“ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР” ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАХ ХУВЬЦААГ БҮРТГЭЛЭЭ
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Газар шим үйлдвэр” ХХК-ийн нийтэд санал болгон гаргах энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Тус компани нь 1999 онд үүсгэн байгуулагдсан, 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний томоохон үйлдвэрлэгч компани бөгөөд даршилсан хүнсний ногооны анхны үйлдвэрийг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Мөн хуралдаанаар нэг хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг, хоёр хувийн хөрөнгө оруулалтын сангийн баримт бичгийн өөрчлөлтийг тус тус бүртгэхээр шийдвэрлэв. Түүнчлэн нэг компанид гадаадын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэх, нэг компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, нэг компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр шийдвэрлэсэн юм.
Даатгалын байгууллагад аудит хийх эрх олгох болон даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээ болон банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид олгохоор тус тус шийдвэрлэв. Мөн хоёр компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх болон нэг компанийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэлээ.