Нүүрсний хулгайн мөнгөө угааж барилгын салбарыг унагахаар шийдэв үү
Арваадхан жилийн өмнө дотоодын цементийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь Монгол Улсын “мөрөөдөл” байв. Гэтэл үйлдвэрүүд бойжиж, хөл дээрээ зогсон, хэрэглэгчид ч дотоодын бүтээгдэхүүний чанарыг таньж эхэлсэн энэ үед импортын цементийн татварыг 5% болгон бууруулах шийдвэр гаргаж байгаа нь “Монголд үйлдвэрлэл эрхлээд хэрэггүй юм биш үү” гэсэн эргэлзээ төрүүлж байна. Зөвхөн цементийн үйлдвэрлэл эрхлэгчид жилд 200 гаруй сая ам.долларын валютын урсгалыг эх орондоо үлдээж, 13,000 орчим хүнийг тогтвортой ажлын байраар хангаж байгааг бодолцох хэрэгтэй.
Монгол Улсын Засгийн газар дотоодын үйлдвэрүүд хангалттай хэмжээний нөөц бүрдүүлээгүй, үүнээс үүдэн үнийн хөөргөдөл үүсэхээс сэргийлж импортын цементийн татварыг 5% болгон бууруулж байна хэмээн мэдэгдсэн. Гэтэл бодит байдал дээр МАК цемент ХХК, Монцемент ХХК, Хөтөл Цемент шохой ХК гэх мэт томоохон үйлдвэрүүдэд нийт 800 мянга орчим тонн цементийн нөөц бэлэн байна. Энэ нь Монгол улсын 4 сарын хэрэглээний нөөц гэсэн үг юм. Энэ хугацаанд үйлдвэрүүд хэвийн ажиллаад явахад ямар ч нөөцийн хомсдол үүсэхгүй байхаар байна.
Түүнчлэн Монгол улс жилд 2 сая.тн цемент хэрэглэдэг бол дотоодын 7 цементийн үйлдвэр жилдээ нийт 4.5 сая.тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Өөрөөр хэлбэл нийт хэрэглээ 2 дахин өссөн ч зэх зээлээ чанартай цементээр хангах бүрэн чадамжтай гэсэн үг.
Мөн одоогийн байдлаар цементийн үнэ нэмэгдэнэ гэсэн зах зээлийн судалгаа байхгүй, тийм нөхцөл ч үүсээгүй. Зах зээлийн зарчмаараа бол бүтээгдэхүүний нийлүүлэлт эрэлтээ гүйцэж чадахгүй болсон тохиолдолд үнэ өсөх нөхцөл бүрддэг. Ийм атал Засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг цуглуулчхаад дотоодын үйлдвэрүүдэд хангалттай хэмжээний нөөц байхгүй гэх худал мэдэгдэл хийж, импортын дэмжиж, үйлдвэрлэгчдийг хорлох алхам хийж байгаа нь Монгол улсад үйлдвэрлэл хөгжихийг дэмжихгүй байгаа мэт үйлдэл боллоо.
Тэгэхээр Засгийн газрын үнийн хөөргөдлөөс сэргийлнэ гэсэн “бөөрөнхий” үгний цаана ашиг сонирхол байж мэдэхээр байгааг бид тунгаан бодож, асуудалд бодитоор хандах нь зүй. Нэг талаараа сонгууль хаяанд ирсэн энэ үед ард түмэнд хямд бүтээгдэхүүн санал болгон тал засаж байна гэж харж болохоор байгаа юм. Гэхдээ үнэгүй зүйл зөвхөн хулганы хавханд л байдаг гэдэг шиг хямд цементийн цаана ард иргэдийн аюулгүй байдал, хөрөнгө мөнгө, эрүүл мэндийн асуудал хөндөгдөнө гэдгийг мартаж болохгүй юм. Монгол Улсад импортын цементийн чанарыг шалгах гаалийн хяналтын лаборатори ч байхгүй учраас стандартын шаардлага хангаагүй, хадгалалт, тээвэрлэлтийн горим мөрдөгдсөн эсэх нь үл мэдэгдэх бүтээгдэхүүн ямар ч хараа хяналтгүй орж ирэх нөхцөлийг Засгийн газар өөрөө бүрдүүлж өглөө.
Цемент бол барилгын талх гэгддэг бүтээгдэхүүн, үүнээс тухайн барилгын чанар шууд хамаардаг. Мөн барилгын компаниудын зардал, өртөг нэмэгдэх ч сөрөг талтай.
Учир нь чанар муутай цементийн бэхжих хугацаа уртсаж, бат бэхийн үзүүлэлт буурдаг. Ийм цементээр зуурмаг хийх нь барилгын бусад түүхий эдийн орц найрлагыг нэмэгдүүлж, бүтээлийг бууруулж, үйл ажиллагааны зардал нэмэгдэх шалтгаан болдог. Барилгын салбарынхан үүнийг ч мэдэж чанарыг эрхэмлэн дотоодын үйлдвэрлэгчдээ дэмждэг. Харин бодлоггүй засгийн газар үүнийг тооцсонгүй магадгүй үүний цаана авилга, мөнгө угаалт, сонгууль угтсан хуурамч тал засалт л нуугдаж байж болох юм.