С.Баярцогт, Ц.Элбэгдорж, Н.Номтойбаярт очих МАК-ийн $20 сая Р.Базараар дамжсан гэх схемийг шалгаж эхэлжээ
“Баян” гэгддэг Р.Базарыг ЭЦА-наас баривчилсан жинхэнэ шалтгаан юу байв?
Хөшигний ард, МАК Н.Номтойбаярт ноогдол ашиг хүртээх хэлбэрээр шууд мөнгөн шилжүүлэг хийхийг илүүд үзээгүй. Оронд нь Нарийн сухайтаас 20 сая ам.долларын нүүрс гаргаж, Р.Базараар дамжуулан С.Баярцогт, Ц.Элбэгдорж нарт өгч, “угаасан” гэх сэжүүр яригдаж байна.
Уг 20 сая ам.доллар нь ОХУ-аар дамжин, Р.Базарын аав Раднаабазар, түүний төрсөн дүү Р.Базармаа нарын эзэмшдэг Тээвэр хөгжлийн банканд сүүлийн зургаан сарын дотор олон жижиг гүйлгээний дүнд шилжин орсноор хуулийнхны хараанд өртсөн гэх.
Харин Р.Базар уг шилжүүлгүүдийг “Хувьцаагаа худалдсан”, “Хөрөнгө оруулалтын төлбөр орж ирсэн” зэргээр тайлбарласан гэх мэдээлэл байна. 20 сая ам.доллар нь 67.5 тэрбум төгрөгтэй дүйх юм.
Мөн гүйцэтгэх ажиллагааны хүрээнд өчигдөр үүрээр хил орчмын бүсээс 2 сая ам.доллар бэлнээр тээвэрлэсэн автомашин саатуулжээ. Улмаар үүнтэй холбогдуулж, Р.Базарыг хойшлуулашгүйгээр баривчилсан гэгдэв.
Өчигдрийн хувьд Р.Базарын хамаарал бүхий “Алтайн хүдэр”, “Бүрдэл майнинг” компаниуд, Тээвэр хөгжлийн банканд нэгжлэг хийсэн. “Алтайн хүдэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх В.Бат-Эрдэнийг ч мөн саатуулсан юм.
Эндээс,
- МАК өөрийн эзэмшлийн “Нарийн сухайт” ордын нүүрсийг яагаад зүгээр л шууд борлуулж, Н.Номтойбаярт сонгуулийн мөнгө болгож өгөөгүй вэ?
- Урагшаа нүүрсээр гарсан мөнгө ОХУ-аар дамжин, Р.Базарт орж ирсэн бол энэ явцдаа хэрхэн хувирсан бэ?
- МАК С.Баярцогт, Ц.Элбэгдоржийг санхүүжүүллээ гэхэд яагаад Р.Базараар дамжуулсан бэ зэрэг асуултууд үүснэ.
Үүнийг цуглуулсан мэдээллийн хүрээнд схемээр тайлбарлаж үзье.
Ерөнхийлбөл, МАК-ийн эзэмшлийн Нарийн сухайтаас мөнгө нүүрс хэлбэрээр БНХАУ-ын “Чинхуа” группт очсон. Тэндээс Сингапурын “Таурус металс” компани руу “гүйж”, улмаар ОХУ-ын Альфабанканд дамжсан гэх. Улмаар Р.Базарын Тээвэр хөгжлийн банканд зургаан сарын турш, жижиг гүйлгээнүүдээр шилжсэн гэх сэжмийг хуулийн байгууллага шалгаж байна.
Нэг. МАК-ийн Нарийн сухайт орд: Н.Номтойбаярын аав Д.Нямтайширын гэр бүлийн эзэмшил дэх Монголын стратегийн ордуудын нэг юм. Боомтын сэргэлтийн хүрээнд уг ордын нүүрсний экспорт эрс сайжирч буй. МАК нь 2002 онд “Чинхуа МАК Нарийн сухайт” гэдэг хамтарсан компани үүсгэн байгуулжээ. БНХАУ талын компани нь “Чинхуа групп” юм.
Хоёр. Сингапурын “Таурус металс” компани: “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалын трейдерүүдийн нэг. Энэ компанийг “Эрдэнэт”-д зуучлах холболтыг Ц.Мөнх-Оргил гишүүн хийсэн гэгддэг. Мөн эл компанид Монгол талаас С.Баярцогтын нэр ч холбогдон яригдах нь бий.
Гурав. ОХУ-ын Альфабанк: Улсынхаа топ таван банкны нэг бөгөөд голчлон тээвэр хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ банк 2021 оноос эхлэн Р.Базарын Тээвэр хөгжлийн банктай дансны харилцаа тогтоожээ. Энэ талаарх албан мэдээ нь ч байна.
Дөрөв. Монголын Тээвэр хөгжлийн банк: Уг банкны 63.95 хувийг Базарын аав П.Раднаабазар эзэмшдэг. Мөн 2.92 хувийг “Инфрастракчер” ХХК эзэмших бөгөөд энэ нь мөн П.Раднаабазарын компани байна. Мөн ТУЗ-ийн гишүүнээр нь Р.Базарын дүү Р.Базармаа ажиллаж байна.м
Нэг талдаа, МАК шууд Н.Номтойбаярт ноогдол ашиг хуваарилах хэлбэрээр сонгуулийг нь санхүүжүүлбэл улс төр, бизнесийн орчиндоо эрсдэлтэй гэж үзсэн байж болох.
Гэвчиг боомтын сэргэлтээр санхүүгийн үзүүлэлт нь сайжирсан МАК-ийг өнөөдөр улс төр, бизнес, сонгогчдын хүрээндээ Н.Номтойбаярын тэргүүлж орох “Үндэсний эвсэл”-ийг санхүүжүүлнэ гэдгийг ил тод мэдэж байгаа.
Харин С.Баярцогтыг бизнесийн хүрээлэл үүсгэсээр ирсэн Р.Базараар нь дамжуулж санхүүжүүлэх, сонгуульд дэмжих магадлал бол бий. Сүүлийн сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын “үзэлцээн”-ий хүрээнд зарим хяналт, шалгалт хийгдсэнээр энэ сэжмийг атгасан, өчигдрийн саатуулах ажиллагаа болсон гэдэг үндсэндээ тодорхой болоод байна.