АСЕАН-ы Бүс нутгийн чуулга уулзалтаас зохион байгуулж буй сургалт эхэллээ
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газрууд хамтран АСЕАН-ы Бүс нутгийн чуулга уулзалт /AРФ/-ын хүрээнд “Хими, биологи, цөмийн болон цацрагийн терроризмын эсрэг хууль эрх зүйн тогтолцооны хэрэгжилтийг бэхжүүлэх” асуудлаарх сургалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад НҮБ-ын Терроризмтой тэмцэх (ТТА) болон Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албад (МБГХТА), Европын Холбооны зүгээс дэмжин оролцож байгаа бөгөөд нийт АРФ /ARF/-ын 16 улсын төлөөлөл оролцож байна. Энэхүү сургалтыг АСЕАН-ы Бүс нутгийн чуулга уулзалтын гишүүн орнууд жил бүр ээлжлэн зохион байгуулдаг ба Монгол Улс 2019 онд зохион байгуулах ээлжтэй байсан ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хойшлоод байсан юм.
АСЕАН-ы Бүс нутгийн чуулга уулзалт нь аюулгүй байдлын төрөл бүрийн асуудал, тэр дундаа хими, биологи, цөмийн болон цацрагийн аюул заналхийлэлтэй холбоотой асуудлаар оролцогчдын хооронд яриа хэлцэл, хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.