Бүтэн 20 жил хүлээсэн хүүхэд, залуучуудын соён гэгээрэл эргэн ирлээ
Америкт амьдарч байгаад Монголдоо ирээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээ энгэртээ хатгуулж, төрдөө үнсүүлчихээд буцсан, удалгүй эргэж ирээд 2014 онд “Хязгааргүй” киног дэлгэцэнд гаргаж, шинэлэг сайхан бүтээл туурвичихаад дахиад буцсан И.Нямгаваа гэдэг найруулагч бий. Түүний бусад уран бүтээлүүдээс дурдахад “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу”, “Гэрлэж амжаагүй явна” гээд найруулагч, зохиолч, оролцон тоглогчоор ажилласан гэхээр хүн бүр сайн мэдэхгүй ч Хүүхэд, залуучуудын театрын дарга асан гэвэл их олон хүн мэддэг байсан. Даанч, ганц Хүүхэд, залуучуудын театр маань бүдгэрэн бүдгэрсээр өнөөгийн хүүхэд, залуучуудад мартагдсан юм гэдэг.
Аан, гэхдээ Хүүхэд, залуучуудын театр эргэн ирж, мөдхөн үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байна.
Сануулахад хуучин Хүүхэд, залуучуудын театр нь өнөөгийн “Хүүхдийн 100”-гийн Хаан банкны байранд байдаг байлаа. Шинэ Хүүхэд, залуучуудын театр одоо Сонгино хайрхан дүүргийн V хороо, бүр тодруулбал XXI-р хорооллоор өгсөөд Ханын материалын уулзвараас Баянхошуу руу салж явдаг замд бий. Ард кино театрын барилгыг нурааж буй энэ цаг үед Хүүхэд, залуучуудын театр маань хүүхэд, залуучуудадаа үүд хаалгаа нээхэд бэлэн болж байгаа нь хар бараанаар дүүрсэн энэ нийгэмд гээгээтэй нэгэн сайхан мэдээ боллоо. Аль 1991 оноос хойш шинэчлэх нэрээр зарж эхэлсэн тус театр бууриа сэлгээд 2024 онд ажиллаж эхлэх нь юутай сайхан билээ.
Драмын театрын бөөрөнд байх Хүүхдийн театртай андуурах хэрэггүйг эхлээд сануулъя!
Анх Хүүхдийн төв театр нэрээр 1951 онд 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан ч 1991 оны зах зээлийн түйвээн дундуур багаа бүрдүүлсэн найруулагчийн менежментээр түүний өмчлөлд шилжсэн уг театрын барилга нь Хаан банкны төв байр нэртэй байгаа ч утга агуулга нь замхраад удаж байна, яг л өнөөгийн цирк шиг. Ийнхүү замрах хугацаанд театрын уран бүтээлч 100 гаруй хүн ажил, мэргэжил гэж овоглох нэр ч үгүй, амьжиргаа ч үгүй хаягдаж, гудамжинд гарчээ. Театрын дарга асан И.Нямгаваа нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйн харгайгаар урлагтаа үнэнч явсан ахмад ажилчид өнөөдөр ч тэтгэвэртээ гарч чадахгүй “Яая даа, байз!” гээд толгойгоо чичлэн яваа нь тун харамсмаар. Энэ мэт хор хутгасан, найруулсан, жонхууруулсан, хүний хувь тавилангаар наадсан, эрхэлсэн, даварсан, далдайсан гээд тоочоод байвал барагдахгүй биз.
Ямартай ч Монголын ард түмэн Хүүхэд, залуучуудын театр хэмээх хүүхэд, залуучуудад чиглэсэн нэг чинхүү байгууллагаа дахин сэргээж, 850 хүний багтаамжтай, 110 уран бүтээлчийг ажлын байр, нийгмийн баталгаагаар хангахад бэлэн болсон ажлыг Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар хүлээж аваад нээхэд бэлэн болжээ. Замхраад 20 гаруй жил болсон ажил ийнхүү биелэлээ олж, нүдэнд үзэгдэж, гарт баригдаж, бүр дотор нь тухлан суугаад идэр залуу үеийнхэн соён гэгээрэл өөд хөтлөгдөх боломж бүрдсэн нь юутай аятай!