“Номын хишиг” компани болон Тэнгэр ТВ-ийн үл хөдлөх хөрөнгийн маргааны талаар мэдээллээ
“Номын хишиг” компанийн төлөөлөгч Г.Аззаяа, өмгөөлөгч Б.Будсүрэн нар өнөөдөр Тэнгэр ТВ-ийн хооронд үүссэн үл хөдлөх хөрөнгийн маргааны талаар мэдээлэл хийлээ.
Тэдний хэлж буйгаар “Номын хишиг” компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн мэдэлд байх “Промедиа нетворк” буюу “Тэнгэр ТВ” нь “Номын хишиг” компанийн 2,000 м.кв үл хөдлөх хөрөнгийн хоёрдугаар давхрын 1,000 м.кв талбайд хоёр жил гаруйн хугацаанд хууль бусаар үйл ажиллагаагаа явуулсан гэв.
“Ард санхүүгийн нэгдэл” ХК нь “Номын хишиг” компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч байлаа гээд компанийн өмчлөлийг дураараа захиран зарцуулах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй
Тодруулбал “Ард санхүүгийн нэгдэл” ХК нь энэхүү байрыг 2014-2022 оныг хүртэл түрээслэн үйл ажиллагаа явуулж байх үедээ Тэнгэр ТВ-ийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр оруулсныг мэдээд “Номын хишиг” компаниас удаа дараа мэдэгдэл өгсөн ч үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөөгүй учир шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргасан байна.
Мөн “Ард санхүүгийн нэгдэл” ХК болон “Номын хишиг” компанийн хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ нь дуусгавар болсныг анхан шатны шүүхээр тогтоохоос гадна өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдийг тухайн үл хөдлөх хөрөнгийн байранд оруулсан гэдэг үндэслэлээр хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэдгийг ч тогтоосон гэв.
Мөн албадан чөлөөлөх ажиллагааг явуулсан ч тодорхойгүй үндэслэлээр ажиллагааг гацааж, зогсоосон нь дээд шатны удирдлагуудтай холбоотой гэж хардаж байна гэлээ.
Өмгөөлөгч Б.Будсүрэн “Ард санхүүгийн нэгдэл” ХК нь “Номын хишиг” компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч байлаа гээд компанийн өмчлөлийг дураараа захиран зарцуулах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй” гэсэн юм.