ЦЕГ: Эрэн сурвалжилж байсан 20 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олов
Цагдаагийн байгууллага долоо хоногт дунджаар 35-38 мянган хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 600-700 хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлэн ажилладаг.
Өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжилж байсан 20 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн 47 этгээд, сураггүй алга болсон 36 хүн, шүүхээс даалгасан хүн 60, зөрчил үйлдсэн 16 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоожээ.
Түүнчлэн Зөрчлийн шинжтэй 82 мянган үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэрлэсэн байна.
Цагдаагийн байгууллагад хоногт ирж буй дуудлага мэдээллээс харахад, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 88, эрүүлжүүлэхэд саатуулагдсан хүний тоо 100, нэгнийгээ гэмтээсэн дуудлага 64 бүртгэгджээ. Үүнээс гадна хоногтоо гэмт хэргийн шинжтэй 110 дуудлага, зөрчлийн шинжтэй 1600, хулгайлах гэмт хэргийн 22, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 дуудлага тус тус ирсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийн цаана хүний эрх, аюулгүй байдлыг хангах, хэрэг, дуудлага мэдээллийг шуурхай шийдвэрлэхийг цагдаагийн албан хаагчид зорин ажиллаж байна.
Эх сурвалж: ЦЕГ