Баянхонгор: ДУЛААНЫ СТАНЦ УГСРАЛТЫН 99 БАГЦ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ИРЛЭЭ
2022 оны төлөвлөгөөний хүрээнд Баянхонгор аймгийн дулааны станцын суурийн ажил 100 хувьтай биелсэн юм. Төслийн Ерөнхий гүйцэтгэгч “Бьюксан инженеринг” ХХК, Монголын “МЭЗ” ХХК, ЭХЯ-ны 10 аймагт төсөл хэрэгжүүлэх нэгжийн хамтарсан талууд манай аймгийн дулааны станцын үндсэн гурван зуухны нийт 99 багц тоног төхөөрөмжийг орон нутагт аюулгүй тээвэрлэж, өнөөдөр /2023.03.04/ талбайд буулгаж байна.
Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан: “Төлөвлөгөөний хүрээнд хурдтай ажиллаж байгаад хэрэгжүүлэгч талд талархал илэрхийлээд, орон нутгийн холбогдох боловсон хүчнүүдийг томилон, угсралтаас дуусах хүртэлх бүх ажиллагаан дээр хамтран ажиллуулж, сургана. Баг, инженерүүд дулааны станцын талаар мэдлэгжиж, чадваржиж авснаар ашиглалтад ороход ямар нэгэн асуудал хүндрэл үүсэхгүйгээр үйл ажиллагаа жигд явна гэж тооцож байна” гэв.
Хэрэгжүүлэгч тал 2023 оны төлөвлөгөөний хүрээнд 04 сарын 01-ээс ажлаа эхлүүлэхдээ байгальд ээлтэй технологи буюу утааг 99 хувь шатаах, 30 гкал хүчин чадал бүхий эдгээр зуухыг угсран, бэлтгэсэн суурин дээрээ суулгаж, барилга угсралт, түр болон дотоод шугам сүлжээний ажлуудыг гүйцэтгэх аж.