Хайлаастад гарсан ослын талаар өнөөдөр /2024.04.23/ хохирогчдын ар гэрийнхэн мэдээлэл өглөө.
Хохирогчдын ар гэрийнхний зүгээс “Хариуцлагагүй жолоочийн ард авто зам болон хариуцлагагүй жолооны сургалтын асуудал хөндөгдөж байна. Энэ асуудлаас болж олон хүн, бага насны хүүхэд хохирч үлдэж байна. Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн байдлаар холбоо барьж, мэдээлэл өгөөгүй” гэдгийг хэлсэн юм. Осолд өртсөн хүүхдүүдийн ээж “Хүүхдүүдийн биеийн байдал маш хүнд байна. Нэг хүүхэд нь ухаан ороогүй, бусад нь хагалгаанд орсон. Нэг айлын дөрвөн хүүхэд осолд өртсөн. Манай охины есөн настай нэг хүүхэд, хүүгийн 11 настай нэг хүүхэд, манай 16 настай бага хүүхэд, 25 настай охин маань хамт явж байсан юм. Хүүхдүүдийн хичээл тухайн өдрийн 15.45 цагт тараад, эгчтэйгээ тоглоомын талбай руу явсан юм. Тоглоомын талбай руу явж байхдаа замын хажуугаар явдаг юм. Хайлааст орчмын авто зам нь нарийн, осол аваар их гардаг байсан” гэв.
Хохирогчийн найз Г.Шинэтуяа “Эмчтэй нь уулзахад 25 настай найзын маань бие маш хүнд байгааг хэлсэн. Биеийнх нь таван цул эрхтэн бяцралттай, хавирга, сээрний яс нь хугарсан, гар нь хугарсан байдалтай эмнэлэгт ирж, дэлүүг нь хагалгаа хийж авсан. Өчигдөр гурав дахь хагалгаандаа орсон. Дахиад хоёр том хагалгаанд орно гэсэн. Тиймээс миний бие олон нийтийн сүлжээнд лайв хийсэн юм. Хүүхдүүдийн хувьд ч маш хүнд байдалтай байгаа. Бидэнд бас өмгөөлөгч хэрэгтэй байгаа. Доод талын үнэ нь 10-50 сая төгрөгийн үнэтэй байна. Өчигдөр хэвлэлд хандсанаар хоёр өмгөөлөгч холбогдсон.
Манай найз өөрөө ажил хийдэггүй, ах нарынхаа хүүхдүүдийг хардаг байсан. Тэгээд хүүхдийнхээ ангийг сардаа нэг удаа цэвэрлэж, 70 мянган төгрөг авдаг байсан. Ээж, аав нь группт байдаг, айлын хашаа түрээсэлж амьдардаг айл.
Гэнэтийн осол аваарын улмаас энэ айл өрхөд санхүүгийн дарамт үүсч байна. Хэдэн сар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийг хэлж мэдэхгүй байна. Ар гэрийнхний амьдралыг сайжруулах, олон хүний эрүүл мэндийн эмчилгээнд зарцуулах хандивын аяныг эхлүүлнэ. Осол гаргасан жолоочийн зүгээс 16 настай охины ажил явдалд оролцоно гэсэн. Бидэнтэй ирж уулзаж байгаа” гэв.