Н.Наранбаатар: Малчдын зээлийг тэглэх эс бөгөөс талыг нь төрөөс төлж өгч болдоггүй юм уу
Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, “Энэ жил сүүлийн 30-аад жил тохиогоогүй хүнд өвөл тохиолоо. Тойрогтоо ажиллаад ирэхэд малчдын хамгийн их асууж байгаа зүйл бол зээлийн тухай асуудал байна. Зээлийг тэглэдэггүй юм гэхэд төрөөс тал хагасыг нь төлөх боломжгүй юу. Мөн малжуулах төслийг яаж явуулах гэж байна вэ? Засгийн газраас малчдад зээл олгоход барьцаа хөрөнгөгүй бол үүнийг зохицуулах арга байна уу. Залуу малчдыг дэмжих болон түүхий эдийг үнэд хүргэх талаар ямар ажил хийх вэ. Түүнчлэн малын эмч, зоо техникч нарыг яаж дэмжиж ажиллах вэ” гэлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “Өмнөх жилүүдтэй харьцуулахад их хүнд өвөл болж байна. Олон улсын байгууллагын урьдчилсан дүгнэлтээр энэ жил 16-18 сая толгой мал хорогдох эрсдэлтэй гэж үзсэн. Тиймээс Засгийн газраас энэ оны нэгдүгээр сараас эхлээд малчдад тулгамдсан асуудалд дэмжлэг үзүүлж ирсэн. Цаг уурын өөрчлөлтийг уламжлалт мал аж ахуй давахад бэрх болж байна. Үүнийг даван туулахын тулд уг хуулийг өргөн барьж байгаа. Энэ хуулинд залуу малчдыг дэмжих, түүхийн эдийн үнийг нэмэгдүүлэх, махаа борлуулах, ченжийн тогтолцоог халахын тулд тодорхой хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж ажиллах шаардлага тулгарч байгаа. Энэ хүрээнд хоёр асуудлыг хийхээр төлөвлөж байна. нэгдүгээрт малчид нийлж, сайн дурын хоршоо байгуулах, байгуулагдаж байгаа хоршоондоо хөрөнгө оруулалтын хөнгөлөттэй зээлийг авч бүтээгдэхүүн гаргах боломжийг нээж өгнө. Энэ хүрээнд нэмүү өртөг шингээх зорилгоор олон төрлийн анхан шатны аж ахуй эрхлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газрын зүгээс үзэж байгаа. Хоёрдугаарт, малчдын зээлтэй холбоотой асуудал яригдаж байна. Малчдын зээлийн төлөх хугацааг нэг жилээр хойшлуулах, нэг жилийн хугацаанд хуримтлагдсан хүүгийн зардлын 75 хувийг улсын төсвөөс төлөх шийдвэрийг гаргаж, арилжааны банкуудтай хамтарсан үйл ажиллагаа явуулж эхэлсэн” гэв.