“Гүйцэтгэлээр санхүүждэг болсноор иргэд эм, тариа авахаа больсон”
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргалтай ярилцлаа.
-Улсын төв нэгдүгээр эмнэлэг байгуулагдаад нэгэн зууны түүхийг бүтээжээ. Өнгөрсөн 100 жилийн түүхийг аваад үзвэл Монгол Улсын анагаах ухааны салбарт танай эмнэлгийн оруулсан хувь нэмрийг хэрхэн дүгнэж байна?
-Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн хамт олон 2025 онд түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Ойн хүрээнд олон бүтээч ажлууд хийхэээр төлөвлөсөн. Орчин цагийн анагаах ухаан Монгол Улсад үүсэж хөгжсөн түүх манай эмнэлэг, хамт олонтой салшгүй холбоотой байдаг. Тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын эмч нар анх Монгол Улсад ирж анхны хүн эмнэлгийг байгуулсан үеэс манай эмнэлгийн түүх эхэлдэг. Монгол Улсын анагаах ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж хэлэхэд хэцүү. Хамгийн наад зах нь орчин цагт ямар олон эмнэлэг бий болсон бэ гэдгийг л харахад болно.
Тухайлбал, Гэмтэл согог судлалын үндэсний төв, ХСҮТ, Хавдрын эмнэлэг, ЭХЭМҮТ, Улсын II, III дугаар төв эмнэлэг гэх мэтчилэн монголын томоохон эмнэлгүүд манай эмнэлгийн нэг тасаг нэгж байсан бол өнөөдөр бүгд үйл ажиллагааныхаа чиглэлээр өргөжиж, бие даан хөгжиж байна.
Тэгэхээр Улсын нэгдүгээр төв эмнэлэгээс олон олон эмнэлгүүд салбарлаж, үйл ажиллагаагаа өргөжсөн байна. Монгол Улсад нэвтэрсэн анагаах ухааны бүхий л ололт амжилт, бүтээл манай эмнэлэгтэй салшгүй холбоотой. Монгол Улсын хүн амын эрүүл мэндэд тулгарсан бүхий л өвчин эмгэгийг эмчлэх, оношлох, анагаах чигэлээр манай хамт олон ажиллаж ирсэн. Тийм учраас манай эмнэлэгт ажиллаж байсан, ажиллаж байгаа эмч, сувилагч, ажилтан алба хаагчид нэгэн зууны түүхийн хуудсыг бичилцэж байгаа гэдгээрээ үеийн үед бахархсаар ирсэн. Дэлхийн улс орон бүрд үндэсний бахархал болсон эмнэлгүүд байдаг. Түүний нэгэн адил улсынхаа үндэсний бахархал болсон эмнэлгийн нэг нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг ойлгож болно. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Монгол Улсын анагаах ухаанд оруулсан хувь нэмэр асар их.
“НЭГДҮГЭЭР ЭМНЭЛГИЙН МОНГОЛ УЛСЫН АНАГААХ УХААНД ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР АСАР ИХ”
-Зуун жилийн өмнө Монгол Улсын эрүүл мэнд, анагаах ухааны салбарт ажиллах хүний нөөц дутагдалтай байсан байх. Өнгөрсөн хугацаанд хүний нөөцөө чадавхжуулах, ур чадварыг нь дээшлүүлэх, гадаад дотоод боловсрол эзэмшүүлэх чиглэлд яаж анхаарч ажиллав. Өнөөдөр хичнээн хүн танай эмнэлгт ажиллаж, эрүүл мэндийн салбарын ачааллаас үүрэлцэж байна?
-Монгол Улс орчин цагийн анагаах ухаан, эрүүл мэндийн салбараа хөгжүүлэхэд чухал бодлого баримтлан ажиллаж байсан нь түүхийн баримтуудаас харагддаг. Тухайлбал, 100 жилийн өмнө үндэсний мэргэжилтэн гэж байгаагүй, ЗХУ-ын эмч мэргэжилтнүүд ирж ажилладаг байсан. Тиймээс үндэсний чадварлаг боловсон хүчин, хүний нөөц бүрдүүлэхийн тулд ЗХУ, Герман зэрэг олон улсад эмч, мэргэжилтнүүдээ сургасан. Цаашлаад эх орондоо эмч, мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч МУИС-д анхны Хүн эмнэлгийн Факультетыг байгуулсан нь үндэсний эмч, мэргэжилтнүүдээ эх орондоо сургах үүд хаалгыг нээсэн. Энэ цаг үеэс эхлэн АШУҮИС болон бусад хувийн сургуулиудад хүний эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, техникч гээд эмнэлгийн бүхий л мэргэжилтнүүдийг өнөөдрийг хүртэл бэлдэж байна.
Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого зарим талаараа алдагдсан гэж манай салбарынхан үздэг. Учир нь эрүүл мэндийн салбарт ажиллах эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн тоо харилцан адилгүй байгаа нь доголдол үүсгэж байна.
Өндөр хөгжилтэй орнуудад эмч сувилагч 3:1-ийн харьцаатай байдаг бол манай улсад 2:1 гэсэн үзүүлэлтэд ч хүрэхгүй байна.Зарим сумын эмнэлэгт эмчийн тоо сувилагчийнхаа тооноос илүү байна. Энэ бол хүний нөөцийн бодлого төдийлөн сайн оновчтой явж чадахгүй байгааг харуулж байна. Тиймээс Боловсролын яам, ЭМЯ хамтарч хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх оновчтой бодлого гаргах нь чухал. Одоогийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 1000 гаруй ажилтан, алба хаагч ажиллаж байна.
“ШАТЛАЛ АЛГАСЧ ҮЙЛЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛСОН НЬ ЭРГЭЭД ЭМНЭЛГИЙН АЧААЛЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА”
-Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байгаа хувийн эмнэлгүүдийн тоо нэмэгдэж байна. Хувийн эмнэлгийг улсын эмнэлэгтэй харьцуулахад цалин хөлс, ажиллах орчин нөхцөл сайн байгаа учраас хүний нөөцөө тогтоож барихад хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна уу?
-Хүний нөөцөө тогтоон барихын тулд олон талаар хичээж байна. Өмнө нь ажилчдын цалинг төрийн үйлчилгээний цалингийн шатлалаас дээш гаргаж болдоггүй байсан учраас цалинг тодорхой хувиар нэмэхийн тулд харилцаа хандлагын доголдол гаргаагүй ажилтанд 30 хувийн нэмэгдэл олгож байсан. Харин гүйцэтгэлийн санхүүжилт олгодог болсноор цалингийн доод шатлалыг тогтоогоод өгчихсөн учраас үндсэн цалингаа нэмэх боломжтой болсон. Тиймээс 2022 онд ажилчдынхаа үндсэн цалинг 50 хувь хүртэл нэмж чадсан. Үндсэн цалин нэмэгдэхээр илүү цаг, зэргийн нэмэгдэл, ажилласан жилийн нэмэгдлүүд дагаад өсч байна. Манай эмнэлэг намайг анх захирлаар томилогдож байх үед жилдээ 14 тэрбум төгрөгийн цалингийн төсөвтэй байсан бол энэ жил бол 28 тэрбум төгрөг болж өссөн. Энэ бол ажилчдаа тогтоох, хүний нөөцөө бэхжүүлэх, урамшууллаа нэмэх бодлого баримталж ажиллаж байгаагийн нэг илэрхийлэл. Мөн өнгөрсөн жил манай байгууллага тодорхой хэмжээгээр ашигтай ажилласан учраас гүйцэтгэлийн санхүүжилтээр олсон орлогоосоо 30 хүнд орон сууцны урьдчилгаа 30 сая төгрөгийн урамшуулал олгож нийгмийн асуудлыг нь шийдвэрлэсэн.
Түүнчлэн 2019 онд сайн ажилласан ажилчиддаа 1,2 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон бол, 2022 онд 3,5 тэрбум төгрөг, энэ жил 1,5 тэрбум төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон байна.
Нэг ёсондоо ажилчдынхаа нийгмийн байдлыг тодорхой хэмжээгээр дээшлүүлэхийг хичээж байгаа ч инфляци өндөр байгаагаас үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь цалингийн нэмэгдэл ажилчидад бодитой тусахгүй байна. Хоёрдугаарт, эмнэлгийн төсөв нэмэгдэхийн хэрээр үйлчилгээгээ сайжруулахад анхаарч байна. Өмнө нь зарим иргэд эмнэлэгт хэвтэхдээ зарим төрлийн эм, тариа, эмнэлгийн хэрэгслийг гаднаас худалдаж авдаг байсан бол өнгөрсөн жилээс эхлээд гаднаас эм тариа авахуулахаа больсон. Түүнчлэн шархны лент, дэвсдэг памперс, бинт гэх мэтчилэн ахуйн хэрэглээний зүйлийг ч 100 хувь эмнэлгээс хангадаг байхыг хичээж байна.Өөрөөр хэлбэл, эмчилгээ үйлчилгээний чанар аюулгүй байдалд нэлээн том ахиц, дэвшил гарсан.
-Иргэд улсын томоохон эмнэлгүүдэд үзүүлэх цаг авах хүндрэлтэй, ачаалал их байгаа талаар шүүмжилдэг. Танай эмнэлгийн ачаалал хэр их байна?
-Үнэнийг хэлэхэд манай эмнэлгийн ачаалал маш их байдаг. Монгол Улсын эмнэл зүйн, анагаах ухааны хамгийн том ачааллыг нуруундаа үүрч яваа эмнэлэг гэж хэлж болно. Манай эмнэлэг улсын хэмжээний 16 төрлөөр лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, бусад эмнэлгүүд оношилж, эмчилж чадахгүй байгаа иргэд манай эмнэлэгт ирдэг гэсэн үг шүү дээ. Гэхдээ ачаалал бол харьцангуй ойлголт. Зарим тасаг нэгжүүд дээр хэвтэх орны хүлээгдэл 2-3 сарын хугацаатай байдаг бол зарим тасаг нэгжийн ачаалал бага учраас тухайн өдөртөө хэвтэн эмчлүүлэх ч тохиолдол бий. Тэгэхээр ачааллын хувьд тухайн тасаг нэгжийн зохион байгуулалтаас хамаардаг. Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээний системд 13-ын А маягт үйлчилдэг байсан. Энэ ямар учиртай маягт байсан гэхээр тухайн иргэн ямар нэгэн байдлаар өвдсөн тохиолдолд сум, хорооныхоо анхан шатны эмнэлэгт хандаж үзүүлэх ёстой. Хэрэв анхан шатны эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлж чадахгүй бол дараагийн шатлалын буюу аймаг, дүүргийн эмнэлэгтээ ханддаг. Тэнд эмчлэх боломжгүй бол лавлагаа шатлал буюу улсын төв эмнэлгүүдэд ханддаг тогтолцоо байсан. Гэтэл энэ жилийн хувьд гүйцэтгэлийн санхүүжилт ЭМД-ын систем өөрчлөгдсөнтэй холбоотой 13-ын А маягтыг санхүүжилтэй нь уяж өгсөн. Өөрөөр хэлбэл 13-ын А маягттай иргэд лавлагаа шатны эмнэлгүүдээс тусламж үйлчилгээ авч, түүн дээр нь үндэслэж ЭМД-ын сангаас санхүүжилт олгодог болсон. Өмнө нь 13-ын А маягт нэр төдий байсан гэж хэлж болно. Тус маягтыг авахыг хүссэн хэн бүхэнд бичээд өгчихдөг байсан бол санхүүжилттэй нь уяж өгснөөр дүүргийн эмнэлгүүд ч иргэддээ үйлчилгээ үзүүлж, санхүүжилтээ авахыг эрмэлздэг болсон. Тиймээс 13-ын А маягтыг хүн бүрд бичиж өгөхөө больсон. Тухайлбал, манай эмнэлэг өмнө нь бүх иргэдээс тус маягтыг шаарддаггүй байсан бүх хүнээс шаарддаг болсон. Энэ байдал нь эргээд иргэд, үйлчлүүлэгчдийн хувьд багахан хүндрэл, чирэгдэл үүсгэсэн.
Үүнээс үүдэн иргэдээс шүүмжлэл их дагуулсан учраас Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр 13-ын А маягтыг цуцалсан. Тиймээс одоо манай эмнэлгээр үйлчлүүлэхийг хүссэн хэн бүхэн шатлал алгасаад үйлчлүүлэх боломжтой болсон нь эргээд эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж байна.
Аймаг, дүүргийн эмнэлгүүдэд үзүүлээд тэндээ эмчилгээ үйлчилгээ авах боломж байсаар байтал манай эмнэлэгт ирж ачаалал, төвлөрөл үүсгэж байна. Тиймээс ЭМДС-аас дүүргийн эмнэлэг болон улсын нэгдсэн эмнэлгийн санхүүжилтийг өөр дүнгээр тооцож шатлал, шатлалын эмнэлгээр үзүүлдэг байх тогтолцоо бүрдүүлэхийг хичээж байна. Ер нь хүн аливаа шинэчлэлд амархан дасан зохицдоггүй эхлээд заавал шүүмжлэлтэй байдлаар ханддаг. Гэтэл зөв зам руугаа явж байгаа зүйлээсээ ухарсан үйлдэл гаргах тохиолдол сүүлийн жилүүдэд ажиглагдаж байна.
-Та 13-ын А маягт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоонд байх ёстой зүйлийн нэг гэж хэлэх гээд байна уу?
-Ер нь бол 13-ын А маягт дэлхийн аль ч улс орон, эмнэл зүйн практикт байдаг асуудал. Үүний үр дүнд эмнэлгийн ачаалал, төвлөрлийг сааруулж эмнэлгүүд өөр өөрийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Тухайлбал, дэлхийн улс орнуудад яг манай эмнэлэг шиг томоохон эмнэлгүүд улсын хэмжэний хүнд хагалгаа, эмчилгээг үзүүлж, бусад үед эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудаа хийдэг. Гэтэл анагаах ухааны хөгжлийг тодорхойлж явах ёстой байгууллагууд өдөр тутмын ачаалалаа дийлэхгүй байгаа нь гашуун боловч үнэн.
“ДААТГАЛЫН САНГИЙН ХАЛААС НИМГЭН БАЙГАА УЧРААС ХЯНАЛТ ШАЛГАЛТАА ХЭТРҮҮЛЭХ ЗҮЙЛ АНЗААРАГДАЖ БАЙНА”
– Ачаалал их байгаа газар анхаарал сарниж алдаа дутагдал гарах магадлал өндөр байдаг. Эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд зарим талаараа иргэд эргэлздэг болсон. Үүний шалтгааныг юу гэж харж байна?
-Эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний чанар аюулгүй байдал гэдэг маш чухал асуудал. Улсын эмнэлгүүдийн ачаалал их байгаагаас үүдэн алдаа дутагдал гарах магадлал өндөр байдаг. Нэг эмч, нэг сувилагчид оногдох үйлчлүүлэгчийн тоо, ачаалал хэт их байгаа учраас ажлаас халшрах хам шинж, алдаа дутагдал гаргах эрсдэл бий. Зарим улс оронд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, ачаалал, хүртээмж, эдгэрэлтийн хувь гэх мэт мэдээллүүд нь олон нийтэд ил тод байдаг. Иргэд тэдгээр үзүүлэлтүүдийг харьцуулж үзээд сонголт хийх боломж нь нээлттэй байдаг. Тиймээс чанар, аюулгүй байдлын мэдээллийг ил тод болгох, чанар аюулгүй байлдалтай холбоотой алдаа дутагдал гаргахгүй байхыг манай хамт олон зорьж байна. Гэсэн хэдий ч өдөрт олон мянган хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг учраас алдаа дутагдал гарахгүй гэх газар байхгүй. Манай эмнэлгийн хамт олон өнгөрсөн жил чанарын ISO хийж, процессын зураглал хийх ажлыг эхлүүлсэн боловч зарим тохиолдолд биднээс шалтгаалахгүй гадны нөлөөлөөс үүдэн эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа, чанар, аюулгүй байдал алдагдахад нөлөөлөх тохиолдол байна. Эмнэлгүүд гүйцэтгэлээр санхүүжиж байгаа учраас ЭМД-ын сангаас санхүүжилт олгохдоо иргэнд хэр зэрэг чанартай үйлчилгээ үзүүлсэн бэ гэдгийг хянаж, шалгасаны үндсэн дээр олгодог болсон. Даатгал бол хяналт. Гүйцэтгэлийн санхүүжилтийг нэвтрүүлсэн нь зөв зүйтэй алхам боловч даатгалын санд хангалттай хэмжээний мөнгө хуримтлагдахгүй байна. Хэдийгээр ЭМД төлж байгаа иргэд олон байгаа ч Монгол Улсын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын даатгалыг тэр чигт нь аваад явах хангалттай хэмжээний мөнгө биш. Өндөр хөгжилтэй орнууд, хөгжингүй орнууд ДНБ-ийхээ дор хаяж долоон хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулж байж, эрүүл мэндийн салбар нь чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлэх суурь нөхцөл нь бүрддэг юм байна. Монгол Улсын хувьд ДНБ-ийхээ 5 хувьд ч хүрэхгүй буюу маш бага мөнгө зарцуулдаг.
Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар эрүүл мэндийн даатгалын сан халаас нимгэн байгаа учраас байгаа жаахан төсвөө хүргэхийн тулд хяналт шалгалтаа хэтрүүлэх зүйл анзаарагдаж байна. Зарим тохиолдолд гарын үсэг дутуу зурсан ч юм уу, эсвэл нэг бичиглэл дутуугаас болоод санхүүжилтийг нь тэглэчихдэг нь эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.
Өнгөрсөн жил гэхэд манай эмнэлэг 3-4 тэрбум төгрөгийн хасалт хийлгэсэн. Нэг талаас биднээс улам хариуцлагатай ажиллахыг, шаардаж байна гэж ойлгож байна. Нөгөө талаас нэгэнт тусламж үйлчилгээг үзүүлчихсэн мөртлөө санхүүжилтээ авч чадахгүй байгаа нь хүндрэлтэй.
–Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд анагаах ухааны салбар эрчимтэй хөгжиж байна. Хөгжлөө дагаад ашиглаж байгаа тоног төхөөрөмж нь бас өөрчлөгдөж байна. Танай эмнэлэг техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлд хэрхэн анхаарч ажиллаж байна?
– Сүүлийн жилүүдэд тоног төхөөрөмжийн шинэчлэлд нэлээн сайн анхаарч ажилласан. Үүний бас нэг томоохон хөшүүрэг нь ковидын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээ болох шиг боллоо.
Учир нь Монгол Улсын анагаах ухаан ямар түвшинд байгаа, цаашид яах ёстой юм бэ гэдэг нь ковидын үе тодорхой харуулсан. Олон улсын эмнэлгүүдэд мөрдөгдөж байгаа чанар, стандарт, техник, тоног төхөөрөмжийн хөгжлөөс Монгол Улс хол хаягдсан байгаа нь харагдсан.
Тэр үеэс хойш эрүүл мэндийн салбарт олон төрлийн шинэчлэл хийгдсэний нэг нь тоног төхөөрөмжийн шинэчлэл байсан. Тухайлбал, манай эмнэлэг тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг түүхэндээ байгаагүй их хэмжээгээр нэмэгдүүлсэн. Дан ганц ЭМЯ-наас ямар нэгэн санхүүжилит, гадна дотны тусламж, дэмжлэг хараад суусангүй. Гүйцэтгэлийн санхүүжилтээр буюу өөрсдийнхөө бий болгосон үр дүнгийнхээ мөнгөөр тоног төхөөрөмжийн шинэчлэлийг тогтмол хийгээд явж байна. Тоног, төхөөрөмжийн шинэчлэлдээ анхаарахгүй бол анагаах ухаанд хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмжүүд үргэлж, хурдацтай шинэчлэгдэж, хөгжиж байна.
“ЭД, ЭС ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВ БАРИХ 140 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТИЙГ УЛСААС ШИЙДВЭРЛЭСЭН”
-Эрүүл мэндийн салбарт цахим шилжилт хэр бодиттой нэвтэрсэн бэ. Үзүүлэх цаг авах, оношилгоо шинжилгээний хариугаа иргэд цахимаар бүрэн авч чадаж байна уу?
-Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбар цахим шилжилт идэвхжиж алхам алхмаар сайжирч байна. Тэгэхдээ гадаадын улс оронтой харьцуулахад цогц байдлаар хараахан нэвтэрч чадаагүй байна.Одоогоор эмийн жорыг цахимаар олгож байна, үзүүлэх цагаа цахимаар захиалж байна, шинжилгээнийхээ хариугаа цахимаар авч байна гэх мэтчилэн нэг үеэ бодвол алхам тутамдаа гарсан ахиц дэвшлүүд бий. Тулгарч байгаа нэг асуудал бол дүүргийн эмнэлэгт үзүүлсэн хүн дараагийн шатлалд үзүүлэхээр дүүргийн эмнэлэгт хийлгэсэн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй дахин шинжилгээнд хамруулах, Монгол Улсад хийсэн шинжилгээг гадаадын улс оронд хүлээн зөвшөөрдөггүйгээс үүдэн зарим нэг хүндрэл үүсэх тохиолдол бий. Тиймээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам, ЭМЯ-тай хамтраад цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил хийгдэж байна. Үүний үр дүнд салбайсан карт цүнхэлж явах шаардлагагүй болсон. Тухайн иргэн зөвшөөрсөн тохиолдолд аль ч эмнэлэгт үзүүлсэн эмч нар тэндээс өвчний түүх, шинжилгээний хариу гэх мэт мэдээллийг нь авах боломжтой болсон. Энэ бол эмч эмнэлгийн ажилчид төдийгүй үйлчлүүлэгчдэд төрийн үйлчилгээг амар хялбар, түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлсэн. Ялангуяа дүрс оношилгооны шинжилгээнүүдийн хувьд өмнө нь том плёнк цаас торонд хийгээд аваад явахаар чанар нь муудчихдаг, заримдаа харагдахаа больчихдог гэдэг ч юм уу хүндэрлүүд байсан. Харин шинжилгээний хариу, дүрс оношилгоог цахимжуулсан нь олон талаар эерэг үр дүн өгсөн.
-Дараагийн 100 жилийн төлөвлөгөө юу байх бол?
-Дараагийн 100 жилд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын анагаах ухааны хөгжилд оруулсан хувь нэмэр,нэр хүндийг алдахгүйн төлөө л улам хичээж, бусад эмнэлгүүдтэйгээ ур чадвараараа өрсөлдөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү чанаржуулж, шинэ технологи, илүү олон инновацууд нэвтрүүлж ажиллахыг зорьж байна.Цаашлаад эмнэлгийн барилга байгууламжаа шинэчлэх асуудал ч яригдана.
Одоо үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийн барилгыг 1971 онд Чехословак улсын тусламжтайгаар барьсан. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байгаа бараг бусад эмнэлгүүдээс хамгийн өндөр насжилттай эмнэлэг. Ашиглалтад ороод 53 жил тийм болсон байна.
Тухайлбал, Японд эмнэлгүүд нь 30 жилийн насжилттай байвал нурааж, шинэчлэн барьдаг. Учир нь 30 жилийн хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт өөрчлөгддөг гэж үздэг учраас барилга байгууламжийг нь ч түүнд тохируулж өөрчилж, шинэчлэх нь зүйтэй гэж үздэг. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн барилга чанартай сайн баригдсан, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж байсан тулдаа өдий зэрэгтэй байна. Энэ жил Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгыг улсын төсвөөс 140 тэрбум төгрөгөөр барихаар шийдвэрлэсэн. Тус эмнэлэг ашиглалтад орсноор дэлхийн өндөр түвшинд хүрсэн орчин үеийн эмнэлэгтэй болох юм.