НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав
Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн шинжлэх ухаан, технологийн өргөн хамтын ажиллагаатай. 2014 оноос эхэлсэн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд нийт таван төгсөлтөөр олон залуусыг сургасан бөгөөд тэдний 19 нь тус дүүрэг дэх ААН-үүдэд үлдэж ажилласан байна.
Тус дүүргийн дарга Морисава Киокото Монгол залуусыг суралцуулж, мэргэшүүлэхдээ мэдээлэл технологийн салбарын мэргэжилтнийг бэлтгэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн айлчлалын хүрээнд дээрх харилцаа улам өргөжин, тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Харин Шинагава дүүргийн ИТХ-ын хувьд нийт 40 төлөөлөгчтэй. Дүүргийн иргэд, аж ахуйн нэгжийн нийтлэг ашиг сонирхлыг дэмжсэн бодлогын шийдвэрийг гаргах, тэр тусмаа Шинагавад буй жижиг дунд үйлдвэрүүд, гарааны компаниудын үйл ажиллагааг дэмжих, бойжуулах чиглэлээр тусгай бодлого хэрэгжүүлэн ажилладаг гэдгийг Шинагава дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи тодотголоо.
TBM LIMEX: Хуванцрыг ангилах, дахин боловсруулах үйлдвэрийг нийслэлд байгуулах сонирхлоо илэрхийлэв
Ж.Батбаясгалан тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн мөн Канагава мужийн Кавасаки хот дахь орчин үеийн технологи бүхий хог дахин боловсруулах үйлдвэр, TBM LIMEX компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйлдвэр нь жилд 40 мянган тонн хуванцрын хаягдлыг цуглуулж, 24 мянган тонныг нь дахин боловсруулах хүчин чадалтай. Нэг цагт 4 тонн хог хаягдлыг ангилан ялгадаг үйлдвэрийн бүх процесс бүрэн автомажсан бөгөөд 24 цаг тасралтгүй ажилладаг. Хог хаягдлаа ялгах, дахивар болон ангилах нь амьдралынх нь өдөр тутмын хэмнэл, соёлын салшгүй нэгэн хэсэг болсон Япон улсад энэ төрлийн үйлдвэрээ бодлогоор дэмждэг бөгөөд үйлдвэрийнхээ ноу хоуг Монгол Улсад нэвтрүүлэх, хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгээ үйлдвэрийн удирдлага хэлж байлаа.
Мөн тус компани цаасны үйлдвэрлэлд “хувьсгал” авчирсан LIMEX-ийн салбар үйлдвэртэй. Ойг хамгаалах, усны хэрэглээг багасгах зорилгоор шохойн чулуунаас цаас гаргаж авсан гэсэн үг. Шохойн чулууны давуу тал нь хаа сайгүй байдаг хэмээн тус компанийн төлөөлөл онцолж байлаа.
Тодруулбал шохойн чулууг полиэтилентэй хольж гаргасан цаасаа “LIMEX” гэж нэрлэжээ. Энэ цаас хөнгөн, хямд, усанд нордоггүй, чанартай, дахин боловсруулах боломжтой гэх мэт давуу талуудтай аж. 2030 он гэхэд энэ цаасны хэрэглээ хоёр дахин өснө гэж үйлдвэрлэгчид нь үзэж байна.“LIMEX” цаасны тухайд модноос гаргаж авдаг цаасыг ирээдүйд бүрэн орлоод зогсохгүй машин, хувцас, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрт ашиглах материал болох аж. Яг энэ төрлийн бизнесээрээ Япон Улс нь АНУ-д 40 гаруй муж, хотуудад 200 гаруй патент бүртгүүлээд байгаагаа энэ үеэр танилцуулсан юм. Япон даяар 10 мянга орчим компани өдөр тутмын үйл ажиллагаандаа LIMEX материалыг ашиглаж хийсэн цаас болон бусад зүйлсийг хэрэглэж байгааг тэрбээр тодотголоо.
Улмаар нийслэлд хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйлдвэр байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мөн уламжилсан юм. Нийслэлийн ИТХ-ын даргад хандан энэ талаар бодлогын хувьд дэмжиж ажиллахыг мөн хүслээ