ДАШВААНЖИЛД ХИЙСЭН ШАЛГАЛТААР ОЛОН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд газын дэлбэрэлт болсонтой холбоотойгоор хэд хэдэн чиглэлээр ажлын хэсэг гарч ажилласан. Энэ талаарх мэдээллийг нэгдүгээрт чиглэл чиглэлээр мэргэлтнүүд хүргэнэ. Хоёрдугаарт, тухайн осолд хоёр жолоочийн аль нь буруутай, дэлбэрэлтийн улмаас хэдий хэмжээний хор хохирол учирсан бэ гэдгийг тогтоохоор цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гараад, шалгаад явж байгаа. Энэ талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгнө гэв.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Уул уурхайн яамны хамтарсан ажлын хэсэг Дашваанжил ХХК-ийн газ буюу аюултай ачаа тээвэрлэж байгаа үйл ажиллагаа, тухайн компанийн хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн. Энэ талаарх мэдээллийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын дарга Нарангарав танилцууллаа.
БЗД-ийн 26 дугаар хороонд нэгдүгээр сарын 24-нд гарсан осолтой холбогдуулан хянал шалгалт хийлээ.
Дашваанжил ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт шалгалт сүүлийн таван жил ороогүй байна.
Дашваанжил ХХК нь 518 ажилтантай. 63 салбар нэгжтэй. Нийслэл Улаанбаатар хот болон 21 аймаг, 30 суманд үйл ажиллагаа явуулдаг. Шингэрүүлсэн хийн түлшийг ОХУ-аас импортлодог. Хэрэглэгчдэд хүргэдэг чиг үүрэгтэй. Хөдөлмөрийн харилцааны хувьд дараах зөрчлүүд илэрлээ.
Тухайлбал, хууль тогтоомж хамтын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулаагүй. Цалин хөлсний журам баталж мөрдүүлээгүй. Хөдөлмөрийн норм норматив баталж мөрдүүлээгүй. Энэ компани Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль журмыг зөрчсөн багагүй зөрчлүүд илэрсэн. 518 ажилтантай томоохон компани нь Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан бүтэц тогтолцоо байхгүй, хариуцсан ажилтангүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуульд ажилтны тооноос үл хамааран эрсдэл өндөртэй салбарт заавал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэнтэй байх ёстой гэж заасан. Энэхүү заалтыг зөрчсөн зөрчил илэрлээ. Дараагийн нэг асуудал хийн түлш эрсдэлтэй салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага нь зайлшгүй ажлын байрандаа эрсдэлийн үнэлгээг хийлгэх ёстой байдаг.
Энэхүү үүргээ биелүүлээгүй зөрчил илэрсэн. Ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй, аюултай ажлын дохио тэмдэг санамж анхааруулга байхгүй. Цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй гэх зэрэг зөрчлүүд илэрсэн.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажилтны амь нас, эрүүл мэндийг 36 сар ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний төгрөгөөр заавал даатгуулах ёстой. Энэхүү даатгалыг бас хийлгээгүй. Дотоод хяналт шалгалтыг огт хийдэггүй гэсэн дүгнэлт, санал гомдлыг шалгалтаар ирүүлсэн. Эрүүл ахуйн талаас ажил олгогч заавал ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийлгэх ёстой байдаг. Гэтэл ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг хийлгээгүй, ажилтнуудыг эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамруулаагүй. Ажлын хувцас хамгаалах хэрэгслээр хангаагүй гэх мэт зөрчил илэрсэн. Үүнд шалгалтын багийнхан торгуулийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн нөхөн төлбөр тавьж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.