Ц.Элбэгдоржийн “угсарсан” системийн авлига: С.Зоригийн хэрэг, Ч.Сайханбилэг, С.Баярцогтын балаг
-Систем гэж юу вэ?
-“Өөр хоорондоо харилцан холбоотой хэсгүүдийн олонлог”
Монголжуу ухаанаар бол, машин хөдөлж байхын тулд олон хэсэгт эргэх хүрдүүд ажиллаж, нэгнээ харилцан хамааралтайгаар дэмжих явц. Харин бүрдүүлэгч нэгж хэсэг бүрийг дэд систем гэх ба тэдний нэгдлээр жолооны хүрд эргэж, машин хөдөлж байна. Машин хөдлөх нь системийн олонлогийн хүч юм.
Саяхнаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж Монголд авлигын систем угсарсан автор мөн” гэх агуулга хөндөх болсон. Харин Ц.Элбэгдорж түүнийг “…Бас систем гэдэг үг цээжилчихжээ. Наадах чинь коммунист ойлголт” гэж доош хийсэн аяс цухалзуулжээ.
Монголд системийн түвшинд авлигын пирамидыг үнэхээр Ц.Элбэгдорж угсарсан уу.
Ц.Элбэгдорж 1992 оны анхны парламентын сонгуулиас эхэлж, 1996, 2008 онуудад ГУРВАН удаа УИХ-ын гишүүнээр, 1998, 2004 онуудад ХОЁР удаа Ерөнхий сайдаар, 2009, 2013 онуудад ХОЁР удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрбээр өнөөгийн МоАХ-г анхлан үүсгэн байгуулалцаж, АН-ын даргаар ажиллаж, нийгмийн шилжилтийн 30 жилд ер тасралтгүй Монголын улс төрийн тэргүүн магнайд заларсаар иржээ.
Манай томчууд дунд олон удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүс нэлээд бий ч яг Ц.Элбэгдорж шиг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр тус бүр хоёр удаа ажилласан хүн үгүй. Бас П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр нарын Ерөнхийлөгчөөр ажилласан хугацаанд одоогийн яригдаад байгаа МАНАН бүлэглэлийн суурь үүсэж, тодорхой хүрээнд бэхэжсээр байсан ч яг Ц.Элбэгдоржийн үед жинхэнэ оргилдоо хүрч хөгжсөн харагддаг.
Асуулт. Яагаад ингэж харж болох вэ. Системийн авлигыг хамгийн сайн хөгжүүлэхийн тулд:
- Дотоодын хууль, хүчний байгууллагуудыг яг таг атгах,
- Зэрэгцээ орших улс төрийн намын ахлагчтай эрх ашгаа нэгтгэх замаар ойртон нөхөрлөх,
- Төрийн болоод хувийн томоохон бизнесүүдэд нөлөөгөө шигтгэх,
- Дэлхийн улсуудын геополитикийн томоохон тоглогчоор нэрлэгддэг үндэстэн дамнасан корпорациуд орж ирвэл тэдэнтэй эв санаа нэгтгэх,
- Гүйцэтгэх ба хууль тогтоох засаглалыг шууд бусаар удирдах,
- Намуудын парламент дахь бүлгүүдийг хараандаа байлгах зэрэг олон чиглэлд хяналтаа тогтоосон байх шаардлага үүснэ.
Системийн авлига ийм олон салбарыг зэрэг атгаж, хяналтдаа байлгаж, удирдан чиглүүлж байж л хөгжих боломжтой.
Дээрх шинжүүдээр Ц.Элбэгдорж М.Энхболдтой нэгдэх замаар МАНАН-г хүчирхэгжүүлэх, УИХ, Засгийн газар зэрэг инститүцэд өөрсдийн хүмүүсээ шигтгэх, санал хайрцаглах, УДШ-ийн Ерөнхий шүүгч, УЕП, Хууль зүйн сайд, АТГ, ТЕГ-ын даргын албан тушаалуудыг хүслээрээ томилох, ҮХЦ-д нөлөөгөө бэхжүүлэх, “Эрдэнэт үйлдвэр”, Тавантолгойн бүлэг ордод хүчтэй мөнгө эргэлдүүлэх, ҮДК болох “Рио Тинто”-г дэмжих зэргээр маш сайн пирамид бүрдүүлсээр ирсэн нь харагддаг.
Ч.Сайханбилэгээр жишээ авахад,
Ц.Элбэгдоржийн оролцоотойгоор Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж, “утсан хүүхэлдэй” маягийн ЗГ-ын тэргүүнээр түүнийг томилж байв. Үүнд, тухайн үеийн спикер, МАН-ын бүлэг идэвхтэй оролцсон. Ч.Сайханбилэг ЗГ тэргүүлээд Дубайн гэрээ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүй байх хоёр үндсэн ажлыг амжуулсан байдаг.
Оролцогчид нь, ҮДК болох Рио Тинто, ОХУ-ын төрийн өмчийн агуулга хүртлээ гадагшаа тэлсэн. Дотоодод Дубайн гэрээгээр монголчууд Оюутолгойн төслөөс ногдол ашиг авах хугацаа бүр талийж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг төр давуу эрхээр худалдан авахаас ЗГ-ын хүрээнд татгалзсан юм. Системийн шинжтэй, цөөн хүрээнийхний эрх ашигт үйлчилсэн ийм лоббины хохирогчид нь ард түмэн.
Харин Ц.Элбэгдорж ийм л хоёр ажлыг амжуулахаар Ч.Сайханбилэгээр ЗГ удирдуулж, өнөөх нь эдүгээ эх орондоо ирж чадахгүй, америкт орогнож явна. Мөнхүү Д.Эрдэнэбилэг нарт хамаарах хэрэг шүүхийн шатанд найман жил гацаж байна. Харин тэдний өмчлөлийн асуудлыг ҮХЦ, УДШ зөвшөөрч, уг шийдвэрүүдийг Ц.Элбэгдоржийн томилсон шүүгчид, цэцийн гишүүд гаргалцсаар ирлээ.
“Ойгүй их мөнгөөр авлига өглөө” гэж дуугарч байсан гэгддэг Д.Эрдэнэбилэгийн худалдан авсан “Эрдэнэт үйлдвэр”-ийг Ц.Элбэгдорж “Ерөнхийдөө л нөөц нь дуусаж байгаа, эмчилгээ шаардлагатай уурхай” хэмээн УИХ-ын чуулган дээр зарлаж байв.
Ц.Элбэгдорж төрийн тэргүүний хувиар нэгэн үес “Эрдэнэт үйлдвэр” дээр эрх мэдлээ бэхжүүлж, түүний “хар Отгоо” гэх найз нь тус үйлдвэрийн хамаг мөнгийг “баздаг” байсан нь ч улс төрийн хүрээндээ ил.
Одоогийн МАН-аас УИХ-д сонгогдсон Ц.Сэргэлэн генералын зохион байгуулснаар, Ц.Элбэгдорж зэрлэг гахайн сүргийг нисдэг тэрэгнээс шүршсэн аяллын хамаг зардлыг жишээ нь “хар Отгоо” найз нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаргуулсан гэж ярьцгаадаг. Нэгэн үес тэдэнд ер хууль, шүүх, цагдаа, тагнуул үйлчлэхээ больж, Монголын аль сайхан газарт хаус шилтгээн барьж давхисан ул мөр одоо ч нэлээд нь бий.
Дараа нь С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэгт дэд системүүд хэрхэн олонлог болсон, системээ ачааллаж ирэв гэдгийг харцгаая.
“Муу л бол хойд хар овоохой” гэгчээр эдүгээ Ц.Элбэгдоржийн үүсгэсэн МАНАН бүлэглэлийн хамгийн муу, хууль хүчний дүрээр өнөөдөр Б.Хурцыг нэрлээд байдаг. Гэтэл АТГ, ТЕГ, УЕП, ЦЕГ, УДШ, Хууль зүйн сайд, МАН-ын болоод АН-ын бүлгийн дарга нар, Ерөнхий сайд нар, МАН-ын дарга нарыг бүхэлд нь хамарсан сүлжээ үүсгэж, тодорхой шийдвэр гаргаж байсныг харж болно.
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэх зорилгоор хорих ангид элдэвчилсэн бичлэг ил болоод удсан. Эдүгээ олон улсад тэд хүний эрхийн зөрчлөөр хандахаар Засгийн газрын дэмжлэгтэйгээр ажиллаж байна. Уг агуулгаар олон маргаан дуусашгүй уртаар өрнөдөг.
Гэвч яах аргагүй дээрх дурдсанчлан АТГ, ТЕГ, УЕП, ЦЕГ, УДШ, Хууль зүйн сайд, МАН-ын болоод АН-ын бүлгийн дарга нар, Ерөнхий сайд нар, МАН-ын дарга нарыг бүхэлтгэн хамарсан сүлжээг Ц.Элбэгдоржийн эрх мэдэл, хүсэл дор зангидаж, хэргийг өрнүүлсэн логикийг схемээс харж болно. Эдгээрийг ерөнхийчлөн МАНАН бүлэг гэж нэрлээд буй.
С.Баярцогт. Оюутолгой төслөөс авлига авсан нь үндсэндээ Монголын гурван шатны шүүхээр тогтоогдсон ч УДШ дээр Ц.Элбэгдоржийн томилсон шүүгчид түүнийг цагаатгасан. Хуулийн хамаг томчууд С.Баярцогтын охины хурим дээр хөлөмцүү цуглаад, түүнийг хэрхэн цагаатгахаа тохирсон гэгддэг.
Дээрх кэйсүүдээр дэд системүүд хэрхэн Ц.Элбэгдорж гэх машиныг хөдөлгөхийн тулд олонлогийн нэгдлээр хөдөлж байсныг харуулна. Нэг нь нөгөө талаа ивж, ивсэн талаа өөр нэг зүгээс дэмждэг логик дарааллыг харж болно.
Ц.Элбэгдорж цаг хугацааны хувьд ч, улс төрийн манлайлал, эрх мэдлийн зэргээр ч өөр хоорондоо харилцан хамааралтай олонлог хэсгийн нэгдэл үүсгэх бүрэн боломжтой түүхэн дүрийг өөрөө ингэж бүтээж ирсэн. Ялангуяа системийн авлигыг хамгийн өрөх боломжтой Ерөнхийлөгчийн суудалд тэр найман жил суусан.
Н.Багабанди, П.Очирбат нартай харьцуулахад хуучнаар ЗХУ-д сэтгүүлчээр, баруунд эдийн засагчаар сурсан Ц.Элбэгдорж жигтэйхэн сийрэг толгойтой. Монгол төрийн магнайд нийгмийн шилжилт хийх 30 жилд тасралтгүй заларч, бүхий л инститүц рүү нөлөөгөө оруулж, газрын наймаа, лиценз, өмчүүд рүү халдах зэрэг үйлдлүүд гаргасаар ирснийг хөндөж болно. Хязгааргүй их мөнгөний урсгал тэднийг нэгэн үес асар ихээр хүчирхэгжүүлсэн нь ч үнэн юм.
Эх сурвалж: Eguur.mn