Хаан банкны салбарт иргэдийн гүйлгээнд оруулсан мөнгөн тэмдэгтээс 10 ширхэг хуурамч юань илэрчээ. Энэ хэрэгт 2 иргэнийг шалгаж байна
Нэр бүхий арилжааны банкны Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй салбарт иргэдээс гүйлгээнд оруулсан мөнгөн тэмдэгтээс хуурамч гадаад улсын валют илэрсэн байна.
Тодруулбал энэ оны есдүгээр сарын 2, 3-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх Хаан банкны салбараас “БНХАУ-ын хуурамч мөнгөн дэвсгэрт илэрлээ” гэх нийт хоёр дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ.
Иргэн О, Д нар нь тус банкаар үйлчлүүлэх үед дээрх ****** серийн дугаартай 100 юанийн хуурамч мөнгөн тэмдэгт нийт 10 ширхэг илэрсэн үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд арилжааны банк, иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээнэ. Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах:
- Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
- Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв