Б.Энхбаяр: 100 тэрбумын авлигын асуудал тодорхой болсон байхад хуулийнхан таг дүлий байна

0

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх эрх зүйн дүгнэлттэй танилцсан.  Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өгсөн. 

Тэрбээр “Нүүрсчид төрийг, хэвлэлийг, хуулийнханыг, иргэний нийгмийг, өрсөлдөгч намаа хүртэл худалдаж авсан байна. Авлигатай тэмцэхэд манлайлж байгаа хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж хуурай агсамнадаг болтлоо даварсан байна.

Одоо хүртэл тодорхой болчихсон 100 тэрбум төгрөгийн авлигын асуудал нь яригдчихаад байгаа хэрэг дээр хуулийн байгууллага таг дүлий байгаад байна. Авлигачдаас өөрсдөөс нь мөнгө авдаг. Мөнгө авч өрсөлдөгчийг намнах ажил хийж байгаа хүмүүс авлигачид өөрсдөө. Нүүрсний сонсгол дээр анзаарах юм бол маш цөөн тооны хэвлэл мэдээлэл дуугарсан. Иргэний нийгмийн байгууллагыг худалдаж авсан. Хуулийнхныг худалдаж авч байна. Төрийг, өрсөлдөгч намаа худалдаж авч байна. Худалдаж аваагүй юу ч үлдээгүй. Тийм учраас иртэй бяртай байна. Монгол Улсын Ерөнхий сайд МАН-ын дарга жагсаалын үеэр хүчин мөхөсдвөл би ард түмэнтэйгээ нэгдэнэ гэдэг үгийн учиг одоо ойлгогдож байна. Энэ үгэнд хоосон үг байгаагүй, сэтгэл хөдлөл байгаагүй, Авлигатай тэмцэх тэмцэл намын журмын нөхдүүдээсээ эхэлнэ гэдэг үг ч хоосон байгаагүй. Амаргүй гэдгийг өөрөө ойлгож байсан. Миний бие ч гэсэн Ерөнхий сайдын шударг ёсыг тогтоох дээр хуулийн илд нь болно гэдэг үг өөрөө сэтгэлийн хөдлөл байгаагүй юм. Энэ бол ухамсартай ямар тэмцэл явагдах гэж байгаа ямар үр дүнд хүрэх гэж байгаа гэдгийг ойлгосон улс төрийн байр суурь байсан. Тийм учраас Ерөнхий сайдын энэ улстөрийн манлайлал дээр хүч өгч дэмжлэг үзүүлэх үүрэгтэй гэж ухамсарлаж ажиллаж байгаа.

Хуулийн сайдын хувьд байр сууриа тодорхой илэрхийлж байна. Тодорхой хэрэг маргаанд би хөндлөнгөөс оролцохгүй гэдэг. Оролцохгүй гэдэг нь нүдээ таглаад чихээ бөглөөд байгаа хэрэг биш. Тодорхой шалгагдаж байгаа хэрэг дээр нөлөөлөл үзүүлчих гээд байгаа учраас Үндсэн хуульд заасан үндсэн хуулийн зарчмаа баримтлаад байна гэсэн үг. Одоо болтод тодорхой болчихсон 100 тэрбумын авлигын асуудал нь яригдчихаад байгаа хэрэг дээр хуулийнхан таг дүлий байгаад байна. Ард түмнийг тэнэг мунхаг мартдаг гөлөг төөрүүлэх ажиллагаанд автдаг гэж бүү итгэ.

Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой, энэ хэрэгт холбогдсон нийтийн албан тушаалтны шүүх хурлаар орж байгаа хэргийг хаалттай хэлэлцэхгүй гэдэг ийм хуулийн өөрчлөлт ярьж байгаа. Шүүхийн ил тод байдал нээлттэй байдлыг хангах зорилгоор. Энэ бол шударга ёсыг нээлттэй байлгах гэж байна гэсэн үг. Сая жишээлбэл, нүүрсний сонсгол нь ил яваад шүүх хурал нь хаалттай явчихсан. Ингээд олны түмний дунд асуудал хардлага үүсгэчихэж байгаа юм. Юу болсон юм, шүүх дээр гэм буруугийн асуудал дээр ямар нотлох баримтууд яригдсан юм. Нөгөө хүмүүс нь гэмт хэрэг үйлдээгүй, хүн хэлмэгдүүлж байна гээд Төрийн ордоноор шүгэл үлээгээд л хэвлэлийн хурал хийгээд л. Тэр шүүх хурал дээр бол нэн тодорхой нотлогдсон асуудлууд яригдсан учраас ял авсан гэж би ойлгоод байгаа шүү дээ” хэмээн уурласан юм.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Манай Хуульзүйн сайд бол зоригтой, шийдэмгий байгаа юм байна. Мэдээж амаргүй гэдгийг ойлгож байгаа. Ард түмэн бол энэ Засгийн газраас, их хурлаас Авлигатай тэмцэх ажлыг эхлүүлснийг мэдэж байгаа. Эцсийн үр дүнг хүлээж байгаа. Та нар тэмцэж байна авлига хулгай, нүүрс, Хөгжлийн банкны хулгай, ЖДҮ гэж зөндөө ярилаа. Тэгвэл эцсийн үр дүн чинь хаана байна вэ. Хэн ял авч хариуцлага хүлээсэн бэ” гэсэн асуултыг асуусан байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *