Г.Оюунболд: Хүүхдийн эсрэг гэмт хэрэг нэмэгдэж байна
Хуульч, судлаач Г.Оюунболдтой хүүдийн эсрэг гэмт хэргийн талаар ярилцлаа.-Хүүхдийн эсрэг гэмт хэрэг жил ирэх бүр нэмэгдэж байна. Ямар шалтгаанаар нэмэгдэж байна гэж үзэж байна вэ?-Хүүхдийн эсрэг гэмт хэрэг хоёр түвшинд нэмэгдэж байна. Нэг нь дунджаас доогуур орлоготой, гэр бүлийн хүчирхийлэл ихтэй нөхцөлд. Гэхдээ энэ зөвхөн ядуугаас хамаарахгүй л дээ. Ямар ч орчинд гэр бүлийн хүчирхийлэл гарна. Энэ бол эрх мэдлийн л ялгаатай байдал. Гэр бүлийн хүчирхийлэл гарч байгаа орчинд хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг. Манай улсад жилд гэр бүлийн хүчирхийллийн 1600 орчим хэрэг шийдэгддэг бөгөөд зөрчил гэхэд л 8000 байна. Нөгөө нь цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байна. Хүүхэд өөрөө фэйсбүүк нээж хэрэглэх боломжтой байна. Харилцаа холбооны зохицуулах болон бусад хууль тогтоомжоор дурын хүн нээх боломжтой. Үүн дээр тодорхой зохицуулалтыг бид хийж чадаагүй байгаа учраас нийт гарч байгаа цахим гэмт хэргийн 30 хувь нь хүүхдийн эсрэг байна. Нас биед хүрсэн хүмүүс хүүхэд юм шиг хуурамч хаяг үүсгэж харьцаад, хүүхдийн итгэлийг олоод нүцгэн зургийг нь авах, дараа нь түүгээрээ сүрдүүлэх, хүчээр бэлгийн харьцаанд орох буюу хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдэх гэмт хэргүүд нэмэгдэж байна.Мөн цахим орчинд хүүхдүүд нэгийгээ гадуурхаж, дээрэлхэж байна. Ирэх 10 жилд Монгол Улсын гэмт хэргийн 30 орчим хувь нь цахим орчинд үйлдэгдэнэ. Жилд 1000 гаруй залилангийн хэрэг гардаг байсан бол одоо 7000 болж өсөөд байна.-Гэмт хэрэг нэмэгдээд байгаа нь хариуцлага сул байгаатай холбоотой юу?-Эрүүгийн хуулийн ялыг нэмснээр гэмт хэрэг багасдаг тохиолдол дэлхийн аль ч оронд байхгүй. Энэ юуг ч шийдэхгүй. Харин ч ялын хэмжээг нэмбэл их ялтай юм байна, тиймээс энэ хэргээ нуугаад байхгүй болгоё. Ул мөрөө устгах зам руу л ордог. Эрүүгийн хуульд тодорхой хэргийн ялыг нэмснээр тэр хэргийн асуудлыг шийдсэн улс хаана ч байхгүй. Бид л сүүлийн 10 жил бүх юмаа Эрүүгийн хууль руу чихээд 10, 20 жилийн ял өгвөл Монгол Улсын гэмт хэрэг байхгүй болчих юм шиг юм яриад байгаа. Гэтэл гэмт хэрэгтэй өөр арга хэрэгслээр тэмцэх ёстой. Урьдчилсан сэргийлээд, тэр хэргээ имэрч, судалж үзэх, техник технологийн шийдлийг ашиглах ёстой. Солонгос, Японд 16 наснаас цахим орчинд нэвтрэх эрхтэй болдог. Үүнийг улс орныхоо хэмжээнд интернэт үйлчилгээ эрхлэгчдээрээ дамжуулаад шийдчихсэн. Хүүхэд 16 нас хүрэхээр цахим хаяг өгнө. Түүнээс наана хэрэглэх боломжгүй байдаг. Энэ бол техник технологийн шийдэл.-Тэгвэл хөдөө орон нутаг, хот суурин газрын хаана нь илүү хүүхдийн эсрэг гэмт хэрэг гардаг вэ?-Алслагдмал газруудад хүүхдийн хэргүүд харьцангуй бага. Гэхдээ үйлдэгдэж байгаа хэргийн арга нь илүү хортой буюу хүнд гэмт хэрэг гардаг. Алслагдсан газар нутагт хүүхдийн эсрэг гэмт хэргийг хурцадсан хойно нь л мэдээд байгаа. Түүнээс өмнөх шатанд мэддэг, түүнтэй ажилладаг дэд бүтцээ хөгжүүлэхийн тулд ядаж л сумдууд дээрээ хүүхдийн ажилтантай холбох ёстой.-Сүүлийн үед цагдаа, хууль хүчний байгууллагынха өөрсдөө хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэх тохиолдол их гарч байна. Тэгвэл үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх юм бэ?-Эрэн сурвалжилж байгаа хүүхдийн мэдээллийг ил зарлаж байна. Тэгээд олдсоных нь дараа тэр хүүхэд хаагуур явсныг ч мөн олон нийтэд мэдээлчихдэг. Тухайн хүүхэд цаашдаа сургууль, орчиндоо амьдрахад хүндрэлтэй нөхцөлд оруулдаг. Энэ бол хүүхдийн эрхийг зөрч байгаа үйлдэл.Мөрдөгч, прокурор, шүүгчдийн ажлын үнэлэмжид хүний эрхийн шалгуур үзүүлэлтийг ажил үүргийн үзүүлэлтэд оруулахгүй бол энэ асуудал шийдэгдэхгүй. Намайг сард дөрвөн хэрэг шийдэх ёстой гэсэн норомтой байсан. Одоо ч тийм байгаа байх.-Ярилцсанд баярлалаа.