Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Монгол Улс дахь хоригдлын хөдөлмөрийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа”-г танилцууллаа
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Монгол Улс дахь хоригдлын хөдөлмөрийн нөхцөл байдлыг тодорхойлох” судалгааг Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэлээ.
Монгол Улс дахь хоригдлын хөдөлмөр эрхлэлт нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Албадан хөдөлмөрийн тухай” 29, 105 дугаар конвенцод заасан шаардлагад нийцэж буй эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх, хоригдлын хөдөлмөр эрхлэлтийг иж бүрэн судлах зорилготой тус судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээ өнөөдөр /2023.01.25/ боллоо.
Арга хэмжээнд ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид, Комиссын гишүүн Б.Энхболд, УЕП-ын орлогч прокурор М.Чинбат, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Женев дэх төвийн бодлогын судлаач Брелия Габриела, Михайэлло Дэ Кок, Монгол Улс дахь суурин зохицуулагч П.Болормаа, ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга Ч.Нэргүй, ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр, гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч Ч.Алтангэрэл, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судлаач, доктор Р.Оюунбадам ахалсан судалгааны баг, “Ардчилал судлалын хүрээлэн” ТББ-ын судлаач Д.Аюуш ахалсан судалгааны баг болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцсон юм.
Монгол Улсын хэмжээнд 2022 оны долдугаар сарын байдлаар 4053 хоригдол ял эдлэж байгаа бөгөөд уг судалгаанд нээлттэй болон хаалтай дэглэмийн нийт 11 хорих ангийн 1249 хоригдлыг хамруулсан.
Судалгааны үр дүнд 2016 оны хоригдлын хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалд хийсэн судалгааны зөвлөмжийг энэ хугацаанд хэрэгжүүлж, хууль тогтоомжийн зохицуулалтыг шинэчилэн баталсан нь ОУХБ-ын 29, 105 дугаар конвенцод нийцэж байна.
Цаашид дэглэмээс хамааралтай хөдөлмөр зохион байгуулалтын асуудал, сургалт мэдээллийн асуудал, салбар хооронд, байгууллага хоорондын уялдаа холбооны асуудлыг сайжруулах хоригдлын суллахад бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бодлогын хувьд тодорхой болгох хэрэгцээ байна гэж дүгнэв.
Тиймээс ХЭҮК-оос хорих ангиудад ял эдлэж буй хоригдлын хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг бий болгох, хангах, цаашлаад холбогдох хууль, эрх зүйн биелэлтийг хангуулахаар зөвлөмж хүргүүлж хамтран ажиллах болно.