Өмхий махны хэрэгт холбогдсон Чен Биний ялыг хэвээр үлдээлээ
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өмхий мах хадгалж борлуулахыг завдсан “Эм Ди Си Пи” ХХК болон БНХАУ-ын иргэн Чен Бинд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүх бүрэлдэхүүн энэ сарын 27-ны өдрийн хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч ял шийтгэлийг хэвээр хадгалжээ. Тодруулбал, “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Чен овогт Бинд 2 зүйлчлэлээр оногдуулан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 25.400.000 /хорин таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулсан.
“Эм Ди Си Пи” ХХК-ийн махны үйлдвэрийн 5-н хөлдөөгч бүхий агуулахад хадгалагдаж буй 234.864 килограмм мах, махан бүтээгдэхүүн, 969.8 грамм жинтэй зүүн гарын гоёо гэх ховор ургамлыг устгаж, устгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэсэн.
Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч Чен Бин /Chen Bin/-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн гомдол гаргасныг ийнхүү хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хууль зүйн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болголоо.