Эрэгтэйчүүдэд хоёр, эмэгтэйчүүдэд нэг боломж үлдлээ
Сагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрхийн тэмцээн Хонгконгт болж өндөрлөлөө. Манай улсын эрэгтэй, эмэгтэй баг чансаагаараа тус тэмцээнд оролцсон ч эхний боломжоо ашиглаж чадсангүй. Эрэгтэйчүүд “В” хэсэгт багтахдаа эхний тоглолтдоо Латвийн шигшээд 16:21-ээр хожигдсон.
Тэд үлдсэн хоёр тоглолтдоо хожиход хэсгээс шалгарах байлаа. Гэвч тийм зүйл болсонгүй. Египетэд 20:18-аар, Шинэ Зеландад 12:10-аар хожигдсоноор хэсэгтээ нэг ч хожил авч чадалгүй тэмцээнээ дуусгав. Сүүлийн хоёр багт манай залуус нэмэлт цаг буюу алтан оноогоор хожигдсон юм. Үндсэн цагт тэнцээгээр дууссан тоглолтод хэн түрүүлж хоёр оноо авсан нь хождог дүрэм 3х3-т үйлчилдэг. Тэгвэл манай залуус сүүлийн хоёр тоглолтдоо хоёуланд нь нэмэлт цагт хожигдсон юм. Харин эмэгтэйчүүд эхлээд Нидерландад 20:7-гоор, дараа нь Азербайжанд 13:12-оор, сүүлийн тоглолтдоо Чилид мөн л хожигдлоо. Ингэснээр хоёр баг хоёулаа эхний боломжоо салхинд хийсгэв. Эрэгтэй, эмэгтэй багийн аль алиных тоглолт болсонгүй. Замбараагүй тоглолт, оновчгүй довтолгоо тэдэнд том сургамж болсон биз. Олимпын эрх олгох эхний тэмцээнээс Латвийн эрэгтэй, Азербайжаны эмэгтэй баг Парисыг зорих тийзээ захиаллаа. Ингэснээр эрэгтэйчүүдээс Латви, Серби, Хятад, АНУ, эмэгтэйчүүдээс Франц, Хятад, Азербайжан АНУ-ын баг олимпын эрхээ өвөртлөөд байна.
Одоо Монголын эрэгтэй багт хоёр, эмэгтэйчүүдэд ганцхан боломж үлдлээ. Тодруулбал, ирэх сарын 3-5-нд Японы Үцүномияд болох олимпын эрхийн тэмцээнд зөвхөн 2023 оны тивийн аваргууд оролцох журамтай. Монголын эрэгтэй шигшээ баг 2023 онд Азийн аварга болж байсан учраас шууд эрхээ авсан юм. Үцүномияд болох тэмцээнд Монголын эрэгтэйчүүд “В” хэсэгт Франц, Япон, Египетийн багтай учраа таарсан. Францтай өмнө нэг таарахдаа хожигдож байсан бол Японыг хожсон. Харин Египетэд хоёр хоногийн өмнө Хонконгийн эрхийн тэмцээнд нэмэлт цагт хожигдсон юм. Энэ удаа даагаа нэхэх боломжтой болж байна. Японы тэмцээнээс Хонгконгийн нэгэн адил зөвхөн түрүүлсэн баг эрхээ авна.
Харин олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа оролцоно. Тус тэмцээн тавдугаар сарын 16-19-нд Унгарын Дебрецен хотод болно. Уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. Манай эмэгтэйчүүд “С” хэсэгт Япон, Египет, Испанитай таарчээ. Тэгвэл эрэгтэйчүүд Японоос эрхээ авч чадахгүй бол Унгарын тэмцээнд “D” хэсэгт Бельги, Польш, Японтой багтсан. Энэ тэмцээн өмнөх хоёроо бодвол багуудад том боломж олгосон. Тодруулбал, эрэгтэй, эмэгтэй тус бүр эхний гурван байрт шалгарсан баг Парисыг зорих сүүлийн тийзээ захиалах юм.