БНСУ-ын Кёнсанбүг мужтай байгальд ээлтэй эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллана

0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон БНСУ-ын Кёнсанбүг мужийн захирагч И Чолб Ү нар хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Санамж бичгийн хүрээнд байгальд ээлтэй эрчим хүч нийлүүлэх, ногоон хотыг бий болгох чиглэлээр бүтээн байгуулалт, ашиглалт, түгээлт, техник, ТЭЗҮ-ийн судалгаа боловсруулахаар хамтран ажиллах юм.

Уг санамж бичгийг байгуулснаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор байгальд ээлтэй эрчим хүч нийлүүлэх, шахуургатай цахилгаан станцын бүтээн байгуулалт, тэрбум мод тарих, смарт ферм хөгжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол Улсын барилга, хүнсний үйлдвэрүүдийн ихэнх удирдлагууд БНСУ-д ажиллаж, туршлага судалж, үүнийгээ нутагшуулж буй. Улаанбаатар хот болон Кёнсанбүг мужийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүний нэг нь нийслэлийн төр, захиргааны байгууллагын инженер техникийн ажилтнуудыг тус мужид сургалтад хамруулж, туршлага солилцуулан тодорхой хугацаанд ажиллуулахаар төлөвлөж байна” гэлээ.

БНСУ-ын Кёнсанбүг мужийн захирагч И Чолб Ү:

-Улаанбаатар хотод санамж бичиг байгуулах ажлаар хоёр дахь удаагаа ирлээ. Сэтгэгдэл маш өндөр байна. Манай мужид хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар олон Монгол залуус ирдэг. Ажиллаж байгаа Монгол залуус бүхий л ажилдаа чадварлаг. Үүнийг хараад Монгол залуусаар бахархдаг. Мөн манай муж БНСУ-ын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд томоохон олон компани үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд манай мужийн томоохон компанийн төлөөллүүд оролцож буй. Бидний хамтын ажиллагаа өргөжиж, дахин нэг шат ахина гэдэг итгэлтэй байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *