ЭНЭ ХАВАР НОГООН АВТОБУС, ГАЗРЫН СОНСГОЛООС ГАДНА АШИГТ МАЛТМАЛЫН ХУУДУУТАЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ ИЛ БОЛГОЖ, ДУУЛИАН ТАРИНА
Сонгуулийн өмнөх хаврын чуулган гэхэд улс төр унтаа, уйтгартай эхэлж байна. Газар, нүүрсний хулгайн асуудлаар сонсгол хийх нь одоогийн эрх баригч намынханд төдийлөн ашигтай хувилбар байж чадахгүй. Угтаа бол “Цавчаа ногооны” гэх дуулиан, газрын сонсголоор МАН-ын голдуу хүмүүс дуудагдах нь гарцаагүй болж таарсан. Тиймээс сонгууль дөхсөн энэ үед намынхаа гишүүдийг “намнах” тусам нэр хүнд нь унаж, ялах магадлал нь багасна. Тиймдээ ч Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүдийн хэрэг цагаадаж, шүүх хурал хөгөө чирлээ. Араас нь нүүрсний хулгайн хэргийг мартагнуулах ажил үргэлж байна. Нүүрсний сонсголоор ноцтой асуудлуудаа тойруулаад өнгөрсөн гэх хардлага ч олны дунд бий. Тэгэхээр Ардын нам энэ сонгуулиар ялалт байгуулах нь юу юунаас илүү чухал байгаа.
Тиймээс сонгуулийн өмнө газрын сонсгол, ногоон автобусны сонсголоор хэрэгт нэр холбогдсон намынхаа гишүүдийн нэрийг цэвэрлэж авахаас гадна өнгөрсөн хугацаанд улс төрд өрнөсөн дуулиант хэргүүдийг дарах шинэ сэдэв бодож гаргаж ирэхээр төлөвлөж, далдуур бэлтгэл ажлаа хийж эхэлсэн сурагтай. Угтаа бол газрын сонсголын дараа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хуудуутай баримтуудыг нийтэд ил болгож, өрсөлдөгчдөө “намнах” том технологи хэрэгжүүлж эхэлсэн гэх. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар ч ам алдаад авсан. Тэрбээр “Газрын сонсгол зохион байгуулж, үүний дараа ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг ил болгоно” хэмээн мэдэгдэж байлаа. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын иргэн Номуун-Эрдэнэ газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2013 оны хуулийг хүчингүй болгох санаачилгыг цахим өргөдлийн системд байршуулж, долоо хоногийн хугацаанд 100,157 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан. Дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийн засаглах эрхийн хүрээнд гаргасан энэхүү саналыг заавал хэлэлцэх хуультай. Иргэн Номуун-Эрдэнийн саналын дагуу газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай Хөрөнгө оруулалтын тухай хуулийн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулаад УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хэлэлцэн дэмжсэн. Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангалаа. Үүнтэй холбоотойгоор Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн дагуу газрын ашиглалт, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах шаардлагатай. Хөдөөд 0.35, нийслэлд 0.07 га газрыг эзэмшүүлэх хууль хэрэгжсэн ч манай зарим иргэн газраа авч чадахгүй байхад яагаад гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлж, ашиглуулдаг юм бэ гэдгийг орон нутагт явж байхад иргэд хэлж байна. Танил талтай, эрх мэдэлтэй нь газар авдаг үзэгдэл гаарлаа. Газрын хуулийн хэрэгжилт ил тод бус байна. Ийм учраас Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, газрын болон ашигт малтмалын лиценз олголт, АМНАТ-ын төлбөрийн тооллогод хяналт шалгалт хийх Түр хороо байгуулж, нээлттэй сонсголоор хэлэлцэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хороодын дарга нар, Засгийн газрын холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Өөрөөр хэлбэл, тусгайлсан хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулж байна. Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай хууль батлагдах ёсгүй гэж үзэж, хаалт хийх хуулийн төслийг боловсруулан батлуулна” хэмээн мэдээлж байлаа.
УЛСЫН ХЭМЖЭЭНД 6.1 САЯ ГА ГАЗАРТ ЛИЦЕНЗ ОЛГОЖЭЭ
Монгол Улсын хэмжээнд 2024 оны хоёрдугаар сарын байдлаар нийт 6.9 сая га газарт ашигт малтмалын лиценз олгосон байна. Үүнээс 5.1 сая га газарт хайгуулын 1010 лиценз, 1.8 сая га газарт ашиглалтын 1726 лиценз олгожээ. Нийт 2598 лицензээс 41 нь идэвхгүй, 2557 нь идэвхтэй байна.
Хэдийгээр тооны хувьд ашиглалтын лиценз нь олон ч Монгол Улсын нийт газар нутагт эзлэх хувиараа хайгуулын лиценк нь илүү байна. Тодруулбал, ашиглалтын лиценз нь нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувиар 1.1 хувь бол, хайгуулынх нь 3.3 хувийг эзэлж байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн тоог задлаж үзвэл зөвшөөрөл 1759 аж ахуйн нэгжид 2736 тусгаа зөвшөөрлийн 6.9 сая га газар олгосон байх. Үүний 1416 нь эзэшигчийн 2192 тусгай зөвшөөрлийн 5.3 сая га газрыг дотоод хөрөнгө оруулагч, 252 эзэмшигчийн 392 тусгай зөвшөөрлийн 1.9 сая газрыг 100 хувь гаднын хөрөнгө оруулалттай компани. Харин 91 эзэмшигчийн 152 тусга зөвшөөрлийн 325 мянган га газрыг гадаад, дотоодын хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд эзэмшиж байгаа юм.
Тэгвэл энэ удаад хамгийн ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компаниудыг танилцуулж байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 100 мянга ба түүнээс дээш га талбай эзэмшиж буй хоёр компани бий. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчээрээ тэргүүлж байгаа гол компаниуд гэсэн үг.
100 ХУВЬ ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ “ЦАЙНА ИНВЭСТМЕНТ МОНГОЛИА” ХХК ЛИЦЕНЗИЙН ГАЗАР ОЛГОЛТООР ТУСГАЙ ЗӨВШӨӨРИЙН ТООГООР МАК ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Монгол Улсад хамгийн их буюу 168 мянган га талбайд 12 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Хятад эзэнтэй “Цайна инвестмент монголиа” компани эзэмшиж байна. Тус компани нь 2013 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр Сингапурын хөрөнгө оруулалтай “Caina International Holdings” ХХК-иар бүртгэл үүсгэсэн бөгөөд 2012 онд бүртгэл өөрчлөлт оруулж, БНХАУ-ын иргэн Zhang Qingyu гэх хүн бүртгүүлж, өдгөө гүйцэтгэх захирлаар нь ажилладаг байна. Тус компани нь хамгийн олон хайгуулын лиценк эзэмших зөвшөөрөлтэй, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнод, Өвөрхангай аймгуудад хайгуулын судалгаа явуулдаг гэх бүртгэлтэй байна.
Тус компанийн араас “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ орж байна. 13 тусгай зөвшөөрөлтэй, 126 мянган га талбайд тусгай зөвшөөрөл эзэмшиж буй. Тэгвэл хамгийн их тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийг Монголын алт буюу МАК тэргүүлж байна. Тус компани 84 мянган га талбайд 26 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа юм. Мөн Монголросцветмет ТӨҮГ тусгай зөвшөөрлийн тоогоороо МАК-тай дүйцэхүйц буюу 26 зөвшөөрөл 15 мянган га газарт эзэмшиж буй.
Мөн “Гацуурт” ХХК 15, “Бүрдэл майнинг” ХХК 13, “Аурум Металс” ХХК 12, Moнгол, Сингапур хамтарсан хөрөнгө оруулалттай “Сэкер ресорсус монголиа” ХХК 12, “Хүннү говь алтай” ХХК 12, Сингапур Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “МОЭНКО” ХХК 10 тусгай зөвшөөрөл эзэмшиж, хамгийн их зөвшөөрөл эзэмшиж буй 10 компани болоод байна.
Ийн ирэх хавар тусгай энэ хавар ногоон автобус, газрын сонсголоос гадна ашигт малтмалын хуудуутай тусгай зөвшөөрлүүдийг ил болгож, дуулиан тарих нь.