А.Ундраа: Ногоон барилга, сэргээгдэх эрчим хүчийг “уях” Ажлын хэсэг байгууллаа
-Ногоон барилга нь цэвэр амьдрах орчин, амьдралын чанарт нөлөөлдөг тул эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах боломжтой-
Монголын Ногоон барилгын хүрээлэнгийн ерөнхийлөгч А.Ундраатай ярилцлаа.
-“Ногоон барилга ба Сэргээгдэх эрчим хүч” хэмээх үндэсний хэмжээний хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг гол зохион байгуулагч нь таны удирддаг Ногоон барилгын хүрээлэн. Хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өгөөч?
-Монголын Ногоон барилгын хүрээлэн Барилгын хөгжлийн төвтэй хамтран “Ногоон барилга ба Сэргээгдэх эрчим хүч” хэмээх үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Бидний эхэнд хүлээсэн үүрэг бол ногоон барилга гэж юуг хэлэх вэ гэх шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлах, түүнийг хэрхэн баталгаажуулах аргачлалыг тодорхойлох буюу ногоон барилгын үнэлгээний систем боловсруулах ажлыг хийх байсан. Энэ хүрээнд ногоон барилга гэдэг үзүүлэлтийг амины орон сууц (хялбаршуулсан) болон олон давхар барилга, үйлдвэр (дэлгэрэнгүй) гэсэн ангиллаар хийж байгаа. Аль ч ангилал дотор нь байгаа нэг үзүүлэлт нь цэвэр эрчим хүчний эх үүсвэр буюу сэргээгдэх эрчим хүч.
Тэр утгаараа бид сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн ногоон болон бусад барилга, байгууламжид ашиглах болох вэ гэдгийг анхаарч үзэх ёстой болж буй юм. Энэ хоёр хэрэгцээний огтлолцол дээр тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Барилгын хөгжлийн төв, цахилгаан, дулааны инженерүүд оролцон өргөн цар хүрээтэй болж байна.
-Хэлэлцүүлэг бүхнээр тухайн хэлэлцэж буй асуудлаар нэг алхам урагшлахыг эрмэлздэг. Энэхүү хэлэлцүүлгээр ямар үр дүнд хүрэхээр зорьж байгаа вэ?
-Манай улсад дутагдалтай байдаг нэг зүйл бол салбар хоорондын уялдаа. Аливаа нэг ажилд олон салбарын шийдвэр нэгэн зэрэг гарч, нэг долгионд таарах явдал нь ховор байдаг. Салбар хоорондын уялдаа холбоо муугаас аливаа ажил нэг газраа гацах нь түгээмэл. Тиймээс салбаруудын уялдаа холбоог сайжруулах нь чухал юм.
Ямартаа ч хэлэлцүүлгээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг зөв зохистой болгох тарифын зохицуулалтын асуудал, энэ нь цаашдаа ногоон барилгын ажилд хэрхэн хэрэглэгдэх, түүнээс улбаалж агаарын бохирдол яаж буурах, тэр нь эргээд хэрэглэгчид ямар ашигтай болох, хэрэглэгч үүний эдийн засгийн үр ашгийг хэрхэн хүртэх юм гэдэг эдгээр асуудлуудыг олон талаас нь авч үзэж байна. Энэ бүхнийг өнөөдөр ганцхан ярилцаад өнгөрөх биш, уялдаа холбоог нь нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулж байна. Уг Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд, Эрчим хүчний яамны дэд сайд ахална.
-Ажлын хэсэгт өөр ямар байгууллагууд орж ажиллах вэ?
-Ажлын хэсэгт тэргүүлэх инженерүүд болон хувийн секторууд багтана. Монголын ногоон барилгын хүрээлэн ч мөн байгууллагынхаа хувьд нэг гишүүн нь болоод явна. Харин салбар яамдууд “жолооч” нь болж түүчээлж явах юм.
Аливаа зүйлийг шүүмжлэх амархан, гагцхүү шийдлээ хамт гаргаж ирнэ гэдэг хамгийн чухал зүйл юм. Шүүмжлэх, мэтгэлцэх, шийдэл хайх, эрэлхийлэх, дундын зөв гарцыг нээх зорилготойгоор л уг хамтарсан Ажлын хэсгийг байгуулж байна гэж ойлгож байгаа.
-Таныг Монголын ногоон барилгын хүрээлэнгийн ерөнхийлөгчөөр томилогдсоноосоо хойш уг хүрээлэнгийн үйл ажиллагааг олны анхаарлын төвд оруулж чадаж байна гэж харж байгаа. Хүрээлэнгийн цаашдын зорилго, зорилтын тухай хуваалцаач?
–Монголын ногоон барилгын хүрээлэнгийн ерөнхийлөгчөөр томилогдоод хоёр жил орчим болж байна. Энэ нь шинэ байгууллага биш. Манай нэр хүндтэй архитектур, мэргэжлийн туршлагатай бизнесийн лидерүүд оролцоотой явж ирсэн. Магадгүй өмнө нь ажиллаж байсан хүмүүсийг ногоон барилгын үнэлгээний системийг боловсруулаад явж байх үед цаг үеийн тухайд Монгол Улсын хувьд арай эрт байсан байх. Түүнээс болоод бодлогын шийдвэрүүд зохих шатандаа гараагүй. Одоо үед бол яах аргагүй л агаар, хөрсний бохирдол, цаашлаад дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага ногоон зарчмаар барилга, байшинг барьж байгуулахаас өөр гарцгүй байдалд байна.
Монголын ногоон барилгын хүрээлэнгийн хувьд олон нийтэд нээлттэй цуврал семинарууд зохион байгуулдаг. Миний хувьд маш их ач холбогдол өгч байгаа болоод л их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд онцгойлон анхаарч эхэллээ гэж харж байгаа. Бид инженер, техник, шинжлэх ухааны ажилтан, мэргэжилтнүүд бэлддэг Монгол Улсын Их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Герман, Монголын технологийн их сургуулиудтай хамтран ажиллаж байна. Түүнчлэн Шинэ Монгол дээд сургууль дээр Ногоон барилга гээд мэргэжлийн хөтөлбөр зохиосон байсан. Энэ мэтээр төр, хувийн хэвшлийн аль ч сургууль, ямар ч шатны оюутан, судлаачид энэ асуудалд орж байж бид нөөц бололцоогоо бүрдүүлнэ. Хүрээлэнгийн хийж байгаа нэг чухал ажил нь олон нийт, тэр дундаа хүний нөөцийн асуудалд анхаарч буй явдал юм.
Цаашдаа жендерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагатай түншилье гэж бодож байгаа. Учир нь ногоон барилга нь цэвэр амьдрах орчин, амьдралын чанарт нөлөөлдөг тул эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах боломжтой. Тиймээс жендерийн тэгш эрхийн төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах нь үр өгөөжтэй гэж бодож байгаа.