Таван сар үргэлжлэх импортын цементийн татварыг бууруулсан шийдвэрийн дүнд хэрэглэгч 1 тн тутамд 70-80 мянган төгрөг хэмнэнэ
Улс төрийн нөхцөл байдлыг эвгүйтүүлэх шахсан хоёр ч шийдвэрээр Засгийн газар энэ сарыг эхлүүллээ. Тодруулбал, импортын гурилын татварыг тэглэж, цементийн 20 хувь байсан импортын татварыг таван хувь болгох шийдвэр энэ сарын 1-нээс хэрэгжиж эхлэв. Гурилын асуудал хэл ам, хэрүүл тэмцэл дагуулсан ч саяхнаас намжсан. Гэтэл үргэлжлүүлэн цементийн татвартай холбоотой шийдвэр олон нийтийн дунд төдийгүй үндэсний үйлдвэрлэгч нарын дунд багагүй хэлэлцүүлэг өрнүүлээд байна. Эл асуудалд хоёр өнцөг яригдаж байна. Ингэхдээ үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бус эрсдэлд оруулж байна гэх агуулгын нөгөө талд зах зээлд өрсөлдөөнийг бий болгож, үнэ хөөрөгдөхөөс сэргийлнэ гэх асуудал ч хөндөгдөж байна.
Уг шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан барилгын салбарт үнэ бууруулах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбон тайлбарлаж байв. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт “Барилгын салбарт үнийн хөөргөдөл үүсэх эрсдэлтэй гэж Засгийн газрын зүгээс үзэж байна. Барилгын компаниуд үнэ хөөрөгдөхгүй байх чиглэлд анхаарал хандуулж, яриа хэлэлцээр хийх үүрэг чиглэлийг мөн Ерөнхий сайд өгч байгаа юм. Цаашдаа барилгын салбарт үнэ бууруулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс импортын цементийн татварыг бууруулах тогтоолыг хэлэлцэж, баталлаа” гэсэн.
Өнгөрсөн хугацаанд бид дотооддоо үйлдвэрүүдтэй болсныхоо ач гавьяаг хүртэж байсан шигээ нийлүүлэлтийн уршгаас цемент “царайчилж” байсан үе ч тохиож байв. Энэ мэтээр эрэлт, нийлүүлэлтийн харьцаа алдагдсаны араас үнийн өсөлтийн асуудал ч өндрийг авсан жишээ 2022 онд гарсан. ШӨХТГ-аас шалгалт хийхэд, тухайн онд цементийн үйлдвэрүүд үнээ 20-30 хувиар өсгөсөн нь нийгмийн голлох сэдэв болсон. Тухайн үедээ үйлдвэрлэгчид зээлийн хүү, цалин, цахилгааны үнэ нэмэгдсэн шалтгааныг ШӨХТГ-т хэлж байжээ. Харин Шадар сайд “ААН-үүд дотоодын хэрэгцээг хангана гэж Хөгжлийн банкнаас урт хугацааны зээл авч, үйлдвэрлэлээ байгуулсан хэрнээ үндэслэлгүй, зохиомлоор үнэ хөөрөгддөг асуудал байж болохгүй” гэх үгээ үйлдвэрлэгч нарт хаяглаж байв. Зарим хүмүүс “Монгол Улс үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ирсэн ч импортод нь хэт өндөр “босго” тавьснаас БНХАУ-аас манай улсад ойролцоо байрлах цементийн үйлдвэрүүд ч үйл ажиллагаагаа зогсоосон” гэж ярьдаг.
Цементийн импортын татварыг бууруулах эл шийдвэрийн үр дүнд ямар нөлөөлөл гарах вэ. Эцсийн дүндээ цементийн үйлдвэрүүдээ татаж унагаах гээд байна уу аль эсвэл хэрэглэгч нарт сонголт бий болгож, зах зээлийг нь чөлөөлөх гээд байна уу гэх мэт энэ сэдвийн хүрээнд эргэлдэж буй олон асуултад хариулт олохыг хичээе.
-ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТ: 50 кг-тай дотоодын цементийн үнэ 2023 онд 21 мянган төгрөгт хүрч байжээ-
Дотоодод үйл ажиллагаа явуулж буй “Эрэл” цементийн үйлдвэр, “Цемент шохой” ХХК, “Монцемент Билдинг материалс” ХХК, “Мөнхийн баян гал” ХХК, “Мак Цемент” ХХК нарын долоон үйлдвэр бий. Гэвч дотоодын цементийн үнэ /нэг бүр нь 50 кг/ 2021-2023 оны хооронд дараах үзүүлэлтийг үзүүлжээ. Үүнээс харахад, дөрвөн жилийн хугацаанд нэг бүр нь 3-7 мянган төгрөгийн өөрчлөлт үзүүлж байжээ.
Тэгвэл эдийн засгийн засагчдын зүгээс өөр өөр байр суурийг илэрхийлж байна. Эдийн засагч Г.Батзоригийн хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна гэдгийг зөв ойлгож, импортод хэт их хаалт тавьж болохгүй гэдгийг хэлж байв. Энэ шийдвэрээс иргэд хожно гэдгийг ч тэрбээр дурдсан.
-Импортын татвараа өндөр тавьчхаад дотооддоо хүссэн хэмжээ, үнээрээ үйлдвэрлэхийг ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЖ БАЙНА гэж ярьж болохгүй-
Эдийн засагч Г.Батзориг “Эдийн засгийн онол талаасаа харвал, импортын цементийн татварт хөнгөлөлт үзүүлж байгаа нь барилгын өртөг талд өрсөлдөөнийг нэмэгдүүлснээр эцэстээ хэрэглэгч хожно. Мөн үл хөдлөхийн үнийг голлон бүрдүүлдэг хүчин зүйлсийн дотор багтдаг барилгын материал дотроо цемент нь нэлээдгүй хувийг эзэлдэг. Энэ үүднээс харвал барилгын өртөг талдаа нэлээн өөрчлөлт үр дүн харагдах болов уу гэж харж байна. Олон цемент үйлдвэрлэгч гарч ирнэ гэдэг нь өрсөлдөөн ширүүн болно. Мэдээж өрсөлдөөнд тэсэж үлдэхийн тулд бүхий л үйлдвэрүүд тодорхой хэмжээнд өөрсдийнхөө үйл ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд төвлөрөхөөс өөр аргагүй болно.
Эл асуудал дээр үндэсний үйлдвэрлэгч нарын асуудал сөхөгдөж байна. Гэхдээ татвараа өндөр тавьчхаад дотооддоо ямар ч хамаагүй үнээр үйлдвэрлээд түүнийгээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна гэж ярих нь өрөөсгөл. Тухайн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нь дотоодынхоо хэрэгцээг хангаж чаддаг, шаардлагад нь нийцсэн, хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцсэн байвал эдгээр ААН-үүддээ татварын хөнгөлөлт үзүүлэх гэх мэт арга замаар бүтээгдэхүүнийг нь улам сайжруулахад дэмжлэг үзүүлж болно. Өөрөөр хэлбэл, төрийн зүгээс тухайн бүтээгдэхүүн дээр бий болгож байгаа эко систем дээр нь дэмжлэг үзүүлэх замаар үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, томруулна уу гэхээс гаднын цементийн нийлүүлэлтийг татварын замаар зогсоочхоод дотоодын үйлдвэрлэл нь хүссэн хэмжээ, чанараараа үйлдвэрлээд байж болохгүй” гэлээ.
-Барилгын салбарын бизнесийн идэвхжил эхлэх үеэр дотоодын үйлдвэрлэгч нараа татаж унагаах шийдвэр гаргаж байгаа нь хор уршиг дагуулна-
Харин эдийн засагч Б.Лакшмигийн хувьд урин дулааны улирал эхэлж, бизнес нь “хөлөө олох” цагаар ийм шийдвэр гаргасан нь дотоодын үйлдвэрлэгч нараа бодоогүй алхам гэдгийг онцолж байв.
Эдийн засагч Б.Лакшми “Цементийн татварыг бууруулж байгаа нь гаднын эх үүсвэрээс хямд цемент оруулж ирэх бодлого гэж харж байна. Гэхдээ дотоодын үйлдвэрлэгч нарт халтай. Эцсийн дүндээ хэрэглэгч нар өөрсдөө үнээр нь л шийднэ шүү дээ. Хэрэв хэрэглэгчдийн дунд явсаар импортын цемент нь хямд, дотоодынх үнэтэй гэдэг байдлаар худалдаж авахаас больчихвол энэ нь дотоодын үйлдвэрлэгч нарын өрсөлдөх чадварыг алдагдуулж, шинэ ажлын байр бий болгох, үйлдвэрлэлд нэмэлт хөрөнгө оруулалт хийж өргөжүүлэх тал дээр эрсдэл бий болно гэж харж байна.
Ийнхүү татварын арга замаар гаднын цементийг оруулж ирээд байвал дотоодын үйлдвэрлэлүүдээ татаж унагаана. Улмаар дампууруулах эрсдэлд оруулна. Хэрэв дотоодын цемент үйлдвэрлэгчид нь дампуурвал бид гаднын зах зээлээс хараат болно гэсэн үг. Мөн үйлдвэрүүдэд цомхотгол хийгдвэл нийгэмд ажилгүйчүүдийн эгнээ нэмэгдэнэ. Одоо бол барилгын салбарт бизнесийн идэвхжил эхлэх үе. Гэтэл ийм үед нь импортын татвартай холбоотой шийдвэр гаргаж байгаа нь хор уршигтай л гэж харж байна.
-Цементийн үйлдвэрүүд өндөр дүнтэй ам.долларын зээлээ төлж дөнгөж дуусаад үнээ бууруулах гэж байтал ЗГ-аас ийм шийдвэр гаргачихлаа-
Импортын цементийн татварыг бууруулсан энэ үйлдлийг Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос “Барилгын үйлдвэрлэлд хэрэглэгдэх цемент, арматур, хавтгай шил зэрэг үндсэн нэр төрлийн материалыг эх орны эрдэс, түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэх замаар импортыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ” гэсэн төрийн бодлогоосоо эрх баригч нам амлалтаасаа ухарсан шийдвэр” хэмээн үзэж буй талаарх мэдэгдлийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлжээ.
Энэ талаар тус ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Цэрмаа ярихдаа “Засгийн газраас гаргасан импортын цементийн татвартай холбоотой шийдвэрийг манай холбоо болон гишүүн байгууллагууд санал нийлэхгүй байгаа. Дотоодын цементийн үйлдвэрүүд нь 2012 оны Засгийн газрын барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих 171-р хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан. Гэтэл эдгээр үйлдвэрүүд өндөр дүнтэй долларын зээл авчихсан. Үүнийгээ өнгөрсөн жил төлж дуусгасан. Үйлдвэрүүд энэ жилээс үнээ буулгаад жигдрээд явах гэж байхад нь Засгийн газар ийм шийдвэр гаргалаа.
Цементийн үнийг учиргүй ихээр нэмээгүй. Өндөр үнэтэй байна гэх шүүмжлэл дотоодын үйлдвэрлэгч нар дээр ирдэг. Гэхдээ аливаа нэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигдэртлээ 5-6 жилийн хугацааг шаарддаг. 2012 оноос өмнө 2 сая шахуу тонн цементийг гаднаас авч байсан. Тухайн үед байгаагаа л бид хэрэглэж байсан. Манай дотоодын үйлдвэрүүдийн цементийн чанар үнэхээр сайн” гэв.
-ДҮР ЗУРАГ: Улирал нь эхэлсэн ч худалдан авалт нь жигдрээгүй байна-
Барилгын материалын худалдаатай зэрэгцэн саарал үнс агаарт бужигначихсан мэт орчинд төмөр замын чингэлгүүд эгнэн зогссон байх. Бид үргэлжлүүлэн одоогийн нөхцөл байдалд борлуулалт болон үнэ ханшийн талаар сурвалжилахаар 44 барилгын материалын зах дээр ирсэн нь энэ. Үүдээр орсон даруйд цемент худалдан авах иргэдийн хөл хөдөлгөөн тааруу байгаа нь илт. Бүтээн байгуулалтын улирал эхэлсэн ч хараахан жигдэрч амжаагүй байна.
-ИРГЭН: Өрсөлдөөн байхгүй бол “эзэд” л томорно шүү дээ-
Харин цементийн татвартай холбоотой шийдвэрийн талаар худалдан авагчийн байр суурийг тодруулахад “Иргэнийхээ хувьд Засгийн газраас гаргаж буй энэ шийдвэрийг зөв гэж харж байна. Зах зээл нь өрсөлдөөнтэй байж тэнд сонголт ч бий болно. Сая л гэхэд, гурилын импортын татвартай холбоотой асуудал яригдах үеэр хэр монопольжсон болохыг харж болохоор байсан. Гэтэл шийдвэр гарсны дараахан гурилын үнэ буураад л ирлээ шүү дээ. Хэрэв өрсөлдөөн байхгүй бол “эзэд” л томорно шүү дээ. Яг хэрэгцээ гарахаар тасалдсан байхгүй гээд үнээ нэмээд байдаг. Би хэрэгцээтэй үедээ л цемент худалдан авдаг. Үнэ өнгөрсөн жилийнхээс буусан харагдаж байна” гэж байлаа.
Юун түрүүнд бид цементийн үнэ ханш болон түүний өсөлт, бууралтын талаар зарим худалдаа эрхлэгчдээс сонссон юм. Засгийн газраас гаргасан шийдвэр хэдийнээ тэдний чихэнд ирсэн байлаа. Тиймээс ч тэд өөрсдийн байр суурийг илэрхийлж байв.
-Сарын өмнө 1 тонн цемент 360 мянга байсан. Одоо 20-30 мянгаар буураад байна-
Худалдаа эрхлэгч Н: Монгол цемент нэг тонн нь 330-340 мянга хооронд байна. Худалдан авалт тааруухан байна. Сарын өмнө 360 мянга хавьцаа байсан. Засгийн газрын шийдвэрийг харсан. Хэрэв Хятад цементийн нийлүүлэлт нэмэгдвэл дотоодынх ч дагаад буурах байх” гэв.
-Мөнгөн урсгалаа вальют болгож алдахаас илүүтэй монгол цементээ дотооддоо хямд үнээр борлуулах ямар арга зам байна вэ гэдгийг эрэлхийлэх нь хэрэгтэй-
Худалдаа эрхлэгч Э.Сольхүү: Мак-ын цемент нэг тонн нь 340 мянга, нэг уут нь 17 мянгаар борлуулагдаж байгаа. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад үнэ буурсан. Иргэн хүн өөрийн хэрэгцээндээ тохируулаад хямдхан цементийг авахыг эрмэлзэх байх. Төр засгийн бодлогыг сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ энэ шийдвэрээр монголчуудын мөнгө гадаад руу валют болж урсана л гэсэн үг шүү дээ. Үүний оронд улсаас дотоодын үйлдвэрлэгч нараа уян хатан нөхцөлөөр дэмжиж, яавал монгол цементээ хямдхан үнээр худалдаалах боломжтой байна вэ гэдгийг үйлдвэрүүдтэйгээ ярилцаж, зөв шийдэл гаргах хэрэгтэй. Үйлдвэрлэгч нар чинь зээл аваад л хөдөлж байгаа шүү дээ. Энэ дотоодын үйлдвэрлэгч нар чинь маш олон ажлын байрыг бий болгож байгаа. Жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай МАК л гэхэд хэчнээн олон хүнийг ажлын байраар хангаж байгаа бол. Гаалийн татварыг бууруулж байна гэх нэрийн дор монголчуудын мөнгөн урсгалыг валют болгож гадагш хөрөнгө оруулалт хийх гээд байна шүү дээ.
-ХОЖОО: Импортын цемент дээр тонн тутамд 30-40 мянган төгрөгийн хэмнэлт бий болно-
Худалдаа эрхлэгчдийн хувьд импортын цементүүд ачигдаж эхэлсэн талаар хэлж байв. Ингэхдээ одоогийн байдлаар монгол цементүүд 1 тонн нь 330-340 мянган төгрөг байгаа бол Хятад цемент 280-290 мянга орчим төгрөг байна. Харин импортын татварыг 5 хувь болгосноор Хятад цемент 250-260 орчим мянган төгрөг болно гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байна. Ингэснээр нэг тонн тутамдаа 30-40 мянга харин уутаараа 3-4 мянган төгрөгийн хэмнэлт бий болох боломжтой гэж байв. Өөрөөр хэлбэл, жижиглэнгээр цемент худалдан авч буй иргэд авсан хэмжээгээрээ тодорхой хэмнэлтийг бий болгох боломжтой гэсэн үг аж.
Харин энэ шийдвэртэй холбогдуулан бид бодлогын түвшинд юуг мэдэх шаардлагатай вэ. БХБЯ-ны Барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзоригоос цөөн асуултад хариулт авлаа.
-БХБЯ: Импортоор ихэнхдээ шуудайтай цемент орж ирдэг тул ЗГ-аас гаргасан шийдвэрийн үр дүн илүү иргэд рүү чиглэнэ-
-Засгийн газраас импортын цементийн татварыг бууруулах шийдвэр гаргасан. Импортын болон дотоодод үйлдвэрлэж буй цементийн үйлдвэрлэл, эрэлт нийлүүлэлтийн харьцаа ямархуу байдаг вэ?
-2022 онд нийт 53 мянган тонн цемент импортоор орж ирсэн бол 2024 онд энэ дүн 255 мянган тонн болж өссөн байдаг. Цементийн импорт, үйлдвэрлэлийн харьцаа нь жил жилд өөр байдаг. Жишээлбэл, 2021 онд импортоор цемент аваагүй. Тухайн үед хил хаалттай байснаас дотооддоо хэрэгцээгээ бүрэн хангаж байсан. Өнгөрсөн жилийн байдлыг харахад, нийт хэрэглээний 15 орчим хувь нь импортоор орж ирсэн байгаа юм. Дотооддоо 2 сая тонн цемент үйлдвэрлэсэн бол импортоор 255 мянган тонн цемент авсан. Жил ирэх тусам бүтээн байгуулалтын ажил өсөж байгаа. Үүнтэй зэрэгцээд гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох цементийн хэрэгцээ дагаад өсдөг. Жишээлбэл, 2017 онд гэхэд нэг сая тонн цементийн хэрэглээтэй л байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар 2.3 сая тонн цементийн хэрэглээтэй болж өсөж байгаа.
-Энэ шийдвэрт хугацаа тавиагүй юм уу?
–Импортын цементийн татварыг 5 хувь болгож бууруулах ажил ирэх аравдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Эл салбарт гэнэт эрэлт үүсэж, үнэ савлах эрсдэл үүсдэг. Хоёр жилийн өмнө ч ийм нөхцөл байдал бий болж байсан. Энэ нь чөлөөт зах зээлийг бий болгоход чиглэсэн шийдвэр.
-Үйлдвэрлэгч нарын зүгээс төмөр замын нөхцөл байдалд хүндрэл ачаалал бий болох юм биш үү гэсэн асуудлыг ярьж байна лээ. Энэ чиглэлд ямар зохицуулалт хийгдэхээр байгаа вэ?
-Дөрөвдүгээр сарын 17-нд манай яамнаас Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийсэн. Дотоодын үйлдвэрүүдийн түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлтийн асуудлыг онцгой анхаарч өгөхийг хүссэн. Үүний дагуу Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэл гарч, ЗТХ-ийн сайдад чиглэл өгсөн. Энэ хүрээнд дотоодын үйлдвэрлэлүүдээ дэмжих, үйл ажиллагааг нь зохицуулах чиглэлд ажиллаж байгаа. Нөгөө талдаа зах зээлд үүсэж болох эрсдэлээс сэргийлж байгаа.
Импортоор ихэвчлэн шуудайтай цемент орж ирдэг. Задгай цементийг ихэвчлэн томоохон узелүүд, бетон үйлдвэрлэлийн үйлдвэрүүд худалдан авдаг. Нийт үйлдвэрлэлийн 80-85 хувийг задгай цемент эзэлдэг. Шуудайтай цемент нь зах зээлийн 20 орчим хувьд л нөлөөлж байгаа. Тэгэхээр импортын татварыг таван хувь болгосон шийдвэрийн хүрээнд дотоодын үйлдвэрүүдэд үнээ бууруулах, нийлүүлэлтээ нэмэгдүүлэх ажлууд хийгдэх болов уу гэж харж байна.
-Засгийн газраас гаргасан шийдвэрийн үр дүн хэрхэн бууна гэж харж байгаа вэ?
-Одоогийн байдлаар импортоор 48 мянган тонн цемент орж ирээд байна. Энэ нь хэвийн байна гэж харагдахаар байна.
Үйлдвэрлэгч нарт их дарамт ирэхээс илүүтэй жижиглэнгээр шуудайтай цемент худалдан авч байгаа иргэнд очих дарамт буурна гэж харж байгаа. Шуудайтай цементийг ихэвчлэн иргэд худалдан авч, хэрэгцээндээ ашигладаг. Томоохон ААН байгууллагууд маань дотоодын үйлдвэрлэгч нараасаа задгай цементийг авч их барилгадаа ашиглана.
-ҮЙЛДВЭРЛЭГЧ: Дотоодын үйлдвэрлэгч нараа татаж унагаах эрсдэлтэй алхам-
Харин зарим үйлдвэрлэгч нарын төлөөллөөс нэг кг цемент босох өртөг болон зээлийн нөхцөл байдлын талаар тодруулахад хариулт өгөхөөс татгалзсан юм. Харин Мөнхийн Баян гал ХХК-ийн зүгээс Засгийн газрын шийдвэрийг ямар тооцоо, судалгаанд үндэслэж гаргасан бэ гэдэгт эргэлзэж байгаагаа хэлж байлаа. Түүнчлэн импортын цементийн чанарын асуудалд анхаарах ёстойг онцолж байв.
Мөнхийн Баян гал ХХК: Нэг талдаа дотоодын үйлдвэрлэгч нараа татаж унагаах эрсдэлтэй алхам. Нөгөөтээгүүр манай улс урд хөршөөс орж ирж байгаа цементэд хяналт тавих ёстой. Гэхдээ түүнд хяналт тавих хэмжээний хүчин чадалтай лаборатори байхгүйгээс боломж нь байхгүй. Өөрөөр хэлбэл, импортоор орж байгаа цементүүд нь ямар ч хяналтгүйгээр зөвхөн гарал үүслийн бичигтэйгээр орж ирж байгаа. Үүнээс харахад, барилгын чанар стандартад нөлөөлөхүйц цемент орж ирж болзошгүй нөхцөл байдал үүсчхэж байгаа юм. Нөгөө талдаа хөндөх асуудал бол төмөр зам. Төмөр зам одоогийн нөхцөлд ямар ачаалалтай байгаа билээ. Гэтэл цементийн импорт нэмэгдэхэд төмөр замын ачаалал нэмэгдэх байх. Энэ асуудлаа судалж үзэж байж шийдвэрээ гаргасан болов уу гэж бодох юм. Манай цемент 295 мянган төгрөгөөр зарагдаж байгаа. Үнэ буурч байгаа. Өрсөлдөөнийхөө зарчмаар л үнэ буурч байгаа шүү дээ.
Асуудал аль талдаа байгааг шүүн тунгаахад эрт ч гэлээ одоогоор дотоодынхоо монопол байдлыг задалж, үнийн хөөргөдлөөс сэргийлэх ёстойг төр засгийн зүгээс ч, зарим иргэд ч хэлж байна. Харин дотоодын үйлдвэрлэгч нар эл шийдвэрт стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн гэдэг утгаараа гарч болох эрсдэлээ тооцсонгүй хэмээн шүүмжлэлтэй хандсаар. Ямартай ч аравдугаар сарын 1 хүртэл хэрэгжих татварын хөнгөлөлт хэнд хожоотой вэ гэдэг нь тун удахгүй харагдаж, мэдрэгдэх биз ээ…
Эх сурвалж: Ubn.mn