Цаг уур, орчны шинжилгээний газарт хяналт шалгалт хийлээ
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Цаг уур, орчны шинжилгээний газрын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтын үеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал тус байгууллага нь батлагдсан орон тоогоор 77 ажилтан байхаас 6 хэлтэст 65 ажилтантай. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори, Нислэгийн цаг уурын төв гэсэн салбар байгууллага, аймаг, хотын ус цаг уур, орчны шинжилгээний 22 төвийг харьяалан үйл ажиллагаа явуулдаг.
Ус цаг уур орчны хяналт шинжилгээний салбарын хэмжээнд нийт ажилчдын 35.5 хувь нь эрэгтэй, 64.5 хувь нь эмэгтэй албан хаагч. Нийт 26 төсөв захирагчийн 38.5 хувь нь эрэгтэй, 61.5 хувь нь эмэгтэй байна гэдгийг танилцууллаа.
ХЭҮК нь тус хяналт шалгалтаар тухайн байгууллагад дотооддоо мөрдөж буй дүрэм, журам болон хүний нөөцтэй холбогдуулан гаргасан тушаал, шийдвэртэй танилцаж, шаардлагатай баримт материалыг хуулбарлан авч, дүрэм, журамд дүн шинжилгээ хийж, ажилтнуудтай ганцаарчилсан ярилцлага хийж, санал асуулгыг авч ажиллалаа.
Хяналт шалгалтын дүн эцэслэн гараагүй байгаа бөгөөд шалгалтын үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх болно.
Ташрамд дурдахад, ХЭҮК нь хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаас ангид байх эрхийн хэрэгжилтийн хүрээнд 2024 оны 01 дүгээр сараас хойших хугацаанд 478 гомдол, мэдээлэл хүлээн авч, 34 удаагийн хяналт шалгалтыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хяналт шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.