хэмжээнд байж чадахгүй. Үүнээс гадна манай хүүхдүүд үдийн цайгаа ангидаа өөрсдийн аяга тавагт идээд, гэртээ цэвэрлэж авчирдаг байна. Битүү уутанд хийж цүнхлээд явахаар үнэр орохоос эхлээд бактери үржих нөхцөл бүрддэг учраас хоол зүйч хүний хувьд маш их эмзэглэж явдаг. Хэрэв автомат аяга таваг угаагчтай болчихвол сургуулиас ариутгасан аяга тавгаар хангаад, гаднаас авч ирдгийг нь болиулах юмсан гэж маш их хүсдэг. Тиймээс бүх сургууль, цэцэрлэгүүдээ автомат аяга таваг угаагчтай болгочихвол олон талын ач холбогдолтой ажил болно гэж боддог. Хэзээ ирэх бол гэсэн хүлээлттэй л байна” гэлээ.

-НЭГ УДАА ГАДУУР ХООЛЛОХ МӨНГӨӨРӨӨ ХҮҮХДИЙНХЭЭ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ АВТОМАТ АЯГА ТАВАГ УГААГЧТАЙ БОЛГОЁ-

Аяга, таваг, халбага, сэрээгээр хеликобактери дамжин хүн амд халдварласнаар ходоодны хорт хавдрын үндсэн суурь тавигддаг гэдэг. Тиймээс сургууль, цэцэрлэгийн цайны газарт аяга таваг угаах автомат машин, ариутгагч ашиглаж хэвших нь нэн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой чухал ажил. Харамсалтай нь нэг бүр нь 13-15 сая төгрөгийн өртөгтэй энэ төхөөрөмжийг 100 хувь улсын төсвөөр шийднэ гэдэг амаргүй. Асар их хугацаа шаардана. Тэр ч утгаараа сургуулийн зүгээс хандив тусламжаар шийдэх боломжийг яамнаас нээлттэй болгож өгсөн байна.

Автомат аяга таваг угаагчийн зах зээлийн өртөг 15 сая төгрөг гэхээр үнэтэй сонсогдож байгаа ч нийт сурагчдын тоонд хуваагаад үзэхээр ээж, аавуудын нэг удаа гадуур хооллох мөнгөнд ч хүрэхгүй. Тухайлбал, 115 дугаар сургууль 1300 хүүхэдтэй. Хэрэв эцэг эхчүүд нь хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө нэгдэж, аяга таваг угаагч авах ажлыг өрнүүлж чадвал, нэг хүүхдээс 11500 төгрөг гаргахад бохир аяга тавгаар дамжих халдварт өвчин, хоолны хордлого гэх мэт эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх боломж бий. Олон хүүхэдтэй сургууль бол үүнээс ч бага мөнгөн дүн гарна. Тухайлбал, бидний очсон 14 дүгээр сургууль 6000 хүүхэдтэй. Ийм тооны хүүхэдтэй сургууль аяга таваг угаагчтай болоход нэг хүүхдээс 2500 төгрөг л гарахаар байна.

Тиймээс бид энэ удаагийн сурвалжилгаараа дамжуулан “Сургууль, цэцэрлэгүүд автомат аяга, таваг угаагчтай байх ёстой, хүүхдийн эрүүл мэнд болохоо байлаа” гэж худлаа хашхирах бус өөрсдөө алхам хийж, нэг удаа гадуур хооллох мөнгөөрөө хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийг автомат аяга таваг угаагчтай болгох уриалгыг дэвшүүлж байна.

Хүн амын дунд хамгийн өндөр байгаа ходоодны хеликобактер бусад вирусийн халдвараас бяцхан үрсээ хамгаалах чухал хөрөнгө оруулалт бол автомат аяга таваг угаагч юм.

Эх сурвалж: Ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *