Ж.Төмөрсүх: Хоёр бамбарууш маань тэнхэрч, том болж байгаа учраас тавдугаар сарын сүүлчээр Хөвсгөлийн их тайгад тавина

0

Баавгайн бамбарууш, бугын илий зэрэг зэрлэг амьтны үр төлийг сайхан сэтгэлт хүмүүс олж, тэжээн онд оруулаад байгальд нь буцаан тавих явдал элбэг тохиолддог болсон. Тухайлбал эхээсээ төөрсөн бугын илийг Өвөрхангай аймгийн нэгэн сайхан сэтгэлт эмэгтэй олж тэжээн Борхүү хэмээн нэрлэж, хүн бүр өхөөрддөг байсныг мэдэж байгаа биз ээ. Мөн Гэмшил бор, Номхон бор, Догшин хар гэх гурван бамбаруушыг Хөвсгөлийн тайгын байгаль хамгаалагчид олж, онд оруулаад зэрлэг байгальд нь буцаан тавьж байсан түүхийг энд эргэн сануулья.

Тэгвэл энэ удаа Булган аймгийн Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилчид малчдын олсон хоёр нялх бамбаруушыг тэжээн онд оруулсан ба Дондог, Дулам гэж нэрлэсэн байдаг. Улмаар онд орсон Дондог, Дулам хоёрыг Хөвсгөлийн байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх гуай өнгөрсөн гуравдугаар сард өөр дээрээ авч тэжээн, тун удахгүй Хөвсгөлийн хөвч тайгад тавих гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэд одоо Borya, Pepe гэх нэртэй болжээ. Тэгвэл бид энэхүү хоёр бамбаруушыг тэжээн өсгөж буй байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй холбогдож, хоёр бамбаруушыг хэрхэн тэжээж байгаа болон одоо хэр том болсон талаар мөн зэрлэг байгальд нь хэрхэн тавих талаарх олон зүйлийг асууж ярилцлаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FIsee.mn%2Fvideos%2F823335512974702%2F&show_text=false&width=317&t=0

-Булган аймгийн Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газраас олдсон хоёр баавгайн бамбарууш тан дээр очоод багагүй хугацаа өнгөрлөө. Одоогоор наана чинь хэр идээшиж байна вэ?

-Булган аймгийн Сэлэнгэ суман дахь Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазтай газрын хамт олон өнгөрсөн оны дөрөвдүгээр сард түймрээс дайжсан гэмээр хоёр өнчин бамбаруушыг нутгийн уулнаас малчид олж, хэл хүргээд хамгаалалтын ажилчид тэжээж онд оруулсан юм. Хүнд багаасаа хэтэрхий ойр байсан учраас ойрхон тавибал суурин газар орж ирж магадгүй гээд байгаль орчны яамнаас их тайга руу тавих хэрэгтэй гэсэн тул баавгайн эх орон буюу Хөвсгөлийн тайгад аваачиж тавихаар энэ оны гуравдугаар сарын 20-ны үеэр улаан тайгын тусгай хамгаалалттай газар буюу өмнө жил гурван бамбаруушаа тэжээж байсан газарт авчирсан. Авч ирэхэд нэлээд жижиг, давжаадуу, туранхай байсан. Байгальд тавихын тулд гол нь тарган, тэвээрэг сайтай байх ёстой учраас энд хоёр сар гаруй тэжээж нэлээд таргалуулсан. Одоо ямартай ч тайгадаа очсон ч үе тэнгийн нөхдүүдтэйгээ хүч үзэхэд дор нь орчихгүй байх. Тэр бэлтгэлийг нь л бид базааж өгч байна гэсэн үг. Одоо энэ хоёр бамбаруушийг Их тайгын хувь заяа л хүлээж байгаа. Зэрлэг байгальд дасан зохицох, амиа хамгаалах, зугтаах ямар л арга байдаг юм тэр бүгдийг өөрсдөө олж авах ёстой.

-Таны хувьд өмнө нь гурван бамбарууш тэжээж байгаад байгальд нь тавьсан шүү дээ. Энэ удаагийн хоёр бамбарууш тэр гурван бамбаруушнаас юугаараа ялгаатай байна?

-Гэмшил бор, Номхон бор, Догшин хар гээд гурван өөр газраас ирсэн бамбарууш байсан. Тэр гурав бол бүтэн жил ээжтэйгээ явж байгаад аравдугаар сард өнчирч үлдсэн бамбаруушнууд. Харин энэ хоёр бамбаруушны хувьд юу ч мэдэхгүй байхдаа эхээсээ өнчрөөд хүний гар дээр ирсэн хоёр бамбарууш. Тиймээс тэр баавгайнуудыг бодвол уураг сүүгээ уугаагүйгээс болоод ч юм уу арай жаахан туранхай жижиг байсан. Энэ хоёрыг тайгад тавихын тулд нэлээн том, хүч чадалтай болгох шаардлага байгаа. Биеийн байдлыг нь харьцуулаад үзвэл өмнөх гурван баавгай нь данхар толгойтой, богино дугуй чихтэй байсан бол энэ хоёр бамбарууш соотон, 15 см орчим урт чихтэй, нарийн хошуу, жижиг толгойтой, зэргэрдүү өндөр хөлтэй байгаа юм. Өөр газраас ирсэн болохоор өөр өөрийн удам генээрээ ялгайтай байгаа.

-Хоёр бамбарууш нь алим, жимсэнд нэлээд дуртай харагдсан. Ер нь хоол тэжээлд юу өгч байна. Зардал мөнгийг нь хэрхэн зохицуулж байна вэ?

-Өмнө нь баавгайн бамбарууш тэжээж байхад иддэг байсан жимс, ногоо, мах, өндөг, чихэрлэг юманд энэ хоёр ч бас дуртай байгаа. Өмнөх бамбаруушнуудаас нэг өөр юм нь банананд дургүй. Өөх, төмсөнд дуртай. Хэдэн аялагч залуус бамбаруушнуудыг үзээд туслах сонирхлоор хандив цуглуулсан. Хоёр цагийн дотор 12 сая төгрөг цуглаад хоол тэжээлд хандивласан байгаа. Одоо бол энэ хоёр баавгай тэр хүмүүсийн буянд биднээс илүү л юм идэж байна даа.

Хамгийн багаар бодоход миний бодлоор энэ хоёр баавгай 80 кг-аас дээш байгаа. Тэр залуус баавгайг өмчилж нэр өгье гээд, мөн зургийг нь зурж дуудлага худалдаагаар зараад богино хугацаанд хоолны мөнгө цуглуулаад нааш нь шилжүүлсэн.

-Хоёр бамбаруушинд цаашид ямар арга хэмжээ авах вэ? Мэдээж зэрлэг байгалийн амьтныг хүний гар дээр байлгаад байж болохгүй байх. Хэдийгээр зэрлэг байгальд тавих төлөвтэй байна. Мөн хаана тавих вэ?

-Байгалийн амьтныг торонд хийгээд байх нь нэг их сайн зүйл биш. Байгалийн амьтан бол байгалинйхаа хувь заяагаар амьдрах ёстой. Тэр нь ч өөрт нь аз жаргал байдаг. Магадгүй эрсдэлтэй зүйл тохиолдохыг үгүйсгэхгүй. Тэр орчин руу нь явуулна. Ингэхдээ баавгайн эх орон буюу Хөвсгөлийн хусын тайгад тавина. Тэр тайга руу тавдугаар сарын сүүлээр нисдэг тэргээр тээвэрлэж аваачна. Тайгад аваачаад камер болон тодорхой хэмжээний идэш тэжээл өгч, сансрын хүзүүвч зүүгээд хаана явааг нь тандах байдлаар ажиглахаар бэлтгэж байгаа. Тйиш нь тээвэрлэх зардлыг байгаль орчны яамнаас бүрэн шийдэж өгнө гэсэн.

-Хоёр бамбарууш хүнд нэлээн дасчихсан байгаа шүү дээ. Зэрлэг байгальд тавихад эргээд хүн дээр ирэх хэр магадлалтай вэ?

-Энэ хоёр баавгайг багад нь бариад гараар угжиж тэжээсэн учраас хүнд нэлээд дассан. Өмнөх гурван баавгай хүн очиход л урдаас шууд дайрдаг байсан бол энэ хоёр баавгайн хувьд тэднээс өөр. Дөлгөөн зантай байдал ажиглагдаад байгаа. Бид энд авчирсан цагаас хойш аль болох хүнээс хол байлгаж, гар хүрэхгүй байгаа. Энэ нь нэгдүгээрт хүнээс хол байлгах, хүнээс айдаг байлгах санаа. Нөгөө талаар энэ хоёр баавгай эндээс 100 гаруй км зайтай их тайга руу явна. Ямар ч зам харгуй байхгүй, 100 гаруй км-ийн цаана тавина. Тэр тавих газар нь мориор бол 4 дөрөв хоног яваад хүрэх газар. Тийм учраас энэ баавгайнууд дахин Дархадын хотгор руу гарч ирэх магадлал маш бага. Бараг байхгүй. Хэрвээ ямар нэгэн хүчирхэг баавгай таараад айж, зугтвал цааш Оросын нутаг руу юм уу, Хөвсгөлийн баруун зүүн хоёр тайга руу явна. Нааш ирэх боломжгүй.

-Энэ хоёр бамбарууш хэдэн сартай вэ. Мөн таны ажигласнаар ямархуу зан ааштай бамбаруушууд байх шиг байна?

-Энэ хоёр одоо 15 сартай. Бага дээрээ хүнд ойр байснаас ч юм уу нэг эхээс төрсөн учраас хоорондоо муудалцаад байдаггүй. Бас хүн рүү айхтар дайраад байхгүй. Өмнөх гурван бамбарууш бол хүн харах л юм бол хялайж харж байгаад үсрээд дайрдаг байсан.

-Энэ хоёр баавгайны хувьд бүтэн жилийн хугацаанд хүний гар дээрээс хооллоод амьдарчихсан. Тэгэхээр зэрлэг байгальд нь тавихад бие даан амьдрах, хоол тэжээлээ олж идэх тал дээр ямар нэгэн асуудал тулгарах болов уу?

-Дэлхий дэлэгнэж, шим тэжээлтэй өвс ургамал хамгийн их гарч байгаа энэ улиралд л баавгайнуудыг зэрлэг байгальд нь тавина. Энэ үед ямар ч зэрлэг амьтан хүний гар дээрээс өгсөн зүйл гэхээсээ илүү байгаль дээр байгаа зүйлийг өөрсдөө олж идэх сонирхолтой байдаг. Мал гэхэд л хүний тавьж өгсөн ямар ч өвс тэжээлийг идэхгүй. Учир нь зэрлэг байгаль дахь ургамлыг ямар ч өвс тэжээл шим шүлтээрээ гүйцэхгүй. Торонд байгаа учраас л аргагүйн эрхэнд хүний гар дээрээс идээд байгаа болохоос биш байгалиас зэрлэг ургамал түүж идэх л сонирхолтой байгаа.

-Хоёр бамбарууш одоо ямар байр байдалтай байгаа вэ?

-Одоогоор торондоо байгаа. Торонд нь оруулж хоол тэжээлийг нь тавьж өгдөг. Торноосоо гаргавал хүн рүү дайрах магадлалтай. Мөн бидэнд дахиж баригдахгүй байх. Зэрлэг амьтан гэдэг бол хэзээ нэгэн цагт хэн нэгэнд зэрлэг зан араншингаа гаргахад бэлэн байдаг. Тийм учраас маш хянуур, болгоомжтой байх хэрэгтэй.

-Ярилцсан танд баярлалаа.

Эх сурвалж: isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *