НИТХ-ын гишүүд, тэргүүлэгчид нэг хүний үгээр шийдвэр гаргах уу, хуулиа дагах уу

0

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчид яаралтай хуралдаж, хотын дарга Х.Нямбаатарын давхиж очоод байсан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн эмнэлэг сувиллын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх, эмийн үйлдвэрийн байшинг нурааж газрыг чөлөөлж авах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдэх гэж байгаа юм байна.

ИТХ, түүний тэргүүлэгчид ч яахав хотын даргынхаа хэлснээр үг дуугүй ёсчлоод одоо Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа байгаа элэгний эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчил, хураа, нураа гээд шийдвэр гаргаад өгчихдөг юм байж. Гэтэл үүний цаана Монгол Улсын Улсын дээд шүүхийн 2015 онд эцэслэн гаргасан шийдвэр байгааг ИТХ-ын гишүүд, тэргүүлэгчдэд хотын дарга хэлсэн, мэдээлэл өгсөн болов уу гэдэг сонин.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн хөрөнгө оруулалт хийж, үр дүнгээр менежмент хийх хувьчлалын асуудал 2008 онд эхэлсэн бөгөөд 2012 онд үр дүнтэй болсон, гэрээний үүргээ биелүүлсэн. Тиймээс дуусгавар болох ёстой байсан аж. 2012 оноос хойш өнөөг хүртэл шийдээгүй, хөрөнгө оруулалт хийж, үр дүнгийн менежментийн гэрээг хэрэгжүүлсэн тал өдий хүртэл хохирч байгаа талаар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонорт хүрсэн “Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд “Шударгаар явж болохгүй юм байна” гэдэг сөрөг мессеж өгч байгаа кейс” гэсэн нээлттэй ил захидал /http://mminfo.mn/news/view/41102/- д тодорхой дурдагдсан байсан.

Товчоолбол:

-Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг үр дүнг харгалзан менежментээр хувьчлах тендерийг хотоос зарлаж.

-Тэрэнд нь орж өрсөлдөөд Хатанбаатар гэдэг ахлагчтай баг ялж.

-3 жилийн хугацаатай нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй гэрээ байгуулж.

-Явцад нь Нийслэлийн өмчийн харилцааны газар гэдэг байгууллага төлөөлөгч томилж байгаад хянаж.

-3 жил дуусахад аудит гэх мэт холбогдох хяналт шалгалтыг хийгээд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, хөрөнгө оруулсан, үр дүнтэй ажилласан тул дуусгавар болгоод Менежментийн багт шилжүүлэх ёстой гэдэг шийдвэрийг гаргая гэдэг дүгнэлтэд хүрч.

Гэтэл нийслэлийн өмчийн харилцааны газар өмч хувьчлалын комисс руугаа асуудлыг оруулж эцэслэсэн шийдвэр гаргуулалгүй өнөөг хүрсэн байна.

Энэ хооронд Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2014 оны 12 сарын 18-нд гарсан шийдвэрт “… Менежментийн гэрээний үр дүнг үндэслэн хувьчлах тогтоол гаргахыг Нийслэлийн өмч хувьчлалын комисст даалгасугай” гэжээ. Нөгөө тал нь эсэргүүцэж, давж заалдаж, эцэст нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015.05.18-нд гарсан 127 дугаар тогтоолд анхан шатны шүүхийн энэ тогтоол хэвээр үлдсэн байна.

Дээд шүүхээс Менежментийн хувьчлалыг дуусгавар болгохыг Нийслэлийн өмч хувьчлалын комисст даалгасан шийдвэр гарснаас хойш 10 жил өнгөрөхөд Нийслэлийн албан тушаалтнууд хэрэгжүүлээгүй.

Одоо Нийслэлийн өмчийн харилцааны газрынхан болон хотын даргын лайв-уудад Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай огт яригдахгүй байгаа. Тиймээс ИТХ болон тэргүүлэгчдэд энэ талын мэдээлэл байгаа гэдэг эргэлзээтэй.

Олон нийтэд нэг талыг барьсан мэдээлэл баахан өгсний дараа Иргэдийн хурал, түүний тэргүүлэгчид хуралдаж ямар нэгэн шийдвэр гаргах нь.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний тэргүүлэгчид хотын даргын хүссэн шийдвэрийг гаргах уу, хуулиа дагах уу гэдэг сонин асуулт шүү.

Хуулиа дагаагүй, даргын хэлснийг гүйцэтгэснээс болж хэчнээн олон хүн АТГ, Цагдаагийн хаалга татаж, бүр хэрэгтэн болж байгаа билээ дээ. Олон олон. Лавтайяа НИТХ-ын дарга байсан Билэгт, тэргүүлэгч байсан Дуламсүрэн нарын хүмүүс хоригдож, зарим нь одоо насаараа төрийн албанд ажиллах эрхгүй болсон. Одоо Тавантолгойтой холбоотой асуудал дээр ч дарга нарын үгийг шийдвэр болгочихоод шоронд сууж байгаа хүн зөндөө байна.

Эцэст нь, төрийн алба хашиж байгаа хүн, хууль, УДШ-ийн шийдвэр гэх мэт бодитой баримттай юм аа л барьж таарах биз ээ.

Угтаа бол бас улстөрчид биш, хуульд шүүхийн хүчинтэй шийдвэрт найдах нь хожмоо АТГ-ын үүдэнд дуудагдаж суухаас хамгаалах “ерөндөг” ч байж мэдэх юм.

Эх сурвалж: MMINFO.MN

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *