Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2024.04.30/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 15 цаг 34 минутад эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг даргалж, ирц болон хэлэлцэх асуудлын тов, хуулийн төслийн Ажлын хэсгийг танилцуулав.
Энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаад, төслийг тус Байнгын хороонд шилжүүлсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр илтгэв.
Төсөлтэй холбогдуулан Дэд ажлын хэсэг гурван удаа, УИХ-ын даргын 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, асуудлыг хэлэлцжээ. Ажлын хэсгээс Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын зөрүүтэй 15 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс хуулийн төслийн 22 дугаар зүйлд, Засгийн газар хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлтийн ажлын хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх тухай асуудлыг татварын хууль тогтоомжид зааснаар шийдвэрлэх санал гаргасныг, мөн зарчмын зөрүүтэй хоёр саналыг Ажлын хэсэг дэмжсэн хэмээн танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгийн танилцуулгыг сонссоны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-д Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ гэж заасны дагуу Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй томъёоллоор санал гаргах гишүүн байгаа эсэхийг хуралдаан даргалагч лавлаж, Ажлын хэсгийн саналыг зүйл тус бүрээр уншиж, танилцуулаад санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийн зүйл тус бүрийг дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулахаар боллоо.
Харин дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийг үндэслэн Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Л.Энх-Амгалан, Т.Аубакир, Г.Амартүвшин, А.Адъяасүрэн, Х.Ганхуяг нарын бүрэлдэхүүнтэй байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжиж, баталснаар хуралдаан өндөрлөлөө гэж Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.