Баянзүрх дүүрэгт МАН-аас Б.Энхбаяр, Ж.Чинбүрэн нарын долоо, АН-аас Ц.Жадамбаа, сэтгүүлч Ж.Баттуул, Ж.Батзандан нарын зургаан хүн нэр дэвшихээр горилж байна

0

1965 онд байгуулагдсан нийслэлийн хамгийн том дүүрэг болох Баянзүрхэд улс төрийн гол хүчин болох МАН, АН-аас болон бусад намаас хэн, хэн нэр дэвшихээр горилж байна вэ. Тус дүүрэг нь хамгийн олон улсын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зах худалдааны төв, цэргийн ангитай. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб ажилладаг.

-ШИНЭ НАМ БАЙГУУЛЖ ГАРСАН Ж.БАТЗАНДАН БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ АН-ААС ДАХИН НЭР ДЭВШИХЭЭР ГОРИЛЖ БАЙНА-

Тэгвэл тус дүүрэгт Ардчилсан намаас Ц.Жадамбаа, М.Тулгат, Г.Болормаа, Г.Ууганцэцэг, Ж.Баттуул нарын хүмүүс нэр дэвшихээр горилж байна. Ц.Жадамбаагийн хувьд Ардчилсан намын 15 дэд даргын нэг бөгөөд тус намын чөлөөт эдийн засаг, бизнесийн орчин, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбар хариуцан ажилладаг. Хуульч, мэдээллийн технологи, бодлого төлөвлөлтийн инженер мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, Инженерийн шинжлэх ухааны магистр зэрэгтэй. Н.Алтанхуягийн Засгийн газрын  үед буюу 2012-2016 онд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга , агентлагийн дарга хийж байгаад 2018 оноос хувийн бизнесээ хөөж “ШинэСэгэ Мед” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 2020 онд Ардчилсан намаас Дорноговь аймагт нэр дэвшээд ялагдсан.

Харин М.Тулгат нь НИТХ-д Баянзүрхийг төлөөлдөг төлөөлөгч, Ардчилсан намын дэд даргын ажилтай. Киотогийн их сургуульд эдийн засгийн ухааны бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. “Хишиг арвин Индастриал” ХХК групп ерөнхий менежер, дэд захирлаар ажиллаж байгаад 2016 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна. Найман жил НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан тэрбээр энэ удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр горилжээ.

Харин Г.Болормаа нь эрх зүйч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга, Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газрын дарга Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалыг хашиж байсан. Одоо Ерөнхийлөгч асан Х.Баттулгын МоАХ фракцид харьяалагддаг байна.

Харин Г.Ууганцэцэгийн хувьд хүний их эмч мэргэжилтэй, анагаах ухааны доктор цолтой сүүлийн үед нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр гарц, гаргалгааг ярьж байгаа бол Ж.Баттуул нь сэтгүүлч бөгөөд тэрээр Х.Баттулгын эзэмшлийн С1 телевизид ажиллаж байсан сүүлийн үед Цензургүй багт ажиллаж буй. Түүнээс гадна ШИНЭ намын үүсгэн байгуулсан Ж.Батзандан АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж магадгүй мэдээлэл байна. Ж.Батзандан нь Баянзүрх дүүргээс хоёр удаа сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм.

-БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Н.БАЯРМӨНХ НАРЫН ДОЛОО ХҮН МАН-ААС НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ-

Ардчилсан намаас эдгээр хүмүүс нэр дэвшихээ илэрхийлж намдаа хүсэлтээ илэрхийлсэн бол МАН-аас одоогийн УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, ХНХ-ын сайд, Х.Булгантуяа,  УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан, Засаг дарга Н.Баярмөнх, Б.Мөнхбаатар, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан Л.Нинжжамц нар дэвшихээр горилж байна.

Харьцангуй танигдсан дүрүүдээс доорх хоёрыг онцлоход Б.Мөнхбаатар нь уул, уурхайн ашиглалтын инженер, эрхзүйч мэргэжилтэй. Эрдэнэс Монгол ХХК, Мон Бийф Катл, ХХК, Хариуцлагатай нүүдэлчин хоршооны тэргүүнээр ажиллаж байна. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болохуйц “Treelings” төслийг санаачлан мод тарих, ургуулах, хянах оролцогч талуудыг холбон бүртгэлжүүлэх ажлыг технологийн шийдэлд тулгуурлан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Л.Нинжжамц нь хууль зүйн ухааны магистр, Гадаадын орнуудад олон нийттэй харилцах чиглэлээр сурч төгссөн, Монголын хэвлэл мэдээллийн салбарт 20 жил ажилласан туршлагатай. 1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор, 1998-2006, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 2009-2010 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2010-2011 онд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, 2011-2016 оны зургаадугаар сар хүртэл “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгч, МҮОНРТ-ийн захирлаар ажиллаж байсан одоо УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж, МАН-ын эмэгтэйчүүдийн холбооны гишүүний сонгуульт ажилтай аж.

Эх Эх сурвалж:isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *