Н.УНДРАХ: ХУУЛЬ БУС МОД, УРГАМАЛ БОЛОН АН АМЬТАН, ТЭДГЭЭРИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ЗҮЙЛИЙГ ТЭЭВЭРЛЭХ ГЭМТ ХЭРЭГ ИХ ГАРЧ БАЙНА

0

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байгаа талаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахтай ярилцлаа.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг ихээхэн бүртгэгдэж байгаа нь анхаарал татаж байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг  ямар төрлийн гэмт хэргүүд ихэвчлэн бүртгэгдэж байна вэ?

Хүрээлэн байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас дагнан шалгаж, харьяа нутаг дэвсгэрийн прокурорын газраас хяналт тавин ажилладаг.

Баруун болон төвийн аймгуудаас Улаанбаатар хот руу ордог Эмээлт, Баруун туруун, 22-ын товчоогоор хууль бусаар бэлтгэсэн мод, самар, хууль бусаар агнасан нэн ховор болон ховор ан амьтны түүхий эд, эрхтнийг тээвэрлэж нэвтрүүлсэн гэмт хэрэг, зөрчилд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байна.

Он гарснаас хойш Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг хэд бүртгэгдэн шалгагдаж байна вэ?

2024 оны 4 дүгээр сарын байдлаар Экологийн цагдаагийн албанд Хүрээлэн буй орчинтой холбоотой 600 гаруй гомдол, мэдээлэл шалгагдсан байна.

Үүнээс Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 20, орон нутгийн хэмжээнд 180 гаруй хэрэг бүртгэгдсэн байна.

Эрүүгийн хуульд байгаль орчныг бохирдуулах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, хууль бусаар мод бэлтгэх зэрэг 10 төрлийн гэмт хэргийг Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт хамааруулан хуульчилсан  байдаг.

Мөн химийн хорт аюултай бодис, аюултай, хортой хог хаягдал, цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бусаар олж авах, хадгалах, тээвэрлэх зэрэг нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцогддог.

Иргэд хууль зүйн мэдлэг, мэдээлэлгүйгээс болж хуулиар хориглосон, хязгаарласан бүтээгдэхүүн, эд зүйлийг тээвэрлэн авч явснаар гэмт хэрэгт холбогдож, хуулийн хариуцлага хүлээх тохиолдол цөөнгүй гарч байна.

Тухайлбал, химийн хорт аюултай бодис, аюултай хог хаягдал болох аккумлятор, автомашины нүүрсэн яндан, Сэлика гель, хууль бусаар олборлосон вольфрам, алт, жонш зэргийг их хэмжээгээр зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж авч явсан хэд хэдэн тохиолдол гарсан.

Үүнээс гадна гарал үүсэл тодорхойгүй мод, мал, мах, мал эмнэлгийн гэрчилгээгүй малын гаралтай түүхий эд, янгир, бөхөнгийн эвэр, бугын эд эрхтэн, хойлог шувуу гэм мэт нэн ховор ан амьтны эд эрхтэн, зөвшөөрөлгүйгээр агнасан загас, зэрлэг гахай, зээрийн мах, булга, үнэг, ятуу, хярс, бор туулай, тэдгээрийн арьс, түүхий эд зэргийг тээвэрлэх тохиолдол их гарч байна.

Хууль бусаар ан агнах, мод бэлтгэх хэчнээн хэрэгт хяналт тавьж ажилласан бэ?

Тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьсан Хууль бусаар ан агнах гэмт хэрэг 2018 онд 8, 2019 онд 10, 2020 онд 5, 2021 онд 4, 2022 онд 3 байсан бол 2023 онд 12 болж өссөн.  2023 онд  Нэн ховор амьтны жагсаалтад орсон  цоохор ирвэс, хүрэн баавгай агнасан, зөвшөөрөлгүй загас барьсан, тарвага агнасан гэх мэт хэргүүд бүртгэгдсэн.

Мөн зохих зөвшөөрөлгүйгээр загас тээвэрлэж явсан 18, тарвага тээвэрлэж явсан 132 тохиолдол бүртгэгдэж шалгагдсан. Хууль бусаар тээвэрлэж явсан 600 орчим загас, 300 гаруй тарвагыг хураан авч, зохих журмын дагуу шийдвэрлэсэн.

Хууль бусаар мод тээвэрлэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 2024 он гарснаас хойш 30 бүртгэгдсэн. Эдгээрийн дийлэнх нь Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгаас хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн хэргүүд байна.

Харин 2019-2021 онд бүртгэгдээгүй бол 2018 онд 1, 2022 онд 1, 2023 онд 4 тохиолдол бүртгэгдэж, шалгагдсан.

Байгалийн ургамал хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн хяналт, шийдвэрлэлтийн талаар?

Тус дүүргийн прокурорын газраас Эмээлт, Баруун туруун, 22-ын товчоогоор хууль бусаар түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн хуш модны самар, бусад ургамлыг нэвтрүүлсэн 2019, 2020 онд тус бүр 1, 2022 онд 2, 2023 онд 10 гэмт хэрэгт хяналт тавьж ажилласан.

Иргэд мод бэлтгэх, тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ авдаггүй, эсхүл гэрчилгээний хугацаагаа хэтрүүлдэг, он сарыг нь засварладаг зэргээс болж гэмт хэрэг, зөрчилд холбогддог.

Мөн хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр, хориглосон үед түүж бэлтгэн, тээвэрлэх, худалдан авах зэрэг нь хууль бус болохыг мэдэхгүйгээс болж хуулийн хариуцлага хүлээж байна.

Тиймээс энэ төрлийн худалдаа, үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа иргэд холбогдох хууль тогтоомжийг сайтар судалж, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

Хамгийн гол нь байгаль орчин, ургамал, ан амьтнаа хайрлаж, хамгаалах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн бүрийн журамт үүрэг гэдгийг ойлгож, ухамсарлах нь чухал юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *