Д.Амартүвшин: Шүүх Либертари намыг сонгуулиас өмнө бүртгэхгүй гэж тайлбарлалаа
Улс төрийн намыг шинээр бүртгүүлэх өргөдлийг хүлээж авах хугацааг 2024 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгосон талаар Улсын Дээд шүүх өчигдөр мэдээлсэн юм.
Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10 дахь хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалт болохоос 90 хоногийн дотор намыг бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүх хүлээн авахгүй бөгөөд энэ хуулийн 12.1, 13.1, 14.1-д заасан хугацаа түдгэлзэнэ” гэж заасны дагуу улс төрийн намыг бүртгүүлэх өргөдлийг хүлээж авах хугацаа 2024 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгосон байна.
Либертари намыг үүсгэн байгуулагч Д.Амартүвшин намын бүртгэлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Улсын Дээд шүүх өнгөрсөн оны аравдугаар сарын 24-ний хуралданаар Либертари намыг бүртгэх асуудлыг хэлэлцэж, түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм.
Либертари намыг үүсгэн байгуулагч Д.Амартүвшин:
-Улсын Дээд шүүхээс өчигдөр дуудлаа. Очоод уулзахад, Либертари намыг сонгуулийн дараа бүртгэнэ. Сонгууль хүртэл бүртгэх боломжгүй, түдгэлзүүлж байна гэдэг хариу хэллээ. Бид 2023 оны аравдугаар сараас хойш бүртгүүлэх гээд материалаа шүүхэд хэд хэдэн удаа өглөө. Ер нь манай намыг бүртгэх хүсэл сонирхол байхгүй байх шиг байна. Шүүх 801-ээс их болон багагүй гишүүний гарын үсэг зурж авчир гэж буцаагаад л. Тэгээд 801 гишүүний гарын үсэгтэй болгоод очихоор хүмүүсийн РД буруу байна, хаягийн зөрчилтэй байна гэдэг ч юм уу багахан юмаар шалтаглаад буцаасаар хавар болгосон.
Хүсэлтээ дахиад өгсөн чинь танай намын бүртгэлийн асуудлыг сонгуулийн дараа хэлэлцэнэ гэдэг харамсалтай хариуг өглөө. Бид маш их харамсаж байна. Сонгуулийн дараа ямар нэгэн байдлаар заавал бүртгүүлнэ. Сонгуулийн өмнө Либертари намыг бүртгэхгүй гэж байна гэв.