Шадар сайд С.Амарсайхан ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж байна
Тус ажлын айлчлалын үеэр Шадар сайд С.Амарсайхан Монгол Британийн худалдааны танхимын тэргүүн Жон Грогантай уулзаж Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хот байгуулалт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын олон төсөлд тус улсын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах боломж болон хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааны талаар санал солилцсон юм.
Мөн тэрбээр Монгол Британийн худалдааны танхимаас хоёр орны бизнесийн байгууллагын харилцаа, холбоог бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, худалдааг идэвхжүүлэх чиглэлд идэвхи зүтгэл гарган ажиллаж байгаад талархал илэрхийллээ.
Худалдааны танхимын тэргүүн Жон Гроган Монгол Улс ИБУИНХУ-ын иргэдийг түр хугацаанд визгүй зорчих улсуудын жагсаалтад оруулсан нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих чухал алхам болсонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн түүхэн ой тохиож байна
Монгол Улс Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож буй. Эл түүхэн өдөрт зориулж хүндэтгэлийн хүлээн авалт, Монгол зураачдын болон гэрэл зурагчдын шилдэг бүтээлийн үзэсгэлэнг Лондон хотноо зохион байгууллаа.
Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ-наас зохион байгуулсан уг хүлээн авалтыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Элчин сайд Б.Энхсүх, Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч, Парламентийн гишүүн Д.Кавченски, Лондон хотноо төвтэй Рио Тинто компанийн Зэсгийн группын гүйцэтгэх захирал Б.Болд нар нээж, үг хэлэв.
Энэ үеэр Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, залуу дуучид монгол ардын болон орчин үеийн урлаг, сонгодог урлагийн дээжээс толилуулж, 60 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлтийг хийсэн нь зочдод өндөр сэтгэгдэл төрүүллээ.
Монгол Улс ИБУИНХУ-тай 1963 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа тогтоосноор Британи Улс манай улстай дипломат харилцаа тогтоосон анхны өрнөдийн улс болж байсан түүхтэй юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд (Энэтхэг-Номхон далайн асуудал хариуцсан сайд) Энн-Мари Тревельянтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү уулзалтаар талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, чингэхдээ боловсрол, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Монгол Улсын зүгээс Британи Улсыг Гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш гэж үздэг бөгөөд энэ онд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр талын харилцааны эрх зүйн үндэс улам бүр бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.