Улаанбаатарт хөрсний бохирдлын улмаас “Нүдний халдвар” зэрэг өвчин тархаж болзошгүй байгаа тул хүүхдийн гарыг сайтар угааж байхыг анхаарууллаа
Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд агаарын бохирдолтой дүйцэхүйц хор хөнөөл үзүүлж байдаг зүйл бол “хөрсний бохирдол”. Урин дулааны улирал ирж буйтай холбогдуулан нийслэлчүүдийн өмнө жил бүр “хөрсний бохирдол” гэх асуудал тулгардаг. Үүнийг дагаад олон төрлийн халдварт өвчин тархах эрсдэл ч өндөр байгаа юм. Энэ жилийн хувьд хөрсний бохирдлоос үүдэн нүд болон гэдэсний халдвар тархах эрсдэл их байгаа аж. Монгол орон эрс тэс уур амьсгалтай учраас аравдугаар сараас гуравдугаар сар хүртэл хөрс хөлддөг.
Энэ хугацаанд нян бактерийн 90 орчим хувь нь үхдэг ч хавар болж дулаарах үед дахин бохирдол үүсдэг байна. Өнгөрсөн онд Улаанбаатар хотод хөрсний нянгийн бохирдлын судалгаа хийж 76 цэгээс хөрсний дээж авч шинжлэхэд нийт дээжийн 88 хувьд нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол гэр хороолол орчмын дээжний 93 хувьд нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн гэх судалгаа байгаа юм. Мөн нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммон буюу шивтэр бохирдолт их гарчээ.
ВИДЕО:
https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FIsee.mn%2Fvideos%2F927812998794920%2F&show_text=false&width=476&t=0
-НЯНГИЙН БОХИРДОЛТОЙ ХОЛБООТОЙ ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧЛӨЛИЙН ТОО ЖИЛ ИРЭХ ТУСАМ НЭМЭГДЭЖ БАЙНА-
Энэ жилийн хувьд нийслэл орчимд шар усны үер, халиа тошин үүсэх эрсдэл их байгаа учир халдварт өвчин дэгдэхээс болгоомжлон холбогдох албаныхан урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч эхэлжээ. Гэсэн хэдий ч нийслэлийн хөрсний дийлэнх нь бохирдолтой учраас түүнийг дагаад халдварт өвчин гарах эрсдэл их байгааг мэргэжилтнүүдийн зүгээс хэлж байгаа юм. Энэ талаар Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны дарга Л.Нямсүрэн “Урин дулаан болж байгаатай холбоотой орчны бохирдол их байна. Тодруулбал, ундны ус, гадаргын усны чанарын өөрчлөлт, агаарын чанарын өөрчлөлт, хөрсний бохирдлыг хүн амын өвчлөл, нас баралттай холбон үнэлдэг. Хаврын улиралд гэдэсний халдварт өвчин, цусан суулга, сальмонеллёз, гепатит А, нүдний халдвар зэрэг өвчин тархах эрсдэл өндөр байдаг. Хөрсний нянгийн тоо ихсэх тусам тухайн газар амьдарч байгаа 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд гэдэсний халдвар ихсэж байна гэсэн судалгаа гарсан” гэх мэдээллийг өглөө.
Хөрсний бохирдлын эх үүсвэр,
- Гэр хорооллын жорлон
- Ил задгай бие засах
- Үхсэн мал, нохойны хүүрийг ил хаях
- Фермерийн аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс амьтан, малын ялгадас бууцыг гол, уулын ам, жалга руу замбараагүй ихээр асгах
- Автомашины задгай угаалгын газар
- Эмнэлгийн аюултай хог хаягдал зэрэг зүйлс ордог байна.
–НИЙСЛЭЛИЙН ХУВЬД 200 МЯНГА ГАРУЙ АЙЛ ӨРХ ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРДАГ. ТУС АЙЛУУДЫН ДИЙЛЭНХ НЬ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ НҮХЭН ЖОРЛОН ХЭРЭГЛЭДЭГ НЬ ХӨРСИЙГ БОХИРДУУЛАХ ТОМООХОН ХҮЧИН ЗҮЙЛ БОЛДОГ-
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн дарга З.Болормаа “Энэ жил шар усны үерээс үүдэн халдварт өвчний эрсдэл өндөр байсан учир бид урьдчилан сэргийлэх ,арга хэмжээг илүү эрт авч ажиллаж байна. Хаврын улиралд дэгддэг халдварт өвчнүүдэд бага насны хүүхдүүд их өртөмтгий байдаг учраас эцэг, эхчүүдийн зүгээс энэ тал дээр сайн анхаарах хэрэгтэй. Хүн бүр хувийн ариун цэврээ сайн сахиж, гараа тогтмол угаах нь халдварт өвчнийг даван туулах томоохон хүчин зүйл болох юм” хэмээн мэдээллээ.
Улаанбаатар хотын хөрсний 88 хувь бохирдсон. Улаанбаатар хотын долоон дүүргийн хэмжээнд 173,463 өрхийн 133,194 нүхэн жорлон тоологджээ. Тус жорлонгууд нь хөрсийг бохирдуулах томоохон хүчин зүйл болдог байна.
Эх сурвалж: isee.mn