ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа нар Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн холбооны 2024 оны ээлжит хуралд оролцлоо
Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбоо /GANHRI/-ны жил тутмын чуулга уулзалт 2024 оны 05 дугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд Женев хотноо боллоо.
Тус хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа нар оролцлоо.
2024 оны ээлжит Чуулга хурлын хүрээнд тус холбооны Ерөнхий ассамблей хуралдаж, дотоод удирдлага зохион байгуулалт, Товчооны шийдвэр, жилийн тайлан, төлөвлөлт, тухайлсан сэдвээр байгуулсан Ажлын хэсгүүдийн үйл ажиллагаа зэргийг хэлэлцэж, баталгаажуулсан юм.
Улмаар “Бизнес ба хүний эрх” бага хурлыг зохион байгуулагдсан бөгөөд тус хурлаар НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдлага зарчмуудыг хэрэгжүүлэх асуудал, бизнесийн үйл ажиллагааны улмаас хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөө үзүүлж буй асуудал, тэдгээрээс үүдэлтэй хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар чиглэлээр олон улс, бүс нутаг, үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй сайн туршлагын талаар хэлэлцэв.
Ташрамд дурдахад, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбоо нь хүний эрхийн үндэсний байгууллагуудад дэмжлэг үзүүлж бэхжүүлэх, тэдний дуу хоолой болох зорилгоор байгуулагдсан бөгөөд өдгөө 120 гаруй орныг эгнээндээ нэгтгээд байгаа юм.