Усанд явангаа ном уншдаг хүү номын сантай болохыг мөрөөддөг
Олон нийтийн сүлжээнд усанд явах замдаа ном уншиж буй хүүгийн зураг нийтлэгдсэн даруйдаа олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй. Гэр хорооллын багачуудын сонирхол, хэрэгцээг хангахад орчин дутмаг байгааг А.Төгөлдөр хүүгийн үйлдэл тод харууллаа. Учир нь А.Төгөлдөр хүү ном унших туйлын сонирхолтой ч гэрээс нь өөр тухтай орчин байдаггүй учир хүссэнээрээ ном уншиж чаддаггүй аж. Тиймээс “Гэртэйгээ ойр номын сантай болчихвол өдөр бүр ном унших болно” хэмээн учирлалаа. А. Төгөлдөр хүү аав , ээж, эгч,дүү өвөөгийн хамт амьдардаг. А.Төгөлдөрийг хоёр настайд нь эгч нь үлгэрийн ном байнга уншиж өгдөг байжээ. Ингээд дөрөвдүгээр ангиасаа эхлэн өөрөө бие даан ном унших болсон байна. Цаашлаад гэр, сургуульдаа ирж очихдоо тогтмол ном уншиж хэвшжээ.
А.Төгөлдөрийн гэрт очиход ширээн дээрээ өнгө, өнгийн үлгэрийн баатруудын зурагтай 10 гаруй ном эгнүүлэн тавьсан байв. Тэрбээр орос ардын үлгэрүүдийг хоёр сарын хугацаанд уншсанаа А.Төгөлдөр ярилаа. Түүний хувьд сард нэг ном унших зорилго тавьдаг байна. Түүнчлэн дөрвөн настай дүүдээ уншсан номынхоо талаар ярьж өгч хэвшжээ. Түүнийг дуурайгаад дүү нь мөн адил ном сонирхох болсон байна. Ийн бяцхан хүүгийн өрнүүн, дэврүүн хүсэл тэмүүлэлд хэн ч саад учруулахгүй ч цаагуураа тохилог, орчин сайтай, төрөл бүрийн номтой номын сан байвал… гэх бодолд дарагддаг аж.
А.Төгөлдөр усанд явахдаа авч явдаг ном нь “Шидтэнүүдийн сургууль 1” цуврал. Зохиолч О.Өнөрцэцэгийн 2015 онд бичсэн ном. Тус зохиол 8-13 насны, аливаа юмыг төсөөлөн бодож, өөрсдөдөө шинэ ертөнц нээх дуртай хүүхдүүдэд зориулагджээ. Жирийн хүүхдүүдээс онцгой авьяастай төрсөн таван хүүхдийн нөхөрлөл хийгээд хортон дайснаа хэрхэн дарж байгаа талаар энэхүү номонд өгүүлдэг. Гал гаргадаг, амьтан болж хувирдаг, нисдэг, бусдыг эмчилдэг гэх мэтчилэн төрөл бүрийн шидтэй хүүхдүүдийн сонирхолтой адал явдал гардаг аж. Тэр “Ном уншиж байхдаа үйл явдалд нь бүрэн орчихдог” хэмээн ярьсан юм.
А.Төгөлдөр СУРГУУЛИЙН НОМЫН САН-д суух боломжгүй
“Шидтэнүүдийн сургууль” зохиол адал явдлаар өрнүүн. А.Төгөлдөр хүү уг энэ зохиол шиг адал явдалд дуртай. Тэр “Шидтэнүүдийн сургууль” номыг энэ удаагийн амралтаар уншиж дуусгахаар зорьжээ. Дараа нь ангийнхандаа ярьж өгнө. Үргэлжлүүлэн “Шидтэнүүдийн сургууль”-ийн дараагийн цувралыг уншихаар төлөвлөжээ.
Худаг А.Төгөлдөрийн гэрээс 200 метр зайтай. Тэр ном уншингаа усанд явахдаа 20 минут зарцуулдаг бол номгүйгээр явбал 10 минут ч болохгүй. “Намайг ном уншиж явааг хүмүүс хараад мэддэг учир автозам дагуу явж байвал жолооч нар зам тавьж өгдөг эсвэл тойроод явчихдаг” гэлээ. А.Төгөлдөр ирээдүйд шүдний эмч болох мөрөөдөлтэй. Мөн гэр бүлтэйгээ аялахын тулд англи болон хятад хэл сурах зорилго тавьжээ.
А.Төгөлдөр саруулхан тохилог, олон номтой номын санд ном уншихыг мөрөөддөг. Гэвч гэрт нь хамгийн ойрхон номын сан найман километрийн цаана бий. “Ид шидийн орон” төвөөс өөр номын сан энд байдаггүй аж. Мөн сургуулийнхаа номын санд суухыг хүсдэг ч одоогоор сургууль нь өөрийн гэсэн байргүй, өөр сургуулийн байр түрээслэн хичээллэдэг тул боломж хомс байгаа юм.
Гэр хорооллын номын санд ажиллах хүн олддоггүй гэнэ үү?
Ийн хийх хүсэл, сурах шинийг эрэлхийлэх тэмүүллээр дүүрэн багачуудын төлөөлөл бол А.Төгөлдөр. Харин тэдэнд боломжийг нь бий болгож өгөх шаардлагатай байгааг энд онцолъё. Хүүхдийн хөгжил жижигхэн зүйлээс эхлэх учиртай ч гэр хорооллын хүүхдүүдийн хөгжих боломж дутмаг.
2019 онд нийслэлийн ЗДТГ-аас номын сан барих ажлыг эхлүүлж I хороолол болон Баянхошууны Ногооннуур орчимд тус бүр 150 сая төгрөгөөр номын сан байгуулсан. Харамсалтай нь эдгээр номын санг ажиллуулах хүн байхгүй гэнэ. Ном уншихаар энд ирсэн хүүхдүүд өдөр бүр хаалттай хаалгө мөргөнө. А.Төгөлдөр хүүгийн гэр Ногооннуурын номын сантай ойрхон. Гэвч үргэлж хаалттай байдаг номын сан түүний номонд дурлах чин сэтгэлийг хязгаарлаж буй.
Иймд хүсэл тэмүүлэл дүүрэн багачуудад зориулсан бүтээн байгуулалтынхаа хаалгыг нээж, оюуныг нь услах шаардлага байгааг А.Төгөлдөр хүү томчууд бидэнд сануулж байна.