Жао Жи Чиань: Монголд хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь тал нутаг байдаг
Манай улсад зохион байгуулж буй “Аялал жуулчлалын 7 хоног”-ийн үйл ажиллагаанд гадаад, дотоодын аялал жуулчлалын төлөөлөл мянга гаруй төлөөлөгч, зочид оролцож байна. Тэдний нэг БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Жао Жи Чианий сэтгэгдлийг хуваалцлаа.
Тэрбээр, би БНХАУ-аас аялал жуулчлалын салбарыг төлөөлөн ирж, Монгол Улсын “Аялал жуулчлалын 7 хоног”-ийн үйл ажиллагаанд оролцож байгаадаа их баяртай байна.
Манай улсын Засгийн газраас “Нэг зам-Нэг бүс” гэсэн хөтөлбөр дэвшүүлсэн. Үүгээр дамжуулан бид Монгол Улстай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах их сонирхолтой байгаа. Энэ салбарт цаашид хамтран ажиллах өргөн боломж бидэнд бий.
-Хөрш орны хувьд ч тэр БНХАУ-ын жуулчид Монголд их ирдэг. Тэд Монголоос хамгийн түрүүн юуг сонирхох дуртай байдаг вэ?
-Хятадын жуулчдын хамгийн их очих дуртай газар бол тал нутаг байдаг. Монгол орны байгальтай танилцахыг их хүсдэг. Тиймээс хамгийн түрүүнд хөдөөг л зорьдог. Хоёрт, ард түмний амьдралтай танилцах дуртай. Жишээ нь, малчин айл яаж амьдарч, аж төрж буйг их сонирхдог. Монгол ахуйг өөрийн биеэр мэдрэхийг хүсдэг.
-Хоёр орны Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаанд юу чухал гэж та бүхэн үзэж байна вэ?
-Монгол Улс аялал жуулчлалын салбарыг нэн тэргүүнд тавьж чухалчилж байгаа юм байна. Монгол орон онгон байгалиа хадгалан авч үлдсэнээр олон жуулчин татах боломжтой, жуулчид ч ихээр ирнэ. Мөн хоёр талын аялагч жуулчдын аяллын соёлын түвшинг дээшлүүлж, зүй зохистой аялах тал дээр, ялангуяа үйлчилгээ тал дээр анхаарч ажиллацгаах нь чухал юм.
БНХАУ-ын жуулчдын хувьд тэднийг Монголд ирэхэд аяллын маршрут, чиглэл, үйлчилгээг цахимаар сайн танилцуулж мэдээлэх хэрэгтэй. Мөн Монголын бараа бүтээгдэхүүнийг худалдан авах дуртай байдаг. Ялангуяа ноос, ноолууран бүтээгдэхүүн. Мөн эрчүүд их жуулчилж ирдэг тул ан агнуурын аялал жуулчлал хөгжих боломжтой санагддаг.
Хятадын жуулчдыг Монголд хүлээн авахад хятад хэлтэй хөтөч мэдээж чухал. Иймд БНХАУ-д сурч буй монгол оюутнууд болон Монголдоо хятад хэл сурч буй хүмүүсийг хөтчөөр ажиллуулахад анхаарвал илүү үр дүнтэй байх болов уу. Учир нь, бидний хоорондын ойлголцол их чухал.