Уулчдыг 8000-8500 метрийн хооронд осолдсон гэж дүгнэжээ

0

Эверестэд авирсан монгол уулчид сураггүй болоод дөрөв хонож байна. Өчигдрийн байдлаар эрлийн ажиллагаа амжилтгүй байгааг Непалиас мэдээллээ. Хамгийн сүүлд тавдугаар сарын 12-ны 19:30 цагийн орчимд холбоо тогтоосон байдаг. Түүнээс хойш сураггүй болсноор эрэн хайх ажиллагааг шуурхай эхлүүлсэн билээ. Гэвч цаг агаарын хүндрэлийн улмаас эрэн хайх ажиллагааг зогсоожээ. Уулчин Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар 8848.86 метрийн өндөртэй Эверест рүү авирахаар дөрөвдүгээр сарын 5-нд эх орноосоо мордсон.

Тэд явахаасаа өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр монгол уулчид анх удаа нэмэлт хүчилтөрөгч гүй, хөтөчгүйгээр авирах гэж байгаагаа мэдэгдэж байв. Гэвч эрүүл мэндийн шалтгааны улмаас Д.Отгонхүү авиралтаа зогсоож үндсэн отог дээрээ үлдэж, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар үргэлжлүүлсэн юм байна.

Энэ тухай Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Гангаамаа “Өнөөдөр (өчигдөр) “8К” компанийн захирал Пембатай 11:32 цагт холбогдсон. Мөн үдээс хойш ч холбогдож мэдээлэл авлаа. “Шерпа нар салхины хүч буухыг хүлээгээд, дөрөвдүгээр кемп дээр байна. Эрлийн ажлыг түр зогсоосон. Энэ сарын 18-наас салхины хүч бууна. Өнөөдөр орой, маргаашнаас байдлыг харж байгаад цааш авах арга хэмжээгээ шийднэ. Тэгээд мэдэгдье” гэсэн. Эрэл бүр зогсоогүй. Түр зогссон. Ер нь бол 8000-8500 метрийн хооронд л хоёр уулчин маань осолдсон гэсэн дүгнэлт одоогоор гаргаад байгаа бололтой. Ямар ч хачир дүгнэлтгүйгээр ирсэн мэдээг хүргэлээ. Хүлээж байя” гэж мэдээлэв.

Тавдугаар сарын 10-нд хоёр уулчин үндсэн баазаас хөдөлж, хоёрдугаар бааз руу хүрчээ. Тэд тавдугаар сарын 11ний шөнө гуравдугаар баазад амарч, маргааш нь дөрөвдүгээр бааз руу урагшилж, оройн 19:00 цагаас эхлэн оргилд гарах оролдлогоо эхлүүлсэн аж.

Уулчдыг эрэн хайх ажиллагааны багийнхан “Эверестийн хамгийн өндөрт байрлах дөрөвдүгээр баазаас дээш нэмэлт хүчилтөрөгч, шерпа дэмжлэггүйгээр авирч байсан Монголын хоёр уулчин хамгийн сүүлд ням гаригийн 19:30 цагт баазтай радио холбоо барьсан байна. Ингэхдээ “Маргааш өглөө оргилд гарахаар төлөвлөж байна” гэж мэдээлээд сураггүй болсон байдаг. Уулчид Recco радарын цацруулагч зүүх үүрэгтэй байдаг ч энэ төхөөрөмж нь Эверестийн дээд энгэр газруудад явган хайлт хийхэд ашиглах боломжгүй байдаг аж. 

Мөн 4 дүгээр бааз нь нисдэг тэрэгний өндрийн хязгаараас хол давсан тул агаарын хайлт хийх боломжгүй бөгөөд Монголын уулчид GPSд суурилсан хяналтын систем авч явсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Уулчид сураггүй болсонтой холбоотойгоор ар гэрийнхэн таван хүн Непальд өчигдөр очжээ. Тэд “8К” компанитай болон эрэн хайх ажиллагааны багийнхантай уулзаж, нөхцөл байдлын талаарх мэдээллийг авсан гэнэ. 

Уулчдыг эсэн мэнд олох найдвар багассаар байгааг мэргэжлийн хүмүүс онцолсоор байгаа юм. Олон улсын мэдээллийн зарим хэрэгслүүдээр “Монголын уулчин Цэдэндамбын Өсөхжаргал, Лхагважавын Пүрэвсүрэн нар алга болоод 84 цаг болж байна. Миний санаж байгаагаар тэр өндөрт нэг ч уулчин ийм удаан амьд үлдэж чадаагүй. Тиймээс тэднийг амьдаар нь олбол тэр нь гайхамшиг байх болно” гэж мэдээлж байгаа аж.

Эверест орчимд сүүлийн өдрүүдэд цаг агаар хүндрэлтэй байсаар иржээ. Өнгөрсөн бямба гаригт шерпагийн баг оргилд гарах замыг нээснээс хойш Эверестийн оргилыг олон тооны уулчин зорьсон байна. Гэвч 13-наас эхлэн нөхцөл байдал эрс муудаж, ууланд маш хүчтэй салхи шуурч тавьж эхэлжээ. Уулчид байгаа гэж таамаглаж буй дөрөвдүгээр бааз орчмыг үхлийн бүс гэж нэрлэдэг аж. Энэ хэсэг нь 8000 метрээс дээш өндөрт байрладаг т ул хүчилтөрөгчийн түвшин хэт бага, нэмэлт х үчилтөрөгчгүйгээр амьдрах боломжгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна.

Д.Отгонхүү, Ц.Өсөх жаргал, Л.Пүрэвсүрэн нар “Хүннү хайкинг” клубт харьяалалтай. Олон жилийн туршлагатай уулчид. Ц.Өсөхжаргалын хувьд 51 настай, уулын спортоор олон жил хичээллэсэн. Л.Пүрэвсүрэн 31 настай. Увс аймгийн харьяат юм байна. Л.Пүрэвсүрэнгийн багш болон найз нөхөдтэй нь холбогдоход “Эсэн мэнд хүрээд ирэхийг л хүлээж байна. Сайхан мэдээ дуулдаасай” гэсэн юм.

Түүнчлэн Л.Пүрэвсү рэнтэй хамт Увс аймаг дахь Хархираан уулсын оргил Мөстөд хамт авирч байсан уулчин “Л.Пүрэвсүрэн бол ясны уулчин залуу. Ямар ч зүйлд ажрахгүй эр. Сайхан мэдээ дуулахыг хүлээж байна” гэв. Мөн мэргэжлийн уулчид “Сүүлийн өдрүүдэд цаг агаар таагүй байгаа боловч найдлага тасрах болоогүй. Эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа. Бүх зүйл сайхан болно гэж итгэж байна” гэв.

Эх сурвалж: “Өдрийн сонин

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *