Сүхбаатарын талбайг тусгай зориулалтын машинаар цэвэрлэж, хөшөө дурсгалыг угаажээ
Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулах шийдвэр гарсан.
Цэвэрлэгээний ажлын хүрээнд өнөөдөр Сүхбаатарын талбайг зам цэвэрлэгээний тусгай зориулалтын шүүртэй машин болон бороожуулагч машинаар цэвэрлэж, хөшөө дурсгалыг угаажээ.
Бүх нийтийн цэвэрлэгээний нэгдсэн их цэвэрлэгээг ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан, Бямба гарагт зохион байгуулна.
Цэвэрлэгээнд нийслэлийн есөн дүүрэг, нийслэл, дүүргийн харьяа байгууллагууд, хороод, аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо, иргэд өргөнөөр оролцож гадна орчныхоо 50 метр хүртэлх зам талбай, хог хаягдлыг цэвэрлэх, барилгын хана, гадна талбайг угааж цэвэрлэн цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхийг уриаллаа.
Хаврын их цэвэрлэгээний үеэр хийгдэж ажлууд:
- Байгууллага, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, угааж чийгшүүлэх, байгууллагынхаа хайс хашлага, автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, хогийн сав гадна фасад, хаяг, үүд хэсгийг угааж өнгө үзэмжийг сэргээх
- Гудамж, зам талбайн хог хаягдал, ногоон байгууламжийн шар өвс, хатсан шарилж ургамлыг цэвэрлэж ачуулах
- Айл өрх, аж ахуй нэгж байгууллагын хог хаягдлын ачилтыг эрчимжүүлэх
- Гудамж талбайн үүсмэл хогийн цэгүүдийг ачиж цэвэрлэх
- Сандал, хогийн сав, хайс хашлага, замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн шон, хөшөө баримлыг угаах, засварлах
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах, өнгө үзэмжийг сэргээж засварлах ажлуудыг гүйцэтгэнэ.
Эх сурвалж: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА